САЙН МЭДЭЭ: “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В1, тогтвортой” болгож, нэг шатаар ахиуллаа

Zuv.mn
2 цаг 43 минутын өмнө

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В1, тогтвортой” болгож сайжруулснаа өчигдөр зарлалаа.  

Агентлаг албан ёсны сайтдаа тавьсан мэдээлэлдээ,

-Засгийн газрын өрийн оновчтой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд өрийн дахин санхүүжилтийн эрсдэл бууруулсан;

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн;

-Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүд түүхий эдийн үнийн бууралтаас үл шалтгаалан сайжирсан;

-Засаглал болон институцийн үр нөлөөний чиглэлд хийгдэж буй шинэчлэлүүдэд ахиц дэвшил гарсан нь манай улсын зэрэглэлийг ахиулахад гол нөлөө үзүүлсэн гэсэн байна.

“Moody’s” агентлаг ийнхүү  хоёр жил дараалан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж байна.

Тус агентлаг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард манай зээлжих зэрэглэлийг “B2”, төлөвийг “Эерэг” болгон сайжруулж байсан юм.

 Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал нөлөөтэй ач холбогдол өндөр үзүүлэлт юм.

Монгол Улсын Зээлжих зэрэглэл сайжирснаар зөвхөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад долоон арилжааны банк, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэнэ.

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий гурван агентлаг /Moody’s, Standard&Poors, Fitch Ratings/-ийн үнэлгээ бодит учраас хоорондоо бараг зөрдөггүй бөгөөд нэг нь үнэлгээ дээшлүүлсэн тохиолдолд нөгөө хоёр нь мөн тус, тусынхаа аргачлалаар тооцоолоод өсгөдөг. Өнгөрсөн жил яг тэгж байсан.

Засгийн газар Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг “Рио Тинто” групптэй эхлүүлэх гэж байгаа энэ чухал цаг үед ийнхүү улсынхаа зээлжих зэрэглэлийг ахиулж чадсан нь манай улсын хувьд маш том давуу байдал үүсгэнэ.

 Учир нь зээлийн хүүг бууруулахдаа тухай улсын зээлжих зэрэглэл, эрсдлийг /SOFR буюу Secured Overnight Financing Rate/ харгалздаг юм. 

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийхдээ "Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр аль, аль талдаа сүүлийн долоон жилийн хамгийн таатай үедээ эхэлж байна гэж ойлгоорой" гэж онцолж байсан. 

"Moody's" агентлаг  манай улсын зээлжих зэрэглэлийг өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүргэсэн нь сайдын хэлсэн үг үнэн болохыг баталж, "Рио Тинто"-той нүүр бардам хэлэлцээр хийх боломжийг олгож байна.  

Засгийн газар, Сангийн яамны чадварлаг удирдлага, боловсон хүчин  сүүлийн жилүүдэд маш амжилттай ажиллаж, зээлжих зэрэглэлийг ахиулснаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, бага хүүтэй бонд гаргах боломжийг бүрдүүлсэн. Улмаар өмнөх өндөр хүүтэй бондуудыг шинэ бага хүүтэй бондоор солих замаар төсөвт ирэх ачааллыг амжилттай бууруулсан билээ.  

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна