ТАНИЛЦ: Энэ оноос хэрэгжиж эхлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэрүүд

С.Гандэлгэр
Өчигдөр 12 цаг 00 минут

- Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль, тогтоомж, шийдвэрүүдийг хүргэж байна

2026 оны төсвийн тухай хууль

Монгол Улсын 2026 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 31.2 хувь, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -1 их наяд 050.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -1.0 хувьтай тэнцүү байхаар тооцон баталсан. 

Үүнд дараах шийдвэрүүд тусгагдсан юм.

Багшийн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ

Багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50 хувь буюу 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан билээ. Улмаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон байдаг. Ингэснээр ирэх 2026 онд багшийн цалинг 70 орчим хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр төсөвт 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад буй билээ.

Эмч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ

Эмч, ажилтны үндсэн цалинг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл 9 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг нь суулгасан. Засгийн газрын зүгээс энэ ондоо багтааж 75 хувь нэмж, энэ ондоо багтаан эмч нарын цалинг гурван сая төгрөгт хүргэнэ хэмээн мэдэгдээд буй. 

Алба хаагч нас барвал 36 сарын тэтгэмжийг ард гэрт нь нөхөн олгоно

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн. Тэгвэл төрд олон жил зүтгэсэн албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлэхгүйн тулд 36 сарын тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалт энэ оноос хэрэгжих юм байна. 

Ахмадын тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Монгол Улсын төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулна.

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ шинэчлэгдэнэ

2026 оны батлагдсан төсөвт багтаан нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дараах байдлаар олгохоор шийдвэрлэсэн. 

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 478000 төгрөгөөр, 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484000 төгрөгөөр тогтоосон юм. 

Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмнэ

Засгийн газрын 83 дугаар тогтоолоор "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн. Ингэснээр эл тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж, мөрдөхөөр болсон юм. Ингэснээр онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмэгдэж байна.

16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулна

Засгийн газрын 2024 он 143 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон байдаг. Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг энэ оноос жил бүр тусган санхүүжүүлэх бөгөөд аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагийн орон тоог 16000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож, баталсан байдаг. 

AI ашиглан дүрэм зөрчсөн жолоочид торгууль ногдуулна 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцож эхэллээ. Тодруулбал,

  • Хурд хэтрүүлэх,
  • Гэрэл дохио зөрчих,
  • 1-р эгнээгээр явах,
  • Эгнээ байр буруу эзлэх,
  • Автобусны буудал дээр зогсох,
  • Үргэлжилсэн шугам давах,
  • Урсгал сөрөх,
  • Хориотой газар зогсох,
  • -Явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцох юм. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг нотлох баримттайгаар иргэдэд илгээнэ.

Бусад хууль тогтоомж:

1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль 

2. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай 

3. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай

4. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай 

5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай 

6. Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоол "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам" 

7. Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоол "Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох тухай" 

8. Засгийн газрын 2025 оны 69 дугаар тогтоол "Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт" 

9. Засгийн газрын 2025 оны 65 дугаар тогтоол "Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр" 

10. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны  237 дугаар тушаал "Гадаргын усны үндсэн үзүүлэлтийг тодорхойлох" /БНбД 33-10-25/ Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тухай" 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна