-Алтны үнэ хоёр дахин өссөн ч тушаах алт нь Монголд алга-
Манай улсын орлогын эх үүсвэр болсон ашигт малтмалаас энэ жил хамгийн өөдрөг төсөөлөлтэй байгаа нь алт. Он гарснаас хойш тогтмол 3200 ам.доллараас дээш ханштай байгаа шар металл өнөөдрийн байдлаар 3380-3383 ам ам.долларт хэлбэлзэж, нүүрсний үнийн уналтаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бага ч гэсэн нөхөх найдлага төрүүлж буй. Харамсалтай нь, дэлхийн зах зээлийн үнэ хэдий өссөн ч тушаах алт нь манайд алга.
Монголбанкны тайлангаас үзвэл, олборлогчид өнгөрсөн хоёрдугаар сард 645.13, гуравдугаар сард 281.82 кг алт худалдаж авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин багассан үзүүлэлт болжээ. Бүтэн жилээр нь авч үзвэл, өнгөрсөн жил манай улс 16,457.04 кг алт худалдаж авч байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар дөнгөж 3,260.52 кг алт худалдаж аваад байна. Дулааны улиралд алт тушаалт нэмэгддэг ч хамгийн ихдээ буюу найм, есдүгээр сард хоёр тонн орчмыг л тушаадаг. Бусад саруудад 1-1.5 тонн байдаг гэхээр энэ жил яг одоогийн нөөц боломжоороо яаж ч хичээгээд өнгөрсөн жилийнхэд хүрэхгүй нь тодорхой болжээ.
Олон улсын нөхцөл байдал тогтворгүй болж, алтны үнэ өсөж байгааг Хамтарсан Засгийн газар гярхай ажиглаж, алт олборлолтыг нэмэгдүүлэхээр “Алт III” хөтөлбөрийг санаачилсан.
Практикаас харахад, манай улс Төв банкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх хоёр л аргыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд нэг нь АМНАТ-ийг багасгах, нөгөө нь ашиглалтын лиценз олголтыг идэвхжүүлж, олборлолтын хэмжээг өсгөх. Энэ хоёр аргын сүүлийнх нь мэдээж, хамгийн үр дүнтэй. "Алт III" хөтөлбөрийн гол зорилго чухам ийш чиглэж буй бөгөөд олноо “Урт нэртэй хууль” гэж нэршсэн хуулийн хүрээнд орж цуцлагдсан зарим ордуудыг хуулийн хатуу хяналтын дор эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал яригдаж буй.
Алтны шороон ордууд ихэвчэн голын гольдрил дагаж байрладаг, харин манай улс хуулийн хүрээнд ийм ордуудаа хааснаар алт тушаалт огцом багассан түүхтэй. Байгаль орчин мэдээж чухал, дээр нь ААН-үүд хариулцлагагүй, орон нутагт үлдэх өгөөж муу, алтны үнэ ханш ч сайнгүй байсан учраас Урт нэртэй хууль тухайн цаг үедээ шийдэл мөн байсан.
Харин одоо, олон улсын байдал ороо бусгаа, валютууд тогтворгүй энэ үед алтны нөөцөө нэмэгдүүлэх тал дээр бүх улс анхаарч, олборлолтоо өсгөж байна. Энэ чухал цаг үед бид байгаа нөөцөө ашиглаж, нөөцөө өсгөх нь импортоос хамааралтай, дотоодоосоо бүх хэрэгцээгээ хангах чадамжгүй цөвүүн цагт гэдсээ тэжээх, өвчнөө эмчлэх боломж юм.
Өнгөрсөн долоо хоногоос Израиль, Иран улсууд харилцан довтлолцож, нөхцөл байдал дахин хурцадсан. Тогтворгүй байдал, дайн тулаан алтны үнийг өсгөдөг.
Тиймээс “Алт III” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж, валютын нөөцөө өсгөх нь шинээр байгуулагдах Засгийн газрын хувь хамгийн түрүүнд барьж авч, үргэлжлүүлэх ажлын нэг болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна