Сангийн сайд Б.Жавхлан Оюутолгойн зээлийн хүүг бууруулах, "Онтрэ" ХХК-ийн лицензит талбайд байгаа баялагт төрийн хувь эзэмшил тогтоож Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын явцын талаар мэдээлэл өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр "Ажил амжилттай урагшилж байна. Ажлын хэсэг наймдугаар сард байгуулагдсан. Төсөв, бусад асуудлуудтай давцаж явсан ч гэсэн ажил нь нэг ч алдагдаагүй шүү.
Яамдууд дээр дэд ажлын хэсэг байгуулагдаад, Техникийн Ажлын хэсгүүд байгуулагдаад, дотроо тактик, төсөөлөл, ямар зорилтот түвшин рүүгээ хэдүүлээ фокуслах вэ гэдгээ ярилцаад.
Хоёр Ажлын хэсэг байгуулагдсан байгаа. “Зээлийн хүү”, “Онтрэ”. Мөн хоёр Ажлын хэсэг нийлээд тактикуудаа ярьж байгаа зүйлүүд бий. Хэлэлцээр эхлээгүй байгаа учраас бүгдийг нь нарийн детальчилж ярих боломжгүй гэдгийг та бүхэн минь ойлгоорой. Бид чинь бас хэлэлцээрт орох гэж байгаа улсууд. “Шатар нүүх” гэж байгаа улсууд шатрынхаа нүүдэл, нууц юмнуудыг яриад байдаггүйтэй адилхан ийм зүйл.
Ер нь хоёр талаасаа, цаад талдаа ч тэр, наад талдаа ч тэр, зээлийн хүнд нөхцлүүдийг буулгах таатай бөгөөд, эрсдэл буурсан цаг үед өнөөдрийн энэ долоон жилийн орон зай, “цонх” ирж байгаа гэж ойлгоорой.
Монгол талаасаа бидний “Зээлжих зэрэглэл” сайжирсан. Нөгөө талд хамгийн гол эрсдэл буурч ирсэн зүйл бол “Далд уурхай”-н үйл ажиллагаа маш амжилттай эхэлсэн. Технологийн дагуу одоо бол ухрах алхам байхгүй болсон. Одоо төсөл зогсох, гацах сунжрах эрсдэл огтоос байхгүй.
Тийм учраас бид хоёр талаасаа эдгээр өнхцлүүдээ тавиад, аль, аль талынхаа нөхцөл боломжийг сайжруулах, дээшлүүлэх тал дээр “Гэрээ хэлэлцээрээ хийе” гэдэг дээр хоёр талаасаа ойлголцлоо.
Бид хоёр хоногийн өмнө “Одоо хэлэлцээрээ захидлаар биш, и мэйлээр биш, биечилж, ширээнд сууя” гэдэг саналаа хүргүүлсэн.
Энэ саналын хариу маш ажил хэрэгч байдлаар, шуурхай өнөөдөр өглөө ирлээ. Захидал маань хоёр талаасаа нэлээд сайн буулт хийе, ойлголцьё, ажил хэрэгч байдлаар, хэлэлцээрээ үр дүнд хүргэе. Заасан хугацаанд бид ирж, хэлэлцээрт ороход бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн.
Тийм учраас одоо 2018 оны нөхцөл SOFR /Secured Overnight Financing Rate/ дээр +6.6. Манай Монголын Улсын зээлжих зэрэглэл бенчмарк маань SOFR дээр + 2.2.
Дээр нь долоон жил байгааг бид гурван жил болгоно, “Нийлмэл хүү” буюу “Хүүгээс хүү тооцдог бүдүүлэг байдлыг болиулах“, “Менежментийн төлбөр тооцох аргачлал, хувь хэмжээг бууруулах” гэсэн суурь нөхцлүүдээ тавина.
"Онтрэ"-гийн асуудлаар Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням сайд мэдээлэл өгөх байх.
Манай саналыг хүлээж авч, “Зээлийн хүүгээ ч ярья, менежментийн зардлаа ч ярья, “Онтрэ”-г ч ярья” гэсэн ажил хэрэгч хариу ирсэн.
“Рио Тинто” группын удирдлагууд буюу газар дээр нь шийдвэр гаргах эрхтэй хүмүүс энэ сарын сүүлээр Монголд ирж, хэлэлцээр эхлүүлнэ.
Хэвлэлээр ирэх арванхоёрдугаар сарын 31 өнгөрчих л юм бол зээлийн хүү бууруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй юм шиг буруу мэдээлэл гарч байгааг залруулья” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна