-Сэлбэ дэд төв хэдийчинээ хурдан баригдана, гэр хорооллын барилгажилт төдийчинээ хурдасна-
Нийслэлийн анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт маргааш эхлэх гэж байна. Ач холбогдлыг нь ойлгож мэдэрсэн нийслэлийн иргэдийн хувьд энэ бол баярт өдөр юм. Нөгөө талаар, инженерийн болон нийгмийн дэд бүтэц барьж байгуулах ажил хэдийнэ эхэлж, боломжит хамгийн дээд хурдаар явагдан 6.7 км авто зам, цахилгаан холбооны 5.3 км шугам, дулаан хангамжийн 9.7 км шугам, ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, 3 гүүр, дулааны станц, мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг газар чөлөөлөлттэйгөө зэрэгцэн дуусгасан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Тодруулбал, маш хурдтай хэрэгжих төсөл бөгөөд маргааш 10063 айлын 113 блок орон сууцны барилгын ажил эхлэх юм.
Хурдан орон сууцанд орох иргэдийн хүсэл, дотоодын ААН-үүдийн эрх ашгийн эсрэгцэл
Монголчууд аливаа ажлын эхлэлд ач холбогдол өгдөг, тийм учраас хэл ам гаргахыг цээрлэдэг. Тийм ч учраас “Гараа сайн бол бариа сайн” гэх зэрэг олон зүйр үг гарсан байж таарна. Харамсалтай нь, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил тийм байсангүй.
Нээлттэй тендерт орж ялагдсан /Нийт 14 ААН өрсөлджээ/ дотоодын ААН-үүд “Багц ажлыг жижиглээд Монгол компаниуддаа хувааж өгч дэмжих ёстой” гэж марган, эсэргүүцэл зарлажээ.
Нийслэлээс дээрх барилгуудыг барих тендерийг хоёр багц болгон зарласан бөгөөд
Төр дотооддоо, өөрсдийнхөө мөнгөөр хэрэгжүүлэх гэж байгаа төсөлд дотоодын ААН-үүдээ дэмжих бодлого барих ёстой нь мэдээж. Гэхдээ Сэлбэ дэд төв гэр хорооллын барилгажилт, замын түгжрэл, хотын утаа гээд нийслэлчүүдийн тулгамдсан гол бэрхшээлийг шийдэх эхлэлийг тавина гэдгээрээ маш чухал төсөл. Сэлбэ дэд төвийг асар богино хугацаанд барьж байж л бусад төслийн талбайн газрыг чөлөөлж, барилгажуулах боломж бүрдэнэ.
Бүр тодорхой хэлбэл, дараа дараагийн төсөл хэрэгжих газрыг чөлөөлөхдөө айлуудыг нь Сэлбэ дэд төвд баригдах орон сууцнуудад оруулах юм. Өөрөөр хэлбэл, бусад төслүүдийн хэрэгжилтийг хангах түлхүүр болсон, огт удаашрах, гацах ёсгүй ажил юм.
Төслийн багцыг томруулж, чадавхи сайтай том ААН оруулж ирэх шийдэл гаргахдаа Нийслэлээс одоо хэрэгжүүлж буй гэр хорооллыг барилгажуулах төслүүдийн явцад үнэлгээ хийж, зохих дүгнэлтийг гаргасан юм байна.
Тодруулбал, Нийслэлээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 31 байршил, 88 хэсэгчилсэн талбайг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөө хэрэгжүүлж буй.
Дээрх хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр нийт 34 компани шалгарсан ч 2025 оны эхний хагас жилийн байдлаар 16 байршил, 38 хэсэгчилсэн талбайд 3464 нэгж талбарын л газар чөлөөлөлт хийгдсэн, хэрэгжилт 15 хувьтай байгаа аж. Дээрх компаниуд нийлээд нийт 20,822 айлын орон сууц л ашиглалтад оруулж, хэрэгжилт 20 хувьтай буюу төсөл удаашралтай байгаа ажээ.
Тиймээс энэ удаад нэмэлтээр гаднын ААН оролцох боломжийг хангаж, дотоодын ААН-үүд тэдэнтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн нээлттэй тендер зарласан аж. Манай дотоодын ААН-үүдийн хүчин чадал хязгаартай, боловсон хүний нөөц бололцоо зуны улиралд дутагдалтай байдаг. Тэгэхээр, гаднаас боловсон хүчин нэмж оруулж ирснээрээ дотоодын бусад бүтээн байгуулалт дээр боловсон хүчний дутагдал үүсэхгүй сайн талтай. Барилгын чанар, насжилт, аюулгүй байдалтай шууд холбоотой тул боловсон хүчний асуудал чухал билээ.
Харин дотоодын ААН-үүдийн тухайд, "Алтан үст охины үснээс арвижин гарах алт мөнгийг хийж хадгалах уут сав зөндөөн, зөндөөнийг бэлд" гэдэг шиг, Сэлбэ дэд төв үтэр түргэн ашиглалтад орсноор хэрэгжих боломжийг олох дараа, дараагийн төслүүдэд ул суурьтай орох бэлтгэлээ одооноос базаах л чухал болж байна. Захиалагч буюу төрийн цаана 2028 онд тайлангаа тавьж, ажлаа дүгнүүлэхээр яаравчилж буй эрх баригч нам байгаа гэдгийг мартаж болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна