“Рио Тинто”-гийн удирдлагууд энэ сарын сүүлээр Монголд ирнэ

Zuv.mn
2 цаг 3 минутын өмнө

УИХ, Засгийн газраас Оюутолгой ХХК “Рио Тинто” группээс дамжуулан зээлсэн 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүг бууруулах, төслийн талбайд хоёр лиценз эзэмшиж буй “Онтрэ” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ хийх асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.

Тэгвэл Сангийн сайд өнөөдөр энэ талаар мэдээлэл хийж, “Ажил амжилттай урагшилж байгаа. Зээлийн хүүг бууруулах тал дээр аль, аль талдаа тааламжтай нөхцөл бүрдсэн.  Манай Улсын хувьд зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд, далд уурхайн олборлолт эхэлж, төслийн эрсдэл бүрэн арилсан. Ийм таатай үед хэлэлцээр болж байна гэж ойлгоорой” гээд доорх мэдээллийг өглөө.

-Манай талаас “Зээлийн хүүг эргэж харах хугацаа долоон жил байгааг гурван жил болгох, “11.5 хувь байгаа зээлийн хүүг Монгол Улсын зээлжих зэрэглэлд зохицуулан буулгах”, “Хүүгээс хүү тооцдог бүдүүлэг байдлыг болиулах“, “Менежментийн төлбөр тооцох аргачлал, хувь хэмжээг бууруулах” гэсэн суурь нөхцлүүдээ тавьсан.

-“Рио Тинто” групп манай саналыг хүлээж аваад хариу захидлыг өнөө өглөө ирүүллээ. Захидалд манай саналыг хүлээж авсан. Зээлийн хүүгээ ч ярья, менежментийн зардлаа ч ярья, “Онтрэ”-г ч ярья гэсэн ажил хэрэгч хариу ирсэн.

-“Рио Тинто” группын удирдлагууд буюу газар дээр нь шийдвэр гаргах эрхтэй хүмүүс энэ сарын сүүлээр Монголд ирж, хэлэлцээр эхлүүлнэ.

-Хэвлэлээр ирэх арванхоёрдугаар сарын 31 өнгөрчих л юм бол зээлийн хүү бууруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй юм шиг буруу мэдээлэл гарч байгааг залруулья. Энэ ондоо багтаад хэлэлцээрээ эхлүүлэх л ёстой, түүнээс цааш үр дүн гаргах боломжтой гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна