-Хүдрийн агуулга, олсон орлогоо мэдэхгүй бол Оюутолгойг хянаж чадахгүй-
“Иргэдийн мэдэх эрхийг хангах” зорилгоор зохион байгуулагдсан “Оюутолгойн сонсгол” зорилгоо бүрэн биелүүлж чадсангүй. Оюутолгойн уурхай дээр баяжмал шинжлэх лаборатори байгуулах, “Оюутолгой” ХХК-ийн борлуулалтын орлогыг шууд Монголын банкаар авдаг болох хоёр том эрх ашгийг тойрчихлоо.
ХШТХ УИХ-ын тогтоолыг бүрэн биелүүлсэнгүй
Хянан шалгах түр хороо байгуулах УИХ-ын тогтоол нь боломжийн өргөн хүрээтэй буюу "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" гэдэг байдлаар батлагдсан.
Харин Хянан шалгах түр хороо асуудлыг зөвхөн “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй лиценз, зээлийн хүү гэсэн хоёр асуудлаар хязгаарлалаа.
УИХ-аас өгсөн чиглэлийг О.Батнайрамдалаар ахлуулсан ХШТХ Засгийн газар, “Рио Тинто”-гийн хооронд явагдаж буй хэлэлцээрийн хүрээнд болгож явцууруулснаараа Сонсголын үеэр олон давтагдсан “УИХ-ын төлөөлөл тогтоол баталж үүрэг чиглэл өгдөг, Засгийн газар биелүүлээгүй” гэх дутагдлыг давтав.
Засгийн газар Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, “Рио Тинто”-той яг дээрх хоёр асуудлаар хэлэлцээр хийж буй. С.Мөнхсүх захирлын хэлснээр, “Рио Тинто”-гоос хэлэлцээр хийх баг сонсголын үеэр Улаанбаатарт байсан. Тэгэхээр, хуваариасаа эхлээд /даваа, лхагва, баасан/ л ХШТХ-ны сонсгол нь “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээрт чиглэжээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр сонсгол зохион байгуулснаараа “Рио Тинто”-д дарамт үзүүлж, хэлэлцээрийн үр дүнг нааштайгаар эргүүлэхийг оролдсон гэж харагдана.
Гэвч магадгүй, 34 хувийгн АМНАТ-аар орлуулахаас ч илүү ач холбогдолтой Оюутолгойн уурхай дээр баяжмал шинжлэх лаборатори байгуулах, “Оюутолгой” ХХК-ийн борлуулалтын орлогыг шууд Монголын банкаар авдаг болох асуудлыг орхисон нь маш том эргэлзээ төрүүлж байна.
Лаборатори, орлогоо шууд Монголын банкинд авахын ач холбогдол
Эхлээд лабораторийн асуудал. Уурхай ашиглалтад орсон цагаас хойш Монголын талаас тавиад бүтэлгүйтэж байгаа түлхүүр асуудлуудын нэг. Өмнө нь ямар ч хяналтгүй байсан бол одоо Геологийн төв лабораторид шинжлүүлж байгаа. Энэ нь дээжийг хэдэн зуун км-ээс зөөх хүндрэлийг үүсгэж, бүрэн хяналт тавих боломжийг алдагдуулж буй. Уурхай дээр лаборатори байгуулахаас татгалздаг нь баяжмал дотор үнэ цэнэтэй нэгдлүүд, эсвэл ил зарладагаас өндөр алт, зэсийн агуулга байдаг гэх хардлага төрүүлдэг бөгөөд “Оюутолгой” ХХК баяжмалаа хаанахын, ямар нэртэй үйлдвэрт борлуулдаг гэдгээ нууцалдаг, борлуулалтын орлогоо Монголын банкаар авдаггүй зэрэг нь энэ таамгийг баталдаг юм.
Үүний цаана Монгол Улс хэр их баялгаа алдаж байгааг хэлэх боломжгүй. Гэхдээ багцаалах боломж бий. Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Рио Тинто” ХХК-тай хэлэлцээр хийхдээ хувь нийлүүлэгчдийн гэх 2.3 тэрбум ам.долларын зээлийг тэглэх, уурхай дээр лаборатори байгуулах, компанийн борлуулалтын орлогыг шууд Монголын банкинд авдаг болох шаардлага тавихад зээл тэглэх шаардлагыг нь хүлээж авсан байдаг.
Энэ нэг талаар, биелүүлэхээс татгалзсан хоёр шаардлагын цаана 2.3 тэрбум ам.доллараас илүү том эрх ашиг байгааг, нөгөө талаар, Оюутолгойн зээл хийсвэр гэдгийг харуулна.
Харин энэ том эрх ашгийг сонсголоор хөндөлгүй өнгөрөөснөөрөө Монголын төр яг аль талд нь байгаа вэ гэдэг дээр эргэлзээ төрж эхэлж байна.
Олон хүний харж байгаагаар, зээлийн хүү, “Онтрэ” бол шийдэж болох асуудлууд. Жишээ нь, “Онтрэ”-гийн лицензийг цуцалж, нөхөн төлбөр өгөөд хөөж гаргах эрх нь төрд бий. Хайгуул хийгээгүй, мөнгө зарцуулаагүй шахам, дээр нь ашиглалтынх болгож хувиргах процесс нь хууль зөрчсөн байх магадлал өндөртэй.
Зээлийн хүүгийн тухайд, тэртэй тэргүй төслийн эрсдэл арилж байгаа тул буулгах нь ойлгомжтой асуудал.
Харин лаборатори байгуулах, баяжмал дахь эрдсийг тодорхойлох, алтны агууламжийг тогтоож, Монголбанкинд тушаалгах, “Оюутолгой” ХХК-ийн орлогыг шууд Монголын банкаар авдаг болох зэрэг бол Оюутолгойг хянах арга юм.
Гэтэл асуудлыг ард иргэдийн чихэнд хүрчих вий гэсэн болгоомжлолтой байгаа мэт байдлаар хандсанд гайхлаа.
“Рио Тинто”-той Лондонд хэлэлцээр хийж байсан Да.Ганболд, 2022 оны хэлэлцээрт биечилж оролцсон Б.Солонгоо нар яг энэ асуудлыг хэлж байх үед цаг нь дуусахад О.Батнайрамдал дарга цагийг нь сунгаж өгсөнгүй.
Бид өнөөдөр "Оюутолгой" ХХК Оюутолгойн ордоос чухам юу гаргаж зараад, хэчнээн ам.долларын орлого олж байгааг мэдэхгүй байна. Харин "Рио Тинто" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хэвлэлд "Оюутолгойн борлуулалтын орлого 100 хувь Монгол руу орж ирдэг. Гэхдээ Оюутолгой компанийн гадаад дахь данс руу мөнгө орсны дараа Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк гэсэн гурван банкаар дамжуулан борлуулалтын орлого 100 хувь орж ирдэг. Валютыг төв банкны ханшаар солиулаад дээрх гурван банк дээр төгрөгөөр байршуулан гүйлгээ хийгддэг" гэж элий, балай юм ярьж монголчуудыг доромжилж байхад ХШТХ энэ талаар А ч гэсэнгүй.
Тэр ч байтугай энэ чухал асуудлуудыг хөндөх гэсэн гэрчүүдийн үгийг хааж боов. Тодруулбал, ХШТХ-ны дарга минут нэмж өгсөнгүй. Сонцголын нэг сэдэв болгож оруулж ирээгүйг нь бүр зэмлэн буруушаах ёстой. Яг үнэндээ, төр үнэхээр "Рио Тинто"-д шахалт үзүүлье гэсэн бол чухам энэ хоёр асуудлыг тусгай сэдэв болгож оруулах ёстой байсан.
Эцэст нь хэлэхэд, Оюутолгойн сонсгол сэтгэлд хүрсэнгүй, хөндөх ёстой гол асуудлуудаа бүтэн хөндөж мэдээлэл өгсөнгүй. Хоосноос үүссэн зээлийн хүүг зогсоосон үр дүн танилцуулаад л зогсож байх зорилготой явцуу хүрээнд сонсгол хийчихлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.109.36
Гаалийн. Хилийн. Боомтууд. Лобортортой. Шүү. Дээ. Түүнд. Шинжилж. Болно. Шүү. Дээ. Орлогыг. Тооцох. Үнэ. Нь. Хуулиндаа. Дэлхийн. Зах. Зээлийн. Үнээр. Тооцоно. Гээд. Заачихсан. Байгаа. Шүү.
Хариулах