Жилд 30 сая тонн нүүрс экспортолж, гурван тэрбум ам.доллар олох хил дамнасан төмөр замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг үзэглэв

Zuv.mn
5 цаг 2 минутын өмнө

-Монгол-Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа- 

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.

Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Зам тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулан, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолыг хамтран зохион байгуулсан нь Монгол, Хятад хоёр улс 1955 оноос хойш 70 жилийн дараа 2 дахь боомтыг төмөр замаар холбох түүхэн үйл явдал болсон.

Тэгвэл өнөөдөр буюу 2025.06,09-ны өдөр Зам, тээврийн яаманд  “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарыг зурах ёслол боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төмөрзам, далайн тээвэр бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржав болон холбогдох албаныхан оролцлоо.

БНХАУ-ын талаас  Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лю Жинжи, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны нарийн бичгийн дарга Цао Юэ, Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп ХХК-ийн дэд ерөнхий менежер Ли Гуочян, Хятадын Төмөр замын барилгын гүүр инженеринг групп Интернэшнл ХХК-ийн ерөнхий менежер Шие Шяочэ нар оролцлоо.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь нийт 32,6 км урт, 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, үүнээс гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.

Дээрх 902 тэрбум төгрөг бүхий төсөвт өртөг нь уг төмөр замын нарийвчилсан зураг төслийг 2023 оноос боловсруулан 2024 оны төсвөөр тооцоолж гаргасан үр дүн тул өнөөгийн түлш шатахуун, цахилгаан, түүхий эд, материал, цалингийн өсөлт гэх мэт эдийн засгийн нөлөөлөөс шалтгаалан нэмэгдэхээр байгаа тул ажил гүйцэтгэх гэрээнд тодотгол хийж шинэчлэнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, түүний үр дүнд төмөр замын барилга, гүүрийн угсралтын чиглэлээр дэлхийд томд тооцогдох БНХАУ-ын 2 компани оролцсоноос “Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ /CRCC/ шалгарч, түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

          Гэхдээ Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил гүйцэтгэх тендерийн үнэ нь 848,8 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч компаниас бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд нэмэлт зардал гарах талаар мэдэгдэж, нийт 903,609,179,621 төгрөг буюу 1,882,519,124 юань болох талаар албан ёсоор ирүүлсэн тул дээрх асуудлыг судлан үзэж Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ийнхүү Бид өнөөдөр 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хамтдаа бодитоор эхлүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-иуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор Монгол, Хятад талаас хоёр талын гүүрний эхний шон суурийг өрөмдөж, барилгын ажлыг эхлүүлж байна.

Энэхүү төмөр замын төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад  хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болж, цаашид Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрнэ.

Зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаар 30,0 сая тонн ачаа экспортлоход одоогийн ханш (1 тонныг 100$)-аар 3 тэрбум ам.доллар, коксжих нүүрсний үнэ өсөх тохиолдолд үүнээс илүү экспорт хийх боломж бий болж, төмөр замын тээврээс 250-300 сая ам.доллар олох боломжтой болно.

Түүнчлэн энэ бүтээн байгуулалтын ажил дууссанаар хамгийн багадаа ДНБ 1000$-оор нэмэгдэнэ. Үүний дараагаар бусад боомтууд ээлж дараатайгаар холбогдсоноор мөн ийм хэмжээгээр экспорт нэмэгдэж орлого нэмэгдэнэ.

Мөн Монгол, Хятадын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа улам бүр гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна