ХШТХ-ны боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийн 1.1-д оруулах зарчмын зөрүүтэй ТАВАН САНАЛ

Zuv.mn
1 цаг 57 минутын өмнө

Эдийн засгийн байнгын хорооноос Оюутолгойн ХШТХ-ны боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийн 1.1 дүгээр заалтад  оруулахаар Зарчмын зөрүүтэй таван санал ирүүлснийг ХШТХ-ны дарга О.Батнайрамдал гишүүдэд танилцууллаа.

Тэдгээрийг танилцуулья.  

-“…Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэснийг хасах /Санал гаргасан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Уянга/ 

Ц.Даваасүрэн гишүүний гаргасан дөрвөн санал

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэд үр өгөөжийн дийлэнхийг хүртэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орд, баялгаа үнэлэн эзэмших, хувь хэмжээг тогтоох,

-"Онтрэ"-гийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглахад зээлээр биш, хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх

-Менежментийн төлбөрийг зардлаас бус, ашгаас тооцох

-Баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж экспорторд гаргах,

-Алт, зэс, газрын ховор элементийн үнэ эрс өсөж байгаатай холбоотойгоор АМНАТ-ийг Эрдэнэтийн жишгээр тогтоох

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэд үр өгөөжийн дийлэнхийг хүртэх нөхцлөөр Стратегийн ордод хөрөнгө оруулалтын гэрээг “Онтрэ” компанитай байгуулах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хэлэлцүүлж байна. 

Эдийн засгийн байнгын хороонд танилцуулагдсан тогтоолын төслийг та бүхэнд хүргэж байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд

 

Төсөл

 

     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

2025 оны ... дугаар                                                                                 Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                 Дугаар ...                                         хот

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх

арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан дараах арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулж шийдвэрлүүлэх, явцыг улирал тутам Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

 

1/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

 

2/Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой /БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Оюу Толгой ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;

 

3/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах; 

 

4/Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, Оюу Толгой ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах.

 

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

 

 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.206
    31 минутын өмнө

    Цахилгаан станц барих, зэс хайлуулах үылдвэр өарих асуудлыг тусгаачээ

    Хариулах