Хүлээлтэд гацсан зээлийн боломж: Иргэд хохирох ёсгүй

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

2025 он гарсаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас арилжааны банкуудаар дамжуулан олгодог жижиг зээлийн үйл ажиллагаа бүрэн зогсжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ онд тус зээлийн хөтөлбөрт 50 тэрбум төгрөг баталж, тендер зарлан гурван арилжааны банкыг шалгаруулсан ч зээлийн эх үүсвэр өнөөдрийг хүртэл банкууд руу шилжээгүй байна. 

Иймээс ажил хайж буй иргэд, бизнесээ өргөжүүлэхээр зүтгэж буй ААН-үүд цаашид хэдий хугацаанд хүлээхээ мэдэхгүй болжээ.

Уг зээл нь 2019 оноос эхлэн зургаан жилийн турш тасралтгүй хэрэгжиж, 3000 гаруй хүн болон жижиг дунд бизнесийн санхүүжилтийн бодит хэрэгцээг хангаж, ажлын байр шинээр бий болгох, орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чухал хувь нэмэр оруулсан хөтөлбөр билээ. Гэтэл энэ жил төрийн дотоод ажлын уялдаа холбоо муугаас болж уг боломж бүрэн түгжигджээ.

Иргэдийн хувьд бол хэдхэн сая төгрөгийн зээл ч амьдралаа өөрчлөх боломж. Харин төрийн байгууллагуудад бол гарын үсэг, тамгатай цаас л шийдэх асуудал. Гэтэл тэр л цаас хэдэн байгууллага хооронд “дарагдаж” саатсанаар хүмүүсийн төлөвлөсөн бизнес доголдож, ажлын байр шинээр үүсэх боломж алдагдаж байна.

Албан тушаалтнуудын хоорондын хариуцлага, мэдээлэл солилцоо, зохион байгуулалт сул байгаагаас болж энэ хөтөлбөр тасалдаж, засгийн бодлогын үр дүн иргэдэд хүрэхгүй байна. Бодлого боловсруулсан ч хэрэгжилт муу байвал тэр бодлого цаасан дээр үлдэхээс цаашгүй.

Тиймээс салбарын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд:
• Хэн юу хариуцах вэ?
• Хэзээ гүйцэтгэх вэ?
• Хэнд мэдээлэх вэ? гэсэн хамгийн энгийн ажлын уялдаа холбоогоо нягталж, алдаагаа шуурхай засах шаардлагатай байна.

Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай төсөл, хөтөлбөрийн тогтвортой байдал нь иргэдийн итгэл, эдийн засгийн идэвхид шууд нөлөөлдөг аж.

Энэ мэтчилэн төрийн сангаар дамжих гүйлгээ зогссоноос үүдсэн хохирол хэдэн мянгаараа үргэлжилнэ. Төсвийн байгууллагууд ч цалингаа чүү ай тавьж байгаа энэ үед Засгийн газар, харъяа яамд ажлаа хийж, "гацаа, түгжээ"-г тайлахгүй бол нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрсээр байгааг эцэст нь сануулъя.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна