Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах, төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг “Рио Тинто” групптэй хийж эхлээд байгаа билээ.
Хоёр тал эхний уулзалтуудыг өнгөрсөн оны сүүлээр хийж, асуудлаа шийдье гэдэг дээр тохирон протокол үйлдсэн ч түүнээс хойш тодорхой үр дүн гараагүй байгаа. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занланшатар “Рио Тинто” группт захдал бичиж, хэлэлцээрээ яаравчлуулахыг шаарджээ.
Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийн талаар УИХ-аас гаргасан тогтоол, Засгийн газар, хөрөнгө оруулагчийн гэрээ зэрэг баримт бичгүүдэд 53 хувь байна гэж тохирсон байдаг бөгөөд одоогийн айдлаар манай талын хүртэх өгөөж 22 орчим хувьтай байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байсан юм.
Оюутолгой төслөөс орж ирэх мөнгөн урсгал бага байгаа нь мэдээж, манай улсын эдийн засагт муугаар нөлөөлж байгаа. Нөгөө талаар, зээлийн хэлэлцээрийн өмнө эерэг нөхцөл байдал үүсгэхийн тулд гадаад валютын нөөцөө нэмж, ашиглаж чадахгүй байдалтай байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа нэг шалтгаан болоод буй. Өөрөөр хэлбэл, хэлэлцээр сунжрах тусам Монгол Улс хүртэх ёстой ашгаа хүртэж чадахгүй алдахаас гадна ам.долларын нөөцдөө хүрч чадахгүй "бүсээ чангалах" байдлаар хүнд байдалд орж буй. Тиймээс ч Г.Занданшатар Ерөнхий сайд захиа бичсэн нь "Рио Тинто"-той хатуухан ярьж эхлэхээр шийдсэний шинж байж магадгүй байна.
Засгийн газраас “Рио Тинто” групптэй хийх хэлэлцээрийг “Зээлийн хүүг бууруулах болон бусад”, “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй хоёр тусгай зөвшөөрлийн асуудал” гэсэн чиглэлээр явуулахаар хоёр Ажлын хэсэг байгуулсан бөгөөд эхнийхийг нь Сангийн сайд Б.Жавхлан, хоёр дахийг нь АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж буй.
Зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн хувьд манай тал Оюутолгойн сонсгол болохоос өмнө “Рио Тинто”-д:
1. Зээлийн хүүг эргэж харах хугацаа долоон жил байгааг гурван жил болгох,
2. 11.5 хувь байгаа зээлийн хүүг Монгол Улсын зээлжих зэрэглэлд зохицуулан буулгах,
3. Хүүгээс хүү тооцдог бүдүүлэг байдлыг болиулах“,
4. “Менежментийн төлбөр тооцох аргачлал, хувь хэмжээг бууруулах”
-Монголын талын хүртэх өгөөжийн хэмжээг нэмэгдүүлж, 53/47 зарчимд хүргэх гэсэн шаардлага тавьж байсан. Сонголын дараа дээрх шаардлагууд нэмэгдсэн байх магадлалтай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна