Г.Ёндон тэргүүтнүүд Эрдэнэт үйлдвэрийг "САМАРЧ" буйг батлах санхүүгийн БАРИМТУУД

Б.Мөнхболд
Өчигдөр 15 цаг 58 минут

Монгол Улсын “саалын үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хаалттай болоод удаж буй. Тус үйлдвэрийн одоогийн Ерөнхий захирал Г.Ёндон 2022.09.08-нд Ковидын хуулиар томилогдож байв. Үүнээс хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр хүний албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан ч явуулалгүй өнөөдрийг хүрч байгаа юм.

Тус үйлдвэрийн үйл ажиллагаа болон удирдлагуудтай нь холбоотой мэдээлэл байсхийгээд чих дэлсдэг ч тэгсгээд намжсаар өнөөдрийг хүрэв.

Тэгвэл Үндэсний аудитын газрын шалгалтаар Эрдэнэт үйлдвэрээс 116 тэрбум 515 сая төгрөгийн 14 зөрчил илэрчээ.

Менежмэнтийн алдаанаас үүдэж, санхүүгийн эрсдэл бий болгожээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтын хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн ТЭЗҮ-д 4.1 тэрбум төгрөгийг зарцуулсан боловч ажил яваагүй, ашиглалтанд ороогүй байна. 

Ингэснээр хөрөнгө оруулалтын ажлын төсөвт өртөг нэмэгдэх эрсдэл үүссэн, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй болсон байна. 

Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх катодын зэсийн үйлдвэр нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бий болсон орлогоос санхүүжүүлэгч, донор байгууллагын хөрөнгө оруулалт, зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй байх эрсдэлтэй нүүр тулжээ.

Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар цалин, томилолтын зардлыг 40 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулжээ

Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар 674.1 сая төгрөг, ОХУ-ын Москва хот дах худалдааны төлөөлөгчийн газар 439.3 сая, БНХАУ-ын Бээжин хот дах төлөөлөгчийн газар 528.8 сая, нийт 1.6 тэрбум төгрөгийг 2024 онд зарцуулсан байна. 

Үүнээс Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар тус оны баталсан цалингийн зардлыг 9.9 сая төгрөгөөр хэтрүүлсэн, гадаад албан томилолтын зардлыг 30.7 сая төгрөгийг зарцуулжээ. 

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүгийн тайланд урьдчилж гарсан зардал/тооцооны 55.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаагаас хуулийн байгууллагад шилжүүлсэн, шүүхийн шатанд байгаа зэрэг 81 хуулийн этгээдийн 17.6 тэрбум төгрөгийн урьдчилгааны үлдэгдэл байгаа аж. 

Найдваргүй болох эрсдэлтэй гэрээт ажил, бэлтгэн нийлүүлэгчид олгосон урьдчилгаа үүссэн шалтгаан болон тендерийн баримт бичиг, шалгарсан тендерийн үр дүнгээс үзэхэд анхны гэрээ, хэлцэл байгуулагдсаны дараа тухайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг нэмж тусган төлбөрийг бүрэн олгосон, анх тохирсон хугацаанаас хойш удаа дараа өөрчлөлт оруулж, хугацааг сунгасан зэргээс шалтгаалан захиалагч тал гэрээний хэрэгжилтийг бүрэн хангуулж чадахгүй байх эрсдэлийг үүсгэсэн хэмээн дүгнэжээ.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж, Ачит Ихт ХХК-иас 3 тэрбум 478.2 сая төгрөгийн төлбөрөө авч чадаагүй байна

Эрдэнэт үйлдвэр Ачит ихт ХХК-иас 3 тэрбум 478.2 сая төгрөгийн, Эрдэнэт-Ус, ДТС ОНӨХК-ийн 15 тэрбум 167.9 сая төгрөгийн, Өргөө констракшн ХХК- ийн 9 тэрбум 766.2 сая төгрөгийн авлагатай. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

Мөн 62 тэрбум 213.2 сая төгрөгийг нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалтын ажилд зарцуулсан гэх ч дэлгэрэнгүй тайлан одоогоор алга.

"Белаз хүнд даацын өөрөө буулгагчийн сэлбэг, эд ангийг худалдан авах" тендерт Бүгд Найрамдах Беларус Улсын Белаз Холдинг ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулах албан ёсны эрхтэй Юнайтед мерес машинери ХХК- ийг гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ- ын хүсэлтээр “Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д бүртгэсэн байдаг. 

Гэвч дээрх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн давхар хувь эзэмшилтэй Беллинк ХХК нь Белаз Холдинг ХХК- ийн албан ёсны эрхийг хэрэгжүүлж эхэлсэн нь анхаарал татаж байна. Учир нь Беллинк ХХК-тай тайлант онд автомашины сэлбэг 3 тэрбум 872.1 сая төгрөг, хүнд даацын автомашины цахилгаан тоноглолын сэлбэг 3 тэрбум 749.4 сая төгрөг, нийт 7 тэрбум 621.4 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна.

Аудитаар хянаж үзэхэд Беллинк ХХК нь дээрх байгуулсан 2024/05-20-0435, 2024/05-20-0432 дугаар гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүйгээс алданги тооцох нөхцөл бий болсон аж. 

Эрдэнэт үйлдвэр ХХК (хуучин нэрээр), Ачит Ихт ХХК-тай хүдрийн овоолгыг ашиглаж, үйлдвэрлэсэн катодын зэсийг боловсруулсан борлуулалтын орлогоос авах төлбөрийн хэмжээг 0.5-2.0 хувийн хооронд жил бүр нэмэгдүүлэх байдлаар тохиролцон 2034 он хүртэл ашиглахаар гэрээ байгуулсан байдаг. 

Гэвч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ажилдаа хариуцлагагүй хандаж, борлуулалтын дүнг валютын ханштай уялдуулан ашиглалтын төлбөр, түүнээс хэрхэн НӨАТ тооцох эсэхийг гэрээнд нарийвчлан тохиролцоогүйгээс тус үйлдвэрийн тооцоолсон 2015-2024 онд Ачит Ихт ХХК-аас авах 3 тэрбум 478.2 сая төгрөгийн овоолго ашигласны төлбөрийг авч чадалгүй өнөөдрийг хүрчээ.

Мөн Ачит Ихт ХХК-тай Эрдэнэт Үйлдвэр ХХК (хуучин нэрээр) байгуулсан 2010, 2013 оны гэрээгээр талууд харилцан тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т нөхөн төлүүлэх, овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг төрийн захиргааны байгууллагуудад даалгасан боловч Ачит Ихт ХХК ногдол ашгийг нөхөж төлөөгүй байна. 

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Арбитрын шүүхийн шийдвэрээр 102 тэрбум төгрөг төлжээ

Медипас ХХК, Медипас нийгэмлэгийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Сингапурын Арбитрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК (хуучин нэрээр), Медипас ХХК, Медипас нийгэмлэгтэй хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэх үндэслэлээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 29.285.938.58 ам.доллар буюу 101 тэрбум 874.2 сая төгрөгийг гаргуулан төлүүлэх шийдвэр гарсан байна. 

Тус шийдвэрийн дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 20 хоногийн хугацааны хүү 202.3 сая төгрөг, албадан ажиллагааны зардал 2.5 сая төгрөг, нийт 102.079.0 сая төгрөгийг төлжээ.

28 тэрбумын гурван асуудалд зөрчлийг таслан зогсоох, сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлага тус тус хүргүүлжээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2024 онд 229.0 сая төгрөгийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй  хандив, тусламжийг хууль, тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр олгосон байна. 

Түүнчлэн 69.9 сая төгрөгийн албан томилолтын зардлыг Сангийн сайдын баталсан тарифаас илүү тооцож олгосон аж.

Санхүүгийн тайлангийн аудитаар 28 тэрбум 112.2 сая төгрөгийн 3 асуудалд зөрчлийг таслан зогсоох, сахилгын хариуцлага тооцуулах албан шаардлага тус тус хүргүүлжээ. 

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын жилийн эцсийн байдлаар худалдан авсан 116 ажлын 274 тэрбум 827.3 сая төгрөг, 699 бараа материалын 609 тэрбум 848.0 сая төгрөг, 54 үйлчилгээний 27 тэрбум 81.1 сая төгрөгийн нийт 869 гэрээ хэлцлийн 911 тэрбум 756.5 сая төгрөгийн гэрээ, хэлцэл түүний хэрэгжилтийг цахим системд ил тод, нээлттэй хөтөлж, мэдээлээгүй байна хэмээн дүгнэжээ.

Дээрх адуитын дүгнэлтийг харвал Г.Ёндон болон түүний удирдлагын баг хариуцлагагүй, мэргэжлийн бус, сэтгэлгүй ажиллажээ гэж харж болохоор байна. Хэн нэгэн улстөрчийн татаастай, найз нөхөд, ах дүү байлаа гээд төр түмний өмчид эзэн сууж, дураараа дургих эрхийг өгдөггүй гэдгийг энд сануулъя. 





Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.206
    3 цагийн өмнө

    Төрийн албаны ёс зүй

    Хариулах
  • 103.57.93.206
    3 цагийн өмнө

    Хүний сайныг танин байж хүний шунал хязгааргүй

    Хариулах
  • 202.126.91.137
    14 цагийн өмнө

    Том үйлдвэрт томоохон асуудлууд байнга тулгарч байдаг, хөндлөнгөөс харин ч аль боломжит хохиролгүй байдлаар шийдэж байгаа храгддаг, үе үеийн захирлуудаас маш хариуцлагатай, багаар асуудлыг шийдэж, бусдын үгийг сонсож ажилладаг санагддаг

    Хариулах
  • 160.250.66.4
    Өчигдөр

    Ажил хийсэн хүн арван тамтай гэдгийн үлгэр болж байна. Харлуулах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр... Эрдэнэт үйлдвэр Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан хэвээр...

    Хариулах
  • 122.201.31.254
    Өчигдөр

    Арай чдээ

    Хариулах