Л.Оюун-Эрдэнийг залгамжлах, МАН-ын дараагийн дарга хэн байхыг БНХАУ-д шийдчихэв үү

Х.Батсайхан
3 цаг 12 минутын өмнө

МАН-ын дарга хэн болох нь Засгийн газрын хувь заяатай шууд холбоотой болох тухай / эндээс уншина уу https://zuv.mn/1b6e/, даргыг тодруулах МАН-ын Их хурал нам доторх залуу болон дунд, ахмад үеийнхний тэмцэл болж өрнөж магадгүй нюанс байгаа тухай / эндээс уншина уу https://zuv.mn/1b7r / асуудлыг бид өмнө нь хөндөж байсан билээ.

Тэгвэл энэ удаад эрх баригч намын Их хурлын тов өнөөдрийг хүртэл гараагүй байгаа нь ямар учиртай байж болох вэ, мөн удахгүй товлон зарлах магадлал өндөр болсон талаар хөндөж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар нэр цохсон МАН-ын Бага хурлын үеэр намын генсек Я.Содбаатар "Манай нам энэ ондоо багтааж, намын 31 дүгээр Их хурлаа зайлшгүй зохион байгуулна. Урьдчилсан байдлаар есдүгээр сард хийнэ гэж тооцож байна” гэж байсан билээ. Гэвч ихээхэн бэлтгэл ажил шаардлагатай, тэр хэрээрээ олон хоногийн өмнө зарлах хэрэгтэй болдог Их хурлын тов одоо болтол гараагүй л байна.

Хэвлэлүүд эхлээд МАН-ын Их хурлын талаар мэдээлэл бэлтгэхдээ “Есүгээр сард хуралдаж магадгүй байгаа...” гэж байсан бол одоо “Аравдугаар сард хуралдах магадлалтай байгаа” гэж нэг сараар хойшлуулан бичиж байна. 45 хоногийн өмнө товлох ёстойг бодолцвол одоо дахин арав хоног өнгөрөхөд л “Арваннэгдүгээр сард хуралдаж магадгүй байгаа” гэж бичнэ гэсэн үг.   

Гэхдээ тийм шаардлага гарахгүй байж ч мэдэхээр нэг анхаарал татсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотод болсон ШХАБ-ын удирдагчдын Дээд хэмжээний уулзалтад оролцохдоо намын үе, үеийн дарга нар болох М.Энхболд, С.Батболд нарыг авч явсан явдал байв.


Монголын хамгийн олон жилийн түүхтэй, асуудлаа шийдье гэхээсээ илүү батламжилж, албан ёсны болгох гэж л хуралддаг нам бол МАН. Өөрөөр хэлбэл, удирдлагын түвшинд нэг шийдвэр гарчихвал доод, доод шатандаа биелүүлээд явчихдаг гэсэн үг. Энэ утгаараа ерийн үед бол Ерөнхийлөгчөөс нэр цохогдож, Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг, Бага хурлаас хүлээн зөвшөөрөгдсөн Г.Занданшатарыг батламжлах Их хурлыг товлон зарлах маш амархан байх учиртай.

Гэтэл тэгэхгүй байгаа нь, дээр нэр дурдагдсан субъект болгоноос гаргасан шийдвэрийг Их хурлаар үгүйсгэчих гэм байгаад оршиж байсан. Тийм ч учраас Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын зүгээс Их хурлыг эргүүлж болох нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, талдаа татах ажлыг эхлүүлсэн бөгөөд энд тэнд уулзалтуудыг хийсээр яваа.

Ерөнхийлөгч Минжийн хангайд УИХ-ын гишүүд, сайд нартай уулзсан, Ерөнхий сайд Их тэнгэрт НАМЗХ-ын үе, үеийн дарга нартай уулзсан. Эсрэг талд Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын гишүүдийг Архангайн Цэнхэр суманд дуудаж уулзсан гэх мэтээр уулзалтууд тасралтгүй болж буй.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй ах нарын тухайд, дээрх уулзалтууд тийм ч амжилттай болоогүй гэдэг нь Их хурлыг товлон зарлахгүй байгаагаас тодорхой байв. Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ми, Сү хэмээн өвгийн эхний үеэрээ дуудагдах хэмжээнд Монголын улс төрд нэр нөлөөгөө тогтоосон М.Энхболд, Сү.Батболд нартай хамт Тяньжин явснаас хойш хэсэг залуус гарч ирэн “МАН-ын Их хурлыг яаралтай хуралдуул” гэж шаардлаа. "Ардын хүч" хэмээх энэ байгууллага өнгөрсөн зургадугаар сард мөн МАН-ын баг хурлыг хуралдуул гэж шахаж мэдээлэл хийж, дараа нь Бага хурал хуралдаж байв. 

Эндээс харахад, МАН-ын Их хурлын хүчний харьцаа, цаашлаад даргын хувь заяа БНХАУ-д шийдэгдсэн байж тун мэдэхээр байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна