ВОЛЕЙБОЛ: Эмэгтэйчүүдийн ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүлсэн багууд

Zuv.mn
2 цаг 22 минутын өмнө

-ЗХУ, Япон хамгийн өндөр амжилт үзүүлжээ-

Волейболын эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайландын дөрвөн хотод амжилттай болж, өнгөрөгч ням гарагт Италийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн билээ.

Ингэснээр Итали дэлхийн хошой аварга болсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл ДАШТ-ий дуулиан намдаагүй байгаа энэ үед волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ, түүнд амжилттай оролцож медаль хүртэж байсан багуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Волейболын анхны "Эзэнт гүрэн"-г ЗХУ, Япон  байгуулсан…

Олон улсын волейболын холбоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах шийдвэрийг 1948 онд гаргажээ. Дараа жил нь буюу 1949 онд анхны ДАШТ эрэгтэйчүүдийн дунд зохион байгуулагдсан байна.

Харин эмэгтэйчүүдийн тэмцээн 1952 онд тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москвад анх болжээ.

Энэхүү тэмцээн задгай талбайд болсон гэдгээрээ бусдаас онцгойрдог. Түүнээс хойших бүх ДАШТ танхимд явагдсан түүхтэй.

Мөн эхний таван удаагийн ДАШТ-д оролцох хүсэлтэй бүх багийг оролцуулдаг байсан бол 1970 оноос тивүүдийн АШТ-д эзэлсэн байр, өмнөх ДАШТ-д үзүүлсэн амжилт болон сонгон шалгаруулах тэмцээнээс багуудыг шилж оролцуулах болжээ.

Сая Тайландад болдогтой нийлээд 20 удаагийн тэмцээн болсноос бүгдэд нь оролцсон баг нэг ч байхгүй. Япон, АНУ, Бразилийн шигшээ 18 удаа оролцсоноороо толгой цохидог байна.

Мөн энэ хооронд 66 улсын шигшээ баг ДАШТ-д оролцож өрсөлдсөнөөс 17 нь медаль зүүжээ. Харин наймхан баг л аварга болж чадсан байдаг юм.

Бахархалтай нь, ДАШТ-д тоосоо өргөсөн 66 багийн дотор Монгол Улсын шигшээ баг байдаг.

ДАШТ-д хамгийн өндөр амжилт гаргасан улсууд

ЗХУ

ДАШТ-д таван удаа түрүүлж, нийт найман медаль авсан ЗХУ гарцаагүй эмэгтэй волейболын түүхэнд ноёрхогч эхний улс юм.  

Тэд Дэлхийн аварга шалгаруулах эхний гурван тэмцээнд дараалан түрүүлж, ЗХУ бутрах хүртэл дэлхийн хамгийн хүчирхэг шигшээ багуудын нэг гэсэн байр сууриа баттай хадгалсаар байсан билээ. Үргэлжлэл нь болсон ОХУ олимп, ДАШТ-д өндөр амжилт үзүүлж ирснийг бодолцвол ЗХУ-ын волейболын уламжлал ямар агуу болох нь ойлгогдох биз ээ. 

5 алт (”Москва 1952”, “Парис 1956”, “Рио-де-Жанейро 1960” /тэмцээн Рио Де Жанейрогоос гадна НитеройВолта-РедондаСантусСанту-АндреСан-ПаулуБелу-Оризонти гэсэн долоон хотод болсон/, “Варна 1970” /БургасСевлиево, Софи/, “Бээжин 1990” /Шеньян, Шанхай/, 2 мөнгө (“Москва 1962” /КиевЛенинградРига/, “Гвадалхара 1974” /МонтеррейПуэблаТихуанаМехикоТолука/), 1 хүрэл (“Ленинград 1978” / РигаМинскВолгоград /)

Япон

Ноёрхогчийн байр суурийг ЗХУ-аас булаан авч, нэгэн үе дээрэлхэн, нэгэн үе хуваалцаж явсан шилдэг бөг бол яах аргагүй Япон. 1940-өөд оноос улсдаа тэргүүлэх байр суурьтай болж эхэлсэн “Ничибо” баг дээр суурилсан Японы шигшээ 1960 оны ДАШТ-д Польш, Чехословакийг дуулиантайгаар хожин мөнгөн медаль хүртэн олон улсын гараагаа амжилттай эхэлсэн байдаг. Улмаар 1961 онд Европ тивийн волейболын спорт өндөр хөгжсөн улсуудаар аялан тоглож, 24 тоглон 24 хожин нэр алдраа дуурсгасан бөгөөд Номхон далайн шидтэнүүд, “Алс Дорнодын хуй салхи”, Даймацугийн чөтгөрүүд /дасгалжуулагч нь домогт Хиробуми Даймацу байв/ хоч авсан бөгөөд 1962 оны аравдугаар сарын 20-ны өдөр “Лужники” цэнгэлдэхэд тэр өдрийг хүртэл нэг ч хожигдоогүй байсан ЗХУ-ыг 3:1-ээр хожиж,  дараа, дараагийн тоглолтуудад Бразил, Румын, Чехословакийг угсруулан хожиж анх удаа дэлхийн аварга болсон юм. Ингэхдээ сүүлийн тоглолтдоо өмнөх ДАШТ-ий хүрэл медальт Чехословакийг 35-хан минутад дуусган гайхуулж байв.  

Волейболын анхны их гүрнүүдийн нэг Японы шигшээ 1974 онд дэлхийн, 1976 онд олимпын аварга болсноосоо хойш том амжилт гаргаж чадаагүй байна.

 

3 алт (“Москва 1962” /КиевЛенинградРига/, “Токио 1967”, “Гвадалхара 1974” /МонтеррейПуэблаТихуанаМехикоТолука/), 3 мөнгө (“Рио-де-Жанейро 1960” /НитеройВолта-РедондаСантусСанту-АндреСан-ПаулуБелу-Оризонти/, “Варна 1970” /БургасСевлиево, Софи/, “Ленинград 1978” / РигаМинскВолгоград /), 1 хүрэл (“Токио 2010”)

Куба

Эмэгтэйчүүдийн ДАШТ-д ЗХУ, Японы ноёрхлыг зогсоосон буюу дэлхийн аварга цол хүртсэн гурав дахь баг бол Эрх чөлөөний арлын орон Куба юм. Куба бүсгүйчүүд “Ленинград 1978” / РигаМинскВолгоград/ ДАШТ-ий аваргын төлөө дэлхийн аварга цолыг хадгалагч, “Монреаль 1976” олимпын аварга Японыг 3:0 (15:6, 15:9, 15:10)-ээр буулган анх удаа дэлхийн аварга болсон юм. Кубын Волейболын холбоо 1969 онд эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч байсан Эухенио Хорхе Лафитаг эмэгтэй багийн дасгалжуулагчаар тавьснаар амжилтууд ар, араасаа ирсэн байдаг юм. Кубын шигшээ 1978 онд дэлхийн аварга болсноосоо хойш 1986 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 1994, 1998 оны ДАШТ-д дараалан түрүүлжээ. Алдарт Регла Торрес Эррерагийн үеийн тэр баг 1989-1999 оны хооронд Дэлхийн цомын тэмцээнд тавын таван удаа түрүүлсэн байдаг юм.

3 алт (“Ленинград 1978” /РигаМинскВолгоград/, “Сан Паулу 1994” /Белу Оризонте/, “Осака 1998” /НагояФукуокаТокиоТокуямаМацумотоКагошима/), 1 мөнгө (”Прага 1986” /ОстраваЖилинаПльзеньБрноОломоуц/)


Үргэлжлэл бий...



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.12
    1 цагийн өмнө

    Эмэгтэй багын тухай бичээд байх юм эрэгтэй багуудын тухай гээ биз дээ

    Хариулах