Т.Мөнхсайхан: IV эмнэлэг шаардлагуудаа хангаж байвал бид худалдан авалт хийнэ

С.Гандэлгэр
2025/05/26

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод удаж буй. Улмаар 2025 оны төсөвт Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлөөр IV эмнэлгийн  барилгыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17 тэрбумыг суулгаж, эхний санхүүжилтийг шийдсэн ч энэ ажил тодорхой шалтгаануудын улмаас удааширсан байдалтай байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

-Засгийн газраас Хөгжлийн банкны мэдэлд буй IV эмнэлгийн барилгыг лизингээр худалдан авах ажлыг энэ онд эхлүүлж, эхний санхүүжилтийг шийдсэн. Гэтэл гурван удаа тендер зарлахад Хөгжлийн банк ороогүй байна. Эндээс Хөгжлийн банк зээлээ авах үүргийнхээ дагуу ажиллахгүй байна гэж харагдаж байна?

-Хөгжлийн банкийг тендертээ оролцооч ээ гэх нь хуулиараа боломжгүй. Тендерийн үйл явцад оролцох нь хуульд нийцэхгүй.

-Эндээс төсөвт суусан 17 тэрбумаа алдах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол байна. Хөгжлийн банкны энэ эс үйлдэхүйг та хэрхэн харж байна вэ?

-Энэ одоо яригдаж байгаа. Тендер зарлачихсан байгаа. Тендерт ямар байгууллага орох уу, ямар үнээр оролцох ёстой юм гэдэг зүйл дээр оролцох нь хууль, эрхзүйн хувьд зөрчилтэй болчхоод байгаа юм.

Тийм учраас бид Хөгжлийн банк юм уу, бусад байгууллагууд маань энэ тендерт орж ирэх боломжийг хараад хүлээгээд байна.

Одоо 150 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан эмнэлэг учраас стандартын шаардлага хангачих байх.

Тендер зарлахад хавдрын эмнэлэг өргөтгөл хийхэд шаардагдах шаардлагуудыг хангаж чадаж байвал бид худалдан авалт хийнэ. Хангаж чадахгүй бол бид худалдан хийхгүй ээ л гэсэн үг.

-Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхгүй олон жил явж ирсэн. Жил бүр 5000-6000 хүн хавдрын улмаас нас барж байна. Одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Сүүлийн 10 жил байнгын оочир дугаар, ачаалал ихтэй явж ирлээ. Тийм учраас бид энэ ачааллыг бууруулах, ард иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, зардал чирэгдлийг багасгах зорилгоор арга хэмжээнүүд авч байгаа. Өмнө 7 аймагт тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол одоо бүх аймагт үзүүлдэг боллоо. 

Мөн Баянгол дүүрэг хавдрын төвтэй боллоо. Энэ мэтчилэн аймаг, дүүргийн түвшинд хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг боллоо. Эрдэнэтийн медипас эмнэлгийг хойд бүсэд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг болгож байна. 

Дээрээс нь одоо байгаа Хавдар судлалын үндэсний төвийнхөө барилга, байгууламжийг өргөтгөх барилгыг худалдаж авах төсвийг суулгасан. Үүнийгээ хуулийн дагуу явуулж байна. Ирэх жилээс ХСҮТ-II барилгын ажил эхэлнэ.

Энэ ашиглалтад орчихвол иргэдэд хүрэх тусламж үйлчилгээ сайжраад зогсохгүй олон улсын хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг явуулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.34.124
    2025/05/26

    зөв Хөгжлийн банк хурдан аваачээ

    Хариулах