Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний давхаргаас метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “TMK Energy” компани 2023 онд “Lucky Fox" талбайгаасаа орд илрүүлж, Монгол Улс метан хийн нөөцтэй болсон билээ.
Тус компани “Lucky Fox” талбайд долоон цооногийг 100 хувь үйл ажиллагаанд оруулаад байгаа бөгөөд сүүлд өрөмдсөн LF07 цооногийн өдрийн олборлолт өнгөрсөн сард 10,000 шоо метрт хүрч, төлөвлөсөн хэмжээнд хүрсэн анхны цооног болсон.
Тэгвэл Gurvantes XXXV төслийн бас нэг талбай болох “Pilot Well”-ийн олборлолт өнгөрсөн сарын 21-нд хоногт 674 м3 буюу 23,800 шоо футд хүрч, дээд үзүүлэлтдээ хүрчээ. Сарын дунджаар тооцож үзвэл тус талбайн хийн гарц зургаан сар дараалан өсөж, төслийн ирээдүйд итгэх итгэлийг улам нэмэгдүүлсэн гэж захирал Дугал Фергюсон мэдэгдсэн байна. Тодруулбал, 2025 оны арванхоёрлугаар сард 16,306 м3 байсан бол энэ оны нэгдүгээр сард 18,370 шоо метр хий олборлосон байна.
Харамсалтай нь, нэгдүгээр сард гуравдагч этгээдээс хамааралтайгаар эрчим хүч тасалдсаны улмаас олборлолт саатсан бөгөөд хэрвээ тэгээгүй бол илүү өндөр үзүүлэлт гарах байсныг тэрбээр мэдэгдэлдээ тодотгосон байна.
“Энэ явдал компани цаашид өөр дээрээ эрчим хүчний эх үүсвэртэй болох нь ашигтай гэдгийг харуулж байна” гэж тэрбээр онцолжээ.
Талбай дээр гаргасан цооногуудын үр дүн өссөнтэй холбоотойгоор компанийн зорилго Монголын хэрэгцээнээс хальж, бүс нутгийн хэмжээнд хүрч байгааг тус компани тухайн үедээ онцолж байсан бөгөөд компанийн захирал Дугал Фергюсон ч “Монголд нүүрсний метан хийг арилжааны зорилгоор олборлосон анхны компани болохыг зорьж байна” гэж байсан бол өчигдрийн мэдэгдэлдээ “Эрчим хүчний том хэрэглэгч БНХАУ ойрхон байгаа” талаар дурдсан нь Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа тус төслийн ач холбогдол экспортын чиг баримжаатай болж хувирч байгааг харуулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна