Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай байна

Zuv.mn
4 цаг 3 минутын өмнө

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний 11 сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Үндэсний статистикийн хороо өчигдөр энэ талаар мэдээллээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.5 (0.6 хувь) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 471.9 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр тус, тус буурчээ.


Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 11 сард 27.4 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.


Татварын нийт орлого 2025 оны эхний 11 сард 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 835.8 (3.4 хувь) тэрбум төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 428.2 (5.4 хувь) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4 (43.3 хувь) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.


Харин нийгмийн даатгалын орлого 769.9 (18.6 хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 231.5 (4.5 хувь) тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 122.5 (32.6 хувь) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 43.0 (2.6 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Иргэдийн орлогоос шууд авдаг НДШ, эцсийн хэрэглэгч буюу мөн л иргэдийн төлдөг НӨАТ өсөж, АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашиглагч ААН-үүдийн төлдөг төлбөр буурсан нь татварын реформын өмнө бодлого тодорхойлогчдын анхаарч харах нэг үзүүлэлт болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна