Цахим мөрий, спорт бэтийг ХОРИГЛОХ ҮНДЭСЛЭЛ: Өнөөдрийн зугаа маргаашийн амин зуулга болж хувирна

Х.Батсайхан
4 цаг 9 минутын өмнө

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу цахим мөрийтэй тоглоомыг бүрмөсөн хориглох тухай хуулийн төсөл энэ доллоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэнэ. Бооцоот тоглоом, спорт бэт буюу мөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүрмөсөн хориглох агуулга бүхий уг хуулийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Бооцоот тоглоомын бүх хэлбэрийг, спорт бэтийн агентуудыг хориглоно

Хуулийн төслийг Засгийн газраас санаачилж өнгөрсөн гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ

-1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20 дахь хэсэг нэмсүгэй: “20.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.”

-2 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

-3 дугаар зүйл. Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн гуравхан зүйл заалттай, товчхон төсөл орж ирсэн байдаг.

Хуулийг Байнгын хороогоор хэлэлцэгдэх үед УИХ-ын Тамгын газраас “Спорт бэт буюу бооцоот тааврыг хуулийн үйлчлэлээс хасах” санал гарсан бол Байнгын хорооны зарим гишүүн “Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийн тухай асуудал л байх ёстой. Хориглох заалт оруулах ёсгүй, хэрвээ хориглох бол тусад нь хууль боловсруулж оруулж ирэх ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн. 

Улмаар баасан гарагийн чуулганд эхний хувилбараараа буюу цахим мөрийтэй тоглоом, спорт бооцоог бүхэлд нь хориглох байдлаар орж ирсэн. Ингэхдээ спорт бооцооны тухайд, гаднын цахим сайтад хандаж мөрий тавьж байгаа хувь иргэнийг биш, монголчуудыг гаднын бооцооны сайтуудад бооцоо тавихад нь дэмжлэг үзүүлж байгаа агентуудыг хориглох агуулга түлхүү явж байгаа гэдгийг хууль санаачлагчид нь онцолж байгаа юм. 

Түүнчлэн, спорт бэтийн цахим сайтуудад нэвтэрч ороход тэдгээр сайтууд дотор цахим мөрийтэй тоглоомын сонголтууд байж байдаг нь спорт бэтийг хориглох нэг үндэслэл гэсэн санаа хэлэх гишүүд байсныг ч энд дурдах нь зүйтэй.

Уг нь Байнгын хороон дээр гарсан саналын дагуу тусад нь хууль боловсруулж ирэх нь илүү оновчтой ч нэгд, хууль нэгэнтээ боловсруулаад ороод ирчихсэн учир хойшлуулбал шинэ хууль батлагдтал спорт бэтээс гадна цахим мөрийтэй тогломыг ч зөвшөөрсөн мэт орон зай бий болно, хоёрт, яаралтай хэрэгжүүлэхгүй бол шинэ хууль боловсруулж батлах хугацаанд их хэмжээний мөнгөн урсгал гадагш гарсаар байна зэрэг үндэслэлээр эхний хувилбараараа буюу цахим мөрийтэй тоглоом, спорт бооцооны бүх төрлийг хориглох агуулгаараа УИХ-ын Чуулганаар хэлэлцэгдэж байна.  

 Өнөөдрийн мөчийн зугаа маргаашийн амь, амьдрал, амин зуулга болж хувирна

Мөрийтэй тоглоом бол Эрүүгийн хуульд анхнаасаа байсан, Монгол Улсад хориотой гэмт хэрэг. Одоо цахим, спорт бэт нэмэгдэж байгааг цаанаа валюттай холбоотой гэж харж байна. Валют бол өөрт байхгүй зүйлээ худалдаж авахад төлбөрийн хэрэгсэл болдог гол зүйл.

Монгол Улс жишээ нь, хэрэгцээт зүйлсээ гадаадаас худалдаж авдаг учир валютын хэрэгцээ асар өндөр. Сард 400 орчим сая ам.доларын импорт хийж байж одоо байгаа түвшиндээ амьдардаг. Монголбанкиндаа жил хүрэхгүй хугацаанд хэвийн амьдрах л нөццтэй гэсэн үг. Гэтэл ирэх жилээс бондын төлбөрүүд эхэлнэ. Экспортын орлого буурэх эрсдэл хэвээр байгаа. 

Асуудал буруу тийш эргэвэл валютын нөөцийн асуудал Монгол Улс оршин тогтнох уу үгүй гэдэгтэй холбоотой болж хувирна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт өөрсдөө чадах зүйл бараг л байхгүй учир валютгүй бол импортын эм хэрэглэдэг өвчтөнүүд бүгд үхнэ л гэсэн үг.

 Манай улс сүүлийн үед зайлшгүй хэрэгцээт эм, эмийн бүтээгдэхүүнээ БНСУ-ын үйлдвэрүүдээс авч байгааг хэрэглэдэг хүмүүс нь мэдэх байх. Тэгвэл яг тулсан үед БНСУ манайд нүүрсээр, төгрөгөөр эм зарахгүй нь ойлгомжтой.

Чухам ийм эрсдлүүд байгаа учраас төрөөс экспортыг нэмэгдүүлж аль болох их авлют оруулж ирэхээс гадна, валютын гадагш чиглэсэн урсгалыг хаахыг оролдож байгаагийн нэг илрэл нь спорт бооцоо, цахим мөрийтэй тоглоомд тавьж буй хориг гэж хэлж болно.

Цахим мөрийтэй тоглоом, спорт бэтээр 2020 онд 120 сая ам.доллар гадагшилж байсан бол 2024 онд 578 сая, 2025 оны эхний улиралд 87 сая ам.доллар гадагш гарчээ. Энэ бол Монголчууд бүтэн сар хагас хэвийн амьдрах мөнгө бөгөөд ач холбогдол өгөхгүй байхын аргагүй дүн юм.     

Ер нь бол улс орнууд валютын урсгалаа хаах ажлыг үе шаттайгаар хийгээд явдаг. Угаасаа бие даахад чиглэсэн бодлого нь импортыг бууруулах нөлөө үзүүлдэг. 

Хүний азартыг дарах зориулалттай үндэсний сугалаа, спортын бооцоо зэргийг хөгжүүлдэг, дотооддоо боловсролынхоо чанарт анхаарлъдаг, эрүүл мэндийн салбараа хөгжүүлдэг гэх мэт.

Манайх ингэж чадахгүй хүнд үетэй тулаад, шууд хориглохоор оруулж ирж байгаа нь ер нь бол учир дутагдалтай л асуудал. Гэхдээ нэгэнтээ асуудал иймдээ тулсан учир тав, арван ам.доллар ч бай авч үлдэхийг оролдохоос өөр аргагүй.

Гагцхүү энэ ажлаас болж бага шиг залуус хохироосой л гэж залбирах байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна