-Оюутолгойн орд монголчуудад өгөөжтэй байх эсэхийг “Рио Тинто”, “Онтрэ”-тэй хийх хэлэлцээр шийднэ, хэлэлцээр амжилттай болох эсэхийг Оюутолгой ХХК Хяналтын түр хороонд өгөх мэдээлэл шийднэ-
Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайг байгуулахаар “Рио Тинто”-гоос авсан зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэхэд өнөөдөртэй нийлээд яг 79 хоногийн хугацаа үлдлээ. Уг нь 86 байсан ч Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ын гишүүд болон гүйцэтгэх удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт товлогдсон Хяналтын түр хорооны хуралд ирээгүйгээс долоо хоног алдсан юм.
УИХ-аас Оюутолгойн асуудлаар байгуулсан Хяналтын түр хорооны хурал маргааш дахин товлогдсон. Энэ удаад “Оюутолгой” ХХК-ийн дарга нар хуралд ирэхгүй бол хугацаа дахин долоо хоногоор багасна гэсэн үг.
“Рио Тинто” групп Оюутолгойн уурхайг байгуулахдаа шаардагдах хөрөнгийг жилийн 4-5 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс босгож, “Оюутолгой” ХХК-д 11.5 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлдсэн байдаг.
Зээлийн гэрээндээ 2011 онд “Хүүг долоон жил тутамд эргэж харах боломжтой” гэсэн заалт оруулсан бөгөөд 2018 онд гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэл шатандаа, төслийн эрсдэл хэвээр байсан тул боломжоо ашиглаж чадаагүй гэх.
Харин энэ онд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, төслийн эрсдэл бүрэн арилсан тул зээлийн хүүг бууруулах боломж бүрдэж буй ч хугацаа алдсан оны сүүлд хүргээд байна.
Уурхайн бүтээн байгуулалтад зориулж авсан зээлийн хүү өндөр байгаагаас болж анх 6.1 тэрбум ам.доллар байсан өр 12.1 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэдэг асуудал одоо яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү хэвээр үргэлжилбэл Монгол Улс Оюутолгойн ордоос ногдол ашиг авахгүй, харин ч Рио Тинтод өртэй үлдэх нөхцөл байдал үүсээд буй.
Энэ нөхцөл байдлыг өөрчилж, гэрээнд заасан эрхийнхээ дагуу зээлийн хүүг бууруулахад УИХ /Хяналтын дэд хороо/, Засгийн газар /Ажлын хэсэг/, “Оюутолгой” ХХК /ТУЗ-ын гишүүд, гүйцэтгэх удирдлага/-ын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Товчхондоо “Оюутолгойн орд монголчуудад өгөөжтэй байх эсэхийг “Рио Тинто”, “Онтрэ”-тэй хийх хэлэлцээр шийднэ, хэлэлцээр амжилттай болох эсэхийг Оюутолгой ХХК Хяналтын түр хороонд өгөх мэдээлэл шийднэ” гээд хэлчихэд болно.
Ийм чухал үед “Оюутолгой” ХХК УИХ-д мэдээлэл өгөлгүй долоо хоног хойшлуулсан нь гаргаж болохгүй алдаа байсан.
Харин маргаашийн хуралд ирэхгүй бол “Рио Тинто”-той хийх хэлэлцээрт нөлөөлж, зээлийн хүүг багасгах ажлыг хэргээр саатуулж байна гэж үзэхээс өөр аргагүй юм.
"Оюутолгой" төсөлд монголчуудын эрх ашиг зайлшгүй хангагдах ёстой
Аливаа бизнест эрсдэл гэдэг зүйл чухал. Гэхдээ "Рио Тинто" өөрийнхөө 66 хувийг эзэмшдэг компанид өндөр хүүтэй мөнгө дамжуулан зээлдсэн нь тэд Оюутолгой төсөл дээр "Оюутолгой" ХХК-ийг ашигтай ажиллуулах биш, харин өрөнд оруулж, зээлийн хүүнээс ашгаа олох схем "зурсан"-ыг харуулдаг.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн ил уурхайн нөөцөө алдчихсан /Ногдол ашиггүй/, дээр нь өр хоёр дахин нэмэгдсэн нь үүнийг хангалттай баталж байна. Гэхдээ, хэдий төсөл хэрэгжүүлэх гэж алдаа, оноотой 20 шахам жил явсан ч бид баялгийн эзэд хэвээрээ байгаа. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт, Баялгийн сангийн тухай хуулиар бүр ч баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг ашиглах асуудалд ард түмний үүрэг оролцоо 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үеэс илүү нэмэгдсэн. Тиймээс боломж байна.
Нэрт эдийн засагч Ханс Вернер Зин нэгэнтээ "Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар". Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100 хувь эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа "Рио Тинто" бол монголчуудын босгож чадахгүй байгаа, уурхайг босгоход хэрэглэх жаахан мөнгийг босгож байгаа. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн явдал. Хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг" гэж хэлсэн байдгийг эцэст нь эшлэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.44
Эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар Оюутолгойн гэрээг сайжруулах тогтоолын төсөл УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдсэн энэ цаг үед Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлууд урьд урьдынхаас илүүтэй сөхөгдөж байна. Зөвхөн Монгол биш, дэлхий даяараа үүнд анхаарлаа хандуулаад эхэлсэн нь нууц биш. “Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна” гээд “Тэрбээр монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсч байна хэмээн өөрийн санал бодлоо хуваалцлаа” гэжээ. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв хоёр талаас хамтарч байгаа бол өөр өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100 хувь эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа Рио Тинто бол монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхлэхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51 хувиас дээш хувь эзэмших ёстой. Гэтэл байгалийн эзэн улс нь 34 хувь эзэмших, нөгөө хэдхэн ам.доллар гаргасан тал нь 66 хувь эзэмших гэрээ болсон нь өөрөө Мянганы шилдэг луйврын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг. Энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч байгаа хэрэг юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн явдал. Хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм. Оюутолгойн хувьцааг Рио Тинто 100 хувь эзэмшиж ашгийг нь хүртэж байна Монголын тал 34 хувийг нь эзэмшдэг шүү дээ гэж та бодож магадгүй. Тэгвэл үгүй юм. Учир нь, Монголын тал өөрийн авах ёстой 34 хувийн ашгийг авдаггүй. Уг нь 2022 оноос авах байсан гэрээг Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусна. Өөрөөр хэлбэл, монголчууд нэг ч төгрөг хүртэхгүйгээр өөрийн асар том ордыг гадаадын луйварчдад бэлэглэж байгаа гэсэн үг юм. Яагаад Рио Тинто Оюутолгойн 100 хувь эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио Тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай хоёр гуравхан тэрбум ам.доллар гаргах юу ч биш, тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлбэл, тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж, түүнийхээ 34 хувийг монголчуудаар төлүүлж байгаа юм. Тэд нар 66 хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу? Үгүй. Яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш. Тухайн мөнгө гарсан банкинд байршсан Рио Тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлбэл, Рио Тинто Оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66 хувийг шууд аваад монголчуудад ногдох 34 хувийг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны хүү хэмээн хуурснаар монголчуудын авах 34 хувийн ашиг тэдний халаасанд ордог гэсэн үг. Ингээд нийлээд 100 хувийн ашгийг тэд бүрэн хүртдэг. Монголчууд мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр гайхдаг Монгол бол асар том нутагтай, байгалийн асар их баялагтай улс. Миний бодлоор ердөө гурван сая гаруй хүнтэй Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй. Хоёр том зах зээлийн дунд байршилтай, цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ. Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр монгол гэгч энэ үндэстний XIII зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр Монголыг сонирхсоор ирсэн билээ. Миний хувийн бодол бол монголчууд Оюутолгойг буцааж өөрсдийн талд авах хууль эрх зүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Уг гэрээнд булхай луйвар, хээл хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг. Хэрвээ би Монголын эдийн засгийг барьдаг хүн байсан бол... Оюутолгойн гэрээг цуцлан дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдахгүйгээр олон улсад тендер зарлан шууд зарах хэрэгтэй. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш. Зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг ч төгрөг авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу тал юм. Мэдээж зарах үнэ нь дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум ам.доллар хүрч зарагдана. Энэ нь, нэг ч төгрөг авахгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум ам.доллар бэлнээр авах гэрээ болгож байна гэсэн үг. Мэдээж, өөрийн мөнгөөр 100 хувь худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио Тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно. Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас МонголУлсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн РиоТинтогийн төлж байгаа татвараас хэдэн арав дахин их байх болно. Оюутолгойг зарсан 50 тэрбум ам.доллароор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд 4-5 томоохон ордыг Монгол Улс өөрөө 100 хувь эзэмшиж, хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн эдийн засаг ердөө л 2-3 жилийн дотор нэг хүнд ногдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм. Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэлчин хэвээрээ байгаа улс. Аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах болохоор уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй. Монголчуудыг сэрээсэй, Мянганы аймшигтай том луйврыг зогсоож, эдийн засгаа хурдан босгоосой гэсэндээ өөрийн бодож санаж явдаг зүйлийг хэллээ гэсэн байна.
Хариулах