Алтны үнэ ханш хэлбэлзсэн хэвээр ч тогтмол өндөр хэвээр байна. Шар металлын ханш геополитикийн нөхцөл байдалтай нягт холбоотой гэдэг утгаараа Украины дайн, АНУ-БНХАУ-ын харилцаа зэрэг түлхүүр асуудлуудад гарсан өөрчлөлтүүд үнэ ханшид нөлөөлж байгаа юм. АНУ зарим улсад тавьсан импортын татвараа хойшлуулсны дараа бага зэрэг бууж, Д.Трамп, В.Путин утсаар ярих сургаар 3142 хүртлээ буусан ч яриа хэлэлцээр бүтэлгүйтсэний дараа буюу энэ сарын 19-нөөс хойш бага, багаар өссөөр өнөөдөр 3299 ам.долларын ханштай байх жишээтэй.
АНУ-ын Шүүхээс Д.Трампын Мексик, Канад, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд тогтоосон гаалийн татварыг үндэсгүй гэж үзсэн шийдвэр өчигдөр гарсан. Энэ мэдээж, алтны ханшийг буулгах нөлөө үзүүлнэ. Гэтэл АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ээлжит хурал зургадугаар сарын 17-нд товлогдсон. Энэ хурлаас бодлогын хүүгээ багасгах, эсвэл өсгөхөөс шалтгаалж алтны үнэ ханшийг өсгөх, эсвэл буулгах асар том нөлөө гарна гэж хүлээгдэж байна. Гэсэн ч үндсэн асуудал буюу туйлуудын тэмцэл шийдэгдээгүй хэвээр тул 3000 ам.доллараас буух магадлал маш бага гэдгийг шинжээчид баталж байгаа юм. Тухайлбал, CME группын FedWatch алтны үнийн өөрчлөлт ямар ч тохиолдолд 5.6 хувиас хэтрэхгүй гэж таамагласан байна. Өөрөөр хэлбэл, алтны эрэлтийг өсгөх болон буулгах томоохон өөрчлөлт бараг гарахгүй гэж үзсэн байна. Ингээд алтны үнэ ханшийн өөрчлөлт хэрхэн өөрчлөгдөх талаар гурван төсөөллийг хүргэж байна.
Алтны үнэ тогтвортой байна
APMEX үнэт металлын зах зээлийн контент хариуцсан захирал Бретт Эллиоттын үзэж байгаагаар, алтны үнэ ханш сүүлийн саруудад олон улсыг хамарсан нөхцөл байдлын томхон өөрчлөлт бус, нөхцөл байдалтай холбоотойгоор болж буй үйл явдал, гарч буй мэдээллүүдэд хариу үйлдэл үзүүлэх маягаар өсөж, бууж байгаа” аж. Өөрөөр хэлбэл, томхон өөрчлөлт буюу туйлуудын тэмцэл нэг талдаа гарч, тогтвортой байдал амлаагүй учир үнэ бага зэргийн хэлбэлзэлтэй ч тогтмол өндөр байна гэдэг таамаг хэлж байгаа аж.
Алтны үнэ буурна
Дээр дурдсан АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурлаас бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргавал алтны үнийг буулгах нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэгэх магадлал маш бага гэдгийг шинжээчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа юм.
Түүнчлэн, “Худалдааны дайн” эв зүйгээр шийдэгдэж, АНУ тарифаа бууруулбал алтны үнэ буух боломжтой. Мөн л дээр дурдаад өнгөрсөн, АНУ-ын Олон улсын худалдааны шүүхээс гаргасан шийдвэр яг ийм нөлөөг дэмжинэ.
Гэхдээ буулаа, буулаа гэхэд тийм ч доошоо орохгүй. Учир нь, үйл явцын нэг өрнөлийг дагах бус, ард түмнийхээ өмнө улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах үүрэг хүлээж, асуудлыг том зургаар нь харж, эрсдлээ тооцох үүрэгтэй Төв банкууд алт худалдаж авсаар байгаа тул үнэ унаад, унаад шалихгүй гэжээ.
Алтны үнэ өснө
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ буулгавал алтны үнэ өснө. Хэрэв геополитикийн нөхцөл байдал хүндэрвэл хүссэн хүсээгүй алтны үнэ өснө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна