Эх орондоо зохиогдсон ДАШТ-д амжилттай оролцож, олимпын төрлийн багийн спортоор анх удаа ДАШТ-ий медаль хүртсэн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нарт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгийг нь зүүж өгнө.
Эх орондоо, монголчуудынхаа өмнө түүхэн гавьяа байгуулж улсынхаа нэрийг дэлхийд дуурсгасан багийн тамирчдыг товч танилцуулж байна.
Мөнхсайханы Цэрэнлхам
1996 онд Баянхонгор аймагт төрсөн. Волейбол, ширээний теннис, усанд сэлэлт зэрэг олон спортоор багаасаа хичээллэсэн тэрбээр амжилт гаргах боломж илүү хэмээн сагсанбөмбөгийг сонгосон гэдэг.
“Токио 2020” олимпын наадамд оролцсон 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн гишүүн. 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн ахлагч.
Онолбаатарын Хулан
1999 онд Улаанбаатар хотод төрсөн. Биеийн өндөр 181 см. 2017-2018 оны улиралд Оюутны лигийн тэмцээнд амжилттай оролцсоноосоо хойш сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэжээ.
О.Хулан 3х3 төрлийн эмэгтэй тамирчдын дэлхийн чансаанд есдүгээр байрт бичигдэж буй. БНХАУ-ын эмэгтэй сагсанбөмбөгийн лигийн Ухань Зранес багтай гэрээ байгуулж, Монголын сагсанбөмбөгийн түүхэн дэхь анхны легионер эмэгтэй тоглоч болсон.
“Токио 2020” зуны олимпын наадмын нээлтэд жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаярын хамт тугчаар сонгогдож байв.
Бат-Эрдэнийн Ариунцэцэг
2001 оны 1-р сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа төрсөн ) – Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, "Отгонтэнгэр" их сургуулийн "Шилүүснүүд" багийн тамирчин. Биеийн өндөр 181 см, 70 кг жинтэй.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1-р дунд сургуулийн долдугаар ангид байхдаа М.Гансүх багшийн удирдлагад сагсанбөмбөгөөр хичээллэж эхэлсэн.
3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн хамт 2023 онд Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол хоёр жилийн дараа эх орондоо зохиогдсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, бүх эмэгтэй тоглогчдыг оноогоор тэргүүлсэн. Эмэгтэй тоглогчдын дэлхийн чансаанд 12 дугаар байрт жагсаж буй.
Нямжавын Нандинхүсэл
2007 онд Улаанбаатар хотод төрсөн. 177 см өндөр, 65 кг жинтэй. 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “Улаанбаатар Амазонс” клубын тамирчин. Өсвөр үеийн шигшээ багт 14 наснаасаа, “Улаанбаатар Амазонс” багт 16 настайгаасаа тогложээ.
2022 онд U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, энэ онд Улаанбаатар хотноо болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байна.
Тэрбээр МУГТ цол хүртсэнээр энэхүү нэр хүндтэй цолыг хамгийн залуудаа хүртсэн эмэгтэй тамирчин болж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна