ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханы “журам зөрчиж олгосон” зээлүүдийг шалгая

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 00 минут

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газрын 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар олон ноцтой зөрчил илэрчээ.

Тодруулбал, хууль, журамд заасан чиглэлийн дагуу хөнгөлөлттэй зээл олгох ёстой тус байгууллага 2024 онд ХХААХҮ-ийн сайдын баталсан тухайн жилийн хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэлд тусгаагүй ангиллаар 25 ААН-д 2 тэрбум, 828.9 сая төгрөгийн зээл олгожээ. Өөрөөр хэлбэл, олгох ёсгүй ААН-д их хэмжээний зээл олгосон байна.

Түүгээр зогсохгүй, төсвийн хөрөнгийг эргэн төлөгдөх баталгааг хангадаг гол шалгуур болох арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх журмыг бүрэн хэрэгжүүлэлгүй, зарим ААН-д шууд зээл олгож байсан байжээ.

Арилжааны банкаар дамжуулж зээлдэхгүй байна гэдэг шалгуур хангаагүй, “цаасан дээрх” ААН-д зээл олгосон байх ч магадлалтай гэсэн үг. Ард нь бусдын боломжийг булаасан агуулга явж байгаа тул Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн санхүүгийн тайлангаас илрүүлсэн зөрчлийг нарийвчлан шалгах үндэслэл хангалттай бий. 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг бус, эрх мэдэлтэй улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийг тэтгэдэг газар болж ирсэн муу түүхтэй газар.

ЖДҮХ сангаас 2009-2024 оны хооронд нийт 370,110.2 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1747 зээлдэгчид олгосон байдаг. Үүнээс 2024 оны жилийн эцсийн байдлаар 78 тэрбум, 641.3 сая төгрөгийн 739 зээл хэвийн, 3 тэрбум, 270.1 сая төгрөгийн 36 зээл хэвийн бус, 2 тэрбум, 722.5 сая төгрөгийн 40 зээл эргэлзээтэй, 4 тэрбум 574.7 сая төгрөгийн 55 зээл хугацаа хэтэрсэн, 96 тэрбум, 820.1 сая төгрөгийн 369 зээл муу ангилалд орсон байна.

Тодруулбал, ЖДҮХ сангийн нийт зээлийн үлдэгдлийн 57.7 хувь нь хугацаа хэтэрчээ. Энэ муу үзүүлэлтийн нэг шалтгаан нь “Арилжааны банкаар дамжуулж зээлдэх” журмыг зөрчих явдал мөн учир ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй удирдлагуудыг журам зөрчиж олгосон зээлүүдтэй нь холбогдуулан шалгаж, яаралтай арга хэмжээ авахгүй бол эргэн төлөлтөөр санхүүжих боломж улам хумигдах эрсдэлтэй болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна