Эх оронгүй эх орончид буюу ЗХУ-аас дүрвэж гарсан алдартнууд

Х.Батсайхан
1 цаг 1 минутын өмнө

-А.Солженицын, А.Сахаров, В.Высоцкий... тэд буруугүй-

Одоогоос 500 гаруй жилийн өмнө Ван Андрей Курбский хаан “Догшин” хэмээх Иван IV Васильевичид урт гэгчийн захидлаар маргалдсан бөгөөд дараа нь эх орноо орхин дүрвэхэд хүрчээ. Хоёр хүний үзэл бодлын зөрчилдөөн гэхээсээ илүү улс төр, гүн ухааны трактат гэмээр уг захидлуудаас  нэг харилцан яриа нь олонтаа эшлэгдсээр өдий хүрчээ. 

“Өөрийгөө бурхан гэж боддог сатан /чөтгөр/” гэж ван хааныг буруутгахад хаан “Боолдоо хэрхэн хандах нь бидний дур. Бидэнд цаазаар авах ч эрх нь бий” гэсэн байдаг. Түүнээс хойш 500 жил өнгөрсөн ч улс төрийн дүрвэгчид-сөрөг хүчин,  эрх баригчдын харилцааг одоо ч ерөнхийдөө дээрх яриагаар тодорхойлж болж буй. Тэгвэл дүрвэн гарсан хүмүүсийг шалтгаан, туулсан хувь заяагаар нь хэдхэн хүнээр жишээлэн өгүүлэх боломж бас байна. Дор ЗХУ-аас дүрвэж гарсан элит сэхээтнүүдийг үндсэн гурван хэсэгт ангилав.

Дүрвэгчид-эх орончид

Өнгөрсөн зууны эхээр болсон иргэний дайны дараа Оросоос 1.16 сая иргэн нь баруун руу дүрвэсэн гэсэн баримт бий. Ер нь хувьсгал ялснаас хойш Орос оронд дүрвэгсдийн таван давлагаа явагдсан гэж үздэг. Үүнээс эхний давлагаа нь түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм. Үүнд хоёр шалтгаан бий.

Нэгд, дүрвэгсдийн дунд нийгмийн элитүүд олон байсан. Хаант Орос улсын үед дэлхийн хэмжээнд нэр алдар нь түгсэн зохиолч Иван Бунин, Александр Куприн, дуучин Федор Шаляпин, хөгжмийн зохиолч Сергей Рахманинов жүжигчин Ольга Чехова, нисдэг тэрэг зохион бүтээсэн Игорь Сикорский, телевиз зохион бүтээсэн Владимир Зворыкин, гүн ухаантан Николай Бердяев, дэлхийн шатрын аварга Александр Алехин нарын элитүүд тэр он жилүүдэд эх орноо орхин оджээ.  

Хоёрт, дүрвэн гарсан хүмүүс эх орончид байв. Энэ бол дүрвэгсдийн давлагаагаар эх орончид нь гарч яваад хог шаарнууд нь үлдсэн гэх буюу хувьсгалчид эх оронч биш байсан гэсэн үг огт биш. Гагцхүү дүрвэгчид нь эх орондоо дургүйдээ яваагүй юм аа гэдгийг л ойлгуулах гэсэн хэрэг юм. Иргэний дайны дараа гадаад гарсан хүмүүсийн ихэнх нь амь нас, аюулгүй байдалд нь бодит аюул занал тулгарсан учраас л явцгаасан байдаг бөгөөд дүрвэж очсон улсынхаа иргэншлийг авалгүй “Нансеновскийн паспорт” гэж нэршсэн бичиг баримттай амьдарч байсан нь үнэн юм.

Дүрвэсэн ч буцаж харьсан эх орончдын ижил бус хувь заяа

Дүрвэгч эх орончдын ихэнх нь (жишээ нь Ф.Шаляпин) шарил дээрээ орос нутгаас авччирсан хөрс шороо цацуулан эх орноо санагалзсаар харьд нас эцэслэсэн бол зарим нь эх орондоо буцан очиж байв. Генерал Николай Скоблин, зохиолч Александр Куприн, яруу найрагч Марина Цветаева, нөхөр Сергей Эфрон нар тэдний тоонд орно. Гэвч эх орондоо ирлээ гээд сайнаар төгссөн нь ховор юм. Улс тэдгээр эх орончдыг дуудахдаа янз бүрийн зорилго агуулж байсан нь буцаж ирэгсдийн хувь заяанаас харагддаг. Зохиолч Александр Куприн, яруу найрагч Марина Цветаева нар дээр жишээ авья.  

1936 оны аравдугаар сарын 23-нд Улс төрийн товчоо И. В. Сталин, В. М. Молотов, В. Я. Чубарь и А. А. Андреев, К. Е. Ворошилов нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, гадаадад дүрвэж гарсан иргэдээ  эх оронд нь буцааж авах тухай асуудлыг хэлэлжээ. Гишүүд хүн нэг бүрийг тусгайлан хэлэлцэж, санал хураан шийдэж байсан бөгөөд энэ өдөр зөвшөөрөгдсөн хүний нэг нь зохиолч Александр Куприн байв. 

А.Куприн бол Хаант Орос улсын армийн офицер байсан, зохиол бүтээлээрээ алдаршсаныхаа дараа парламентад сонгогдож явсан нэгэн. Хувьсгал ялснаас хойш улс төрөөс гарч, М.Горькийн үндэслэсэн “дэлхийн утга зохиол” сэтгүүлд ажиллаж байгаад Франц руу гарсан нэгэн. Тэрээр тариачдад зориулсан “Газар” гэдэг сонин гаргахаар В.Ленинтэй биечлэн уулзаж дэмжлэг авсан ч асуудал Моссоветын дарга Л.Каменев дээр очоод гацчихсан гэдэг. Үүний дараа эх орноосоо гарсан байдаг.    

Түүнийг буцааж авчрахыг К.Ворошиловоос бусад нь дэмжсэнээр зохиолч 1937 он эх орондоо хөл тавьжээ. Түүнд улсаас Ленинград дахь Лесной өргөн чөлөөнд байр гаргаж өгсөн байна. Түүхийн бүх эх сурвалжуудад А.Куприныг ирэхдээ хөдөлмөрийн ямар ч чадваргүй, маш хүнд өвчтэй байсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэр ч битгий хэл 1937 оны зургадугаар сард “Известия” сонинд гарсан “Төрөлх Москва минь” хэмээх нийтлэлийг Н.К.Вержбицкий А.Куприны өмнөөс бичсэн гэх аж. Зохиолч 1938 оны наймдугаар сарын 25-нд нас барсан.

Тэгвэл А.Куприны адил Францаас эх орондоо эргэж ирсэн яруу найрагч Марина Цветаевад огт өөр зүйл тохиолдсон юм. 1939 онд нөхөр, охины хамт нутагтаа буцаж ирсэн тэдний гэр бүлд Зөвлөлт засаг хэтэрхий хатуу ханджээ. Дотоод яамныхан 1939 оны наймдугаар сарын 27-нд охин Ариаднаг нь, аравдугаар сарын 10-нд нөхөр Сергей Яковлевич Эфроныг нь баривчилжээ. Сергей Яковлевичийг хоёр жил хориод 1941 оны аравдугаар сард буудан хороосон бол охин нь 15 жил хоригдоод 1955 онд суллагджээ. Марина Цветаева энэ явдлын дараа шүлэг бичихээ больж, орчуулга хийн амь зууж байгаад 1941 оны наймдугаар сарын 31-нд амиа хорлосон юм.  

 Дүрвээгүй ч дүрвэгчдийн "туг" нь болж амьдарсан эх орончид

ЗХУ-ын Ерөнхий сайд Алексей Косыгин 1966 оны арванхоёрдугаар сард Парист “Дайны үед ЗХУ-д очсон хүмүүсийг эх орондоо буцаж харих, гэр бүлтэй нь эргэн нэгтгэхийн тулд бүхнийг хийнэ. ЗХУ-ыг бүрмөсөн орхих байсан ч хамаагүй” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, ЗХУ-д амьдарч байсан герман, грек, испани, еврейчүүдэд хууль ёсны дагуу цагаачлах боломж нээгджээ. 1967-1990 оны хооронд энэ боломжийг 576 000 орчим хүн ашигласан гэсэн тооцоо байдаг. Гэхдээ “зарим” шаардлагатай арга хэмжээ авахаа мартсангүй. Сайн дураараа ЗХУ-аас гарч явсан хүнийг буцаж ирэхийг нь хатуу хоригложээ. Мөн цагаачлахыг хүсэгчдэд виз саадгүй олгож байгаа гэж зарлаж, тодорхой хэмжээгээр хэрэгжүүлсэн ч “Гадагш нь гаргаж болохгүй” хэмээн хүмүүсийг нэр зааж байсныг бас дурдах нь зүйтэй. Гадагш гарах эрхгүй эдгээр хүмүүсийг “Отказник” буюу “Татгалзагч” хэмээн нэрлэдэг байжээ.

1967 оны “Зургаан өдрийн дайн”-д ЗХУ Палестин болон Арабын орнуудыг дэмжсэн нь еврейчүүд олноороо дүрвэн гарах шалтгаан болов.

Афганы дайн дэгдэж, академич А.Д.Сахаровын нөлөөллөөс болж гадагшаа чиглэсэн цагаачдын урсгал эрс нэмэгдсэн тул 1980 оноос виз олгохоо эрс хумьсан байна. ЗХУ 1979 онд 51 333 хүн цагаачлалын виз өгч байсан бол 1982 онд 2688, 1983 онд 1315, 1984 онд 896 болж эрс багасчээ.

Тэр үед ЗХУ-аас гарч явсан хүмүүсийн оюун санааны гол чиглүүлэгч нь академич, устөрөгчийн бөмбөгийг зохион бүтээсэн Андрей Сахаров, зохиолч Александр Солженицын, дуучин Владимир Высоцкий нар байв. Тэд эх орондоо хайргүй байгаагүй. Нам засагт биш ард түмнээ хайрлаж байсан нь тэдний ижил тал юм.  Гагцхүү тэр хайр нь ардчиллын чиг баримжаатай байсан нь тэдний эхний алдаа, тэр чиг баримжаагаа өөртөө хадгалалгүй ил гаргасан нь  хоёр дахь алдаа нь юм.

Энэ гурвын хоёр нь буюу А.Сахаров, В.Высоцкий нар ЗХУ-аас хэзээ ч гарч яваагүй. Гэхдээ туулсан амьдралаараа 576 000 хүнийг дүрвэж гарахад хүргэсэн юм. Бүр тодруулбал, энэ хүүмүүс гаргасан ЗХУ-ын хандлага нь ийм үр дүн дагуулсан юм.

Владимир Высоцкий гэхэд, Зөвлөлт засгийг хэзээ ч ил цагаан эсэргүүцэж байгаагүй. Ёгт байдлаар чимхэх бол ардчилсан чиг баримжаатай улсад бол байх л үзэгдэл. Тэр дуу шүлэгтээ ийм “алдаа” бол олныг хийсэн. Гэтэл энүүхнийх нь төлөө уран бүтээлчдийг сөргүүлэн тавьж, хэвлэлээр газар дор ортол нь муулж байв. Нэр алдартай уран бүтээлчдийг энэ бохир ажилдаа ашигладаг байжээ. “Москва орчмын үдэш” дууг зохиосон Соловьев Седой В.Высоцкийг авьяасгүй, аянууд нь уйтгартай гэж ярилцлага өгч байв. 

Урлагийн зөвлөлүүд шүлгийн номыг нь хэвлэхээс татгалзаж, кинонд тоглуулдаггүй байжээ. Амьдралынхаа турш тоглосон 1000 гаруй концертынх нь нэг нь ч албан ёсны зартайгаар зохион байгуулагдаагүй аж. Энэ бүх дарамтын хажуугаар КГБ-ын мөрдөгччид байнга мөшгиж, утасны яриаг нь чагнаж байв. Жирийн хүн бол ийм дарамтыг тэсэлгүй архичин болох, гадагш гарах хоёрын аль нэгийг сонгох байсан биз. Харин В.Высоцкий гадаагш гараагүй юм. Хэрвээ баруун руу гарвал Зөвлөлтийн эсрэг суртал ухуулгад нь маш том нэмэр болно гэдгийг тэр ойлгож байсан. Тиймээс л тэвчиж амьдарчээ.

Академич А.Сахаров устөрөгчийн бөмбөг зохион бүтээснээсээ хойш нийгмийн элит хэсэгт багтсан ч төр засгаа шүүмжилснээс болж намаас хөөгдөн бүх шагналаа хураалгаж золиослогдсон нэгэн. А.Солженицын ураан бүтээлээсээ болж хэмээгдэж олон жил шорон оронгоор явсан. Хэнээс ч илүү улс орныхоо төлөө хөдөлмөрлөсөн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүмүүст ингэж хандсанаараа тухайн үеийн төр засаг өөрөө цагаачлалын давлагааг өдөөсөн гэж хэлж болно. 

Социалист системд шаарлагдсан хүмүүсийг барууныхан шүүрч аваад од болгодог зарчмаар А.Солженицын, А.Сахаров нарт Нобелийн шагнал хүртээж нөлөөллийг нь улам томруулсан байдаг. Гэсэн ч тэд хэзээ ч эх орныхоо эрх ашигт харшлах үйлдэл хийгээгүй юм. Харин бусад нь тэдэн шиг болохгүйн тулд дүрвэжээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна