Өнгөрсөн оны сүүлийн өдөр Эдийн засаг хөгжлийн сайд С.Даваасүрэн хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газраас хэрэгжүүлэх “Эдийн засгийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөө” гэгчийг танилцуулсан билээ.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр “Баялагийн өгөөжийг иргэн бүрт хүртээх арга хэмжээг чухалчилж байна. 2012 онд Засгийн газрын 218 тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-д давуу эрхтэй хувьцааг Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалтыг тусгасан байдаг. Гэхдээ өнгөрсөн 14 жилийн хугацаанд давуу эрхтэй хувьцаанаас ногдол ашиг тараагаагүй.
Иймд, Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа хүүхэд, ахмад настан, хөгжлийг бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашгийг үе шаттайгаар олгох шийдвэр гаргалаа. Үндсэндээ 1.8 сая иргэн хамрагдана гэсэн үг” гэж хэлсэн нь үнэхээр урам хугалж орхилоо.
Засгийн газар дараа нь дэд сайдын мэдээллийг залруулж, “Буруу ойлгогдохоор ярьсан байна” гээд албан ёсны цахим хуудас, сошиал платформ дахь хуудсаасаа уг мэдээллийг эргүүлж татсан.
Гэсэн ч Засаг дээр ийм асуудал яригдсан, яригдах, яригдахдаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадуудыг онцолж ярьсан гэдэгт эргэлзэх юм алга. Энэ бол мэдээж том сэдэв, тооцоо судалгаа, оновчтой зарцуулалтын тухайд сөрөг хүчнээс эхлээд дуугарах газар бишгүйдээ олдох учир энэ удаад хөдөлмөрийн насны иргэд буюу дундаж давхаргын ихэнхийг бүрдүүлж байгаа хэсгээ хөсөр хаяж, ялгамжтай байдлыг авч хэлэлцэж байгаад нь үнэхээр урам хугарлаа.
Баялгийн сан бэлэн мөнгө гэхээсээ илүү баталгаа, түүнийг ашиглах тогтолцоо бүрдүүлэх нь төрийн үүрэг. Жил бүр тогтмол орлого орж ирнэ гэсэн итгэл үүсгэж, түүнийгээ ашиглахыг дундаж давхаргынхан юунаас ч илүү хүсэж байна.
Монгол Улс дундаж давхаргаа дэмжих бодлого байхгүй. Дундаж давхаргадаа үнэхээр ээлгүй. Үүнийг ажил хөдөлмөр хийж, бусдыг ажил хөдөлмөрөөр хангасныхаа төлөө татварт дарамтлуулж байгаа бүгд л мэдэж, мэдэрч байгаа байх.
Цар тахлаар хүүхэдтэй, тэтгэвэр авдаг, ажил хийдэг хэсэг нь амьдарч болоод байсан бол энд тэнд хөдөлмөр эрхэлж өөрсдийгөө болгдог дунджууд өлбөрч үхэнгээ л алдсан. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, төсвийн хуваарилалт гээд бүх систем нь ажил хийгээд хичээж байгаа хүнээс “Аан, чи мөнгө олоод байна уу. Чиний олсон мөнгийг өөр ажилгүй арчаагүй нөхөрт өгье” гэснээс огт ялгаагүй л явдаг.
Гэтэл одоо бүр байгалийн баялгаас бий болсон орлогыг хуваарилахдаа хүртэл ажил хийж өөрсдийгөө аргалаад явдаг хэсгийг хаяхдаа тултлаа бодлогоосоо ухарч, үзэл санааны хувьд доройтсон чинээ санасангүй.
Дэлхийн улс орнуудад улс төрийн чиг баримжаа нь зүүн тийш алгуур шилжиж байгаа. Эд баялаг цөөнхийн гарт төвлөрөхийн хэрээр ядуус олонх болж, тэдний саналыг авахын тулд улс төрийн намуудын бодлого ч өөрийн эрхгүй зүүн тийш явж байна. Үр дүнд нь халамжийн бодлого илэрхий нэмэгддэг. Манай улс ч ялгаагүй гэж амьхандаа өмөөрдөг байлаа. Гэтэл энэ удаа арай хэтэрлээ.
Монгол Улс уг нь 2030 онд хүн амынхаа 80 хувийг дундаж давхаргад хүргэх зорилтыг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа дэвшүүлсэн. Энэ нь дундаж давхаргаа дэмждэг, дундаж давхаргад ээлтэй нийгмийг цогцлооно гэсэн санаа. Гэтэл яг үнэндээ ядууст ээлтэй тогтолцоог хөгжүүлсэн. Цаашид ч хэвээр байх юм шиг байна.
Монголчуудын “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үг бий. Өнгөрсөн хугацаанд төр засгаас хэрэгжүүлсэн халамжийн бодлого энэ үгийг “Хүүхэд гаргавал ам тосдоно”, “Хүнтэй суувал ам тосдоно” болгож өөрчлөх шахсан. Удахгүй “Баян хүнтэй явалдаж, яаж ийж байгаад хүүхдийг нь гаргавал ам тосдоно” ч болгож өөрчлөх сураг сонсогдож байгаа.
Дундаж давхаргынхан гэж Монголд ихэнхдээ ажил хийдэг л хүнийг хэлдэг. Гэтэл ажил хийж чадахгүй өвдөж зовоод орлогогүй болоход эрүүл мэндийн үйлчилгээ нь ямар ч хөнгөлөлтгүй. Өмнө нь хэдэн арван жил төлсөн байлаа ч тухайн өвдсөн жилийнхээ даатгалыг төлөхгүй л бол эмнэлгийн үйлчилгээ ч авах эрхгүй.
“Төлж байхдаа өвдөхгүй яасан юм”, “Өмнө нь яах гэж олон жил төлсөн юм, хохь чинь” гэж хэлснээс ялгаагүй хариу сонсоод явдаг. “Үх” гэснээс ялгаагүй ийм хатуурхал өөр бусад олон зүйл дээр тулгардаг.
Гэтэл байгалийн баялгаас бий болох орлогоос гээгдэж хаягдах гэдэг халамжийн бодлогыг үргэлжлүүлж, дундажид ээлгүй нийгэм бүтээхийг дэмжиж байгаатай ялгаагүй. С.Даваасүрэн сайд яригдсан асуудлыг танилцуулахдаа нийгмийн бүхэл бүтэн нэг анги давхарга, 1.7 сая хүнийг хасаж ярина гэж байхгүй.
Цаашид дундаж давхаргынхны бий болгосон мөнгөөр “халамжийн” бодлого явуулж эмзэг бүлгийн иргэдийн санаа сэтгэл, итгэл, саналыг нь татдаг, сүүлдээ байгалийн баялгийн өгөөжийг хүртэл эмзэг бүлэг рүү чиглүүлдэг энэ байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Засгийн газар мэдээлэл ташаа, буруу ойлгогдохоор ярьсан гэж булзалгүй, Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхдээ иргэдээ “эхний ээлжинд” гэж анги давхаргаар ялгаварлах болсон үндэслэлээ тайлбарлах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна