“Үнсгэлжин”-гийн үлгэрийг амилуулсан ДАШТ-ий шигтгээ тэмдэглэл

Zuv.mn
5 цаг 45 минутын өмнө

“Улаанбаатар 2025” 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ өндөрлөж, спортын түүхийн нэгэн хуудас амжилттай эргэлээ. Аливаа том тэмцээн уралдаан томоохон үр дагаврыг үлдээдэг. Улаанбаатар 2025 ДАШТ-ий онцлох баримтуудыг хүргэж байна.

Битүү морьд цойлсон наадам

“Улаанбаатар 2025” ДАШТ-ийг юуны түрүүнд чансаа доогуур, таамагт байгаагүй багууд түрүүлж үзүүрлэн Үнсгэлжингийн үлгэрийг жинхэнэ утгаар нь амилуулсан ДАШТ гэж дурсах болно.

Эрэгтэйчүүдийн тэмцээнд Испани, Швейцарийн багууд алт, мөнгөн медаль хүртэж, улсынхаа түүхэнд ДАШТ-ий анхны медалийг авчирсан бол эмэгтэй төрөлд түрүүлж, үзүүрлэсэн Недерланд, Монголын баг яг адилхан байсан. Ялангуяа манай эмэгтэй багийн амжилтыг бүгд гайхан биширч, АНУ-ыг хожсон тоглолтыг FIBA албан ёсны youtube сувагтаа "Сагсан бөмбөгийн спортын түүхэнд гарсан хамгийн дуулиантай тоглолт мөн үү" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн юм.    


Мөн ДАШТ-ий зургаан медалийг зургаан өөр улс хүртсэн нь бас нэг онцлог байв.

ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн манай эмэгтэй багийн чансаа дээшилжээ

Том тэмцээний дараа тамирчид, багийн чансаа шинэчлэгддэг. Энэ дагуу нутагтаа болсон ДАШТ-д гайхалтай тоглож дэд аварга болцгоосон манай эмэгтэй шигшээ багийн FIBA 3x3 дэлхийн чансааны байр дээшилж, 655,558 оноогоор дэлхийд 10 дугаарт бичигдэж эхэллээ.

Дэлхийн аварга Недерланд БНХАУ-ыг гүйцэн чансааг тэргүүлж эхэлсэн бол хүрэл медальт Канадын баг наймдугаар байрт дэвшжээ.


Эрэгтэйчүүдийн тухайд, “Улаанбаатар 2025” ДАШТ-ий аварга Испанийн баг 2,728,635 оноогоор 11, дэд аварга Швейцарь 1,620,248 оноогоор 14 дүгээрт дэвшсэн гэхээр үнэхээр “битүү морьд” түрүүлж үзүүрлэжээ.

Хүрэл медаль дээр буусан Серб 11,982,471 оногоор дэлхийн чансааг хол тасархай тэргүүлсэн хэвээр байна.  

Б.Ариунцэцэг авсан оноогоор бүх эмэгтэй тоглогчдыг тэргүүлэв

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг ДАШТ-д найм тоглохдоо 44 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлллээ. Түүний нэг тоглолтод авдаг дундаж оноо 6.3 гарсан нь зарим тоглогчдынхоос бага байсан ч 3х3 сагсанбөмбөгт их оноо их авахыг л чухалчилдаг тул тэрбээр ийнхүү бүх эмэгтэй тоглогчдоо тэргүүлсэн юм.

О.Хулан, Б.Ариунцэцэг нар дэлхийн чансаанд дээгүүр бичигдлээ

ДАШТ-ий дэд аварга болж, шилдэг багуудыг хожсоноор манай тоглогчдын чансаа ч өсжээ. Яг одоо Монгол Улсын 3х3 шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт О.Хулан FIBA 3x3 дэлхийн чансаанд 123,394 оноогоор ес, Б.Ариунцэцэг 112,151 оноогоор 12 дугаарт бичигдэж байна.

Стив Сөр

Өчигдөр Канадын эмэгтэй баг Недерландыг ялж, аваргын төлөө өрсөлдсөн бол маш сонирхолтой тохиолдол болох байв. Учир нь манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Стив Сөр Канадын шигшээд тоглодог байсан бөгөөд улсынхаа хамгийн өндөр 3х3 чансаатай тамирчин, дэлхийн шилдэг холын зайн шидэгч нарын нэг гэж тооцогддог юм.


Хэдий Канад, Монголын эмэгтэй баг аваргын төлөө хоорондоо өрсөлдөж чадаагүй ч мөнгө, хүрэл медаль хүртэж, өндөр амжилт гаргасан юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна