-Төгрөг цаас болохгүй гэсэн баталгаа байна уу-
Энэ оны төсвийг 1.4 их наяд төгрөгөөр танаж байгаа. Эндээс төр ер нь хэмнэлтийн горимоо хэрэгжүүлж эхлэх юм байна гээсэн баримжааг олон нийт авсан.
Гэтэл өнгөрсөн даваа гарагт 2027 оны төсвийг өргөн барихдаа өмнөх жилийнхээс даруй 9.6 их наяд төгрөгөөр өсгөж, өмнө тогтсон төсөөллийг 180 хэм эргүүлж орхилоо.
Гэнэтийн бэлэг
Төсвийн тодотгол өргөн барих үед л сөрөг хүчин 1.4 их наядаар танахыг чамлаж, ямар ч алдагдалгүй төсөв өргөн барих боломж байгаа гэж мэдэгдэхийн хамт бүлгийн 41 гишүүн нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэж мэдэгдчихээд байсан шүү дээ.
Ингэснээр намуудын улстөржилт, хэрүүлийн золиос нь төсөв болдог жишээ энэ жил давтагдах нь тодорхой болж байх шиг байна.
Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцсээр хугацааг нь тулгаж, улмаар сөрөг хүчиндээ “Авлигажсан төсөв” буюу тодорхой төслүүдийг “бэлэглэсэн” өнгөрсөн жилүүдийн жишиг энэ жил давтагдах вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна.
Ардчилсан нам ч, Ардын нам ч төсөв дээр “бойкот” хийдэг нь гэм биш зан. Гэсэн ч ямар нэгэн байдлаар тохиролцоод хугацаанд нь 90-ээс дээш хувийн саналаар баталж орхидог.
Заримдаа “Төсөвт суулгасан үр ашигүй зардлаа хэвээр үлдээхийн тулд албаар улстөрждөг юм уу” гэж хардмаар.
Ирэх оны төсвийн тухайд, иргэний нийгэм, сөрөг хүчний зарим субъектүүдийн хэлсэн үгнээс харахад л тийм сайн болоогүй гэдэг нь харагдана. Эндээс “Хэмнэлтийн”, “Ард түмэндээ зарцуулна”, “Ард түмнээрээ шийдүүлнэ” гэсэн нэрний цаана асар том булхайг нуусан төсөв байж мэднэ гэсэн хардлага шууд төрж байна. Жишээ нь, “Оюутолгой" компаниас орж ирээгүй байгаа гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Энэ мөнгийг ямар нэгэн дарга урдуур нь орж, төсөвт оруулж ирээд, түүгээрээ станц, дэд бүтцийн төсөл барих ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн тухайд тусгай заалт нь өөрөө тодорхой байгаа. Энэ мөнгө иргэн бүрийн нэрийн дансанд орох ёстой.
Сөрөг хүчний үүргийг үзэх цаг
Агуулга, хэлбэр гэж ойлголт бий. Хэлбэр ямар ч байж болно, агуулга чухал. Тэгвэл 2026, 2027 оны төсөв хэлбэрийн хувьд ч, агуулгын хувьд ч огт эсрэг тэсрэг байна.
2026 оны төсвийг эрх баригчид “3 гаруй их наяд төгрөг танаж, хэдэн зуун даргын орон тоо цомхотгосон” хэмээн хэлбэрийг нь хэтэрхий өргөн сурталчилсан. Тодотгохдоо ч 1.4 их наяд төгрөг танасан л гэж байна. Төсөв хэлэлцэж эхлэхэд сөрөг хүчин нь хүн шиг байр суурь илэрхийлдэг, явцдаа төсвийн үзүүлэлт олигтой дээрдээгүй байхад санал нийлээд 90-ээс дээш хувиар санал нийлж баталдаг, тэгээд хэлбэрээ сурталчлаад дуусдаг байдал олон жил үргэлжиллээ.
Манай хойд хөрш ОХУ гэхэд нэгдсэн төсвөө 60-70 хувийн саналаар л баталдаг. Улс төрийн намууд нь байр сууриндаа үлдэж чаддаг гэсэн үг.
Гэтэл ардчиллын үлгэр жишээ улс гэж цээжээ дэлддэг Монголд Парламентад суудалтай намууд нь нийлж мэдэгдэл хийгээд 90, 100 хувийн саналаар баталдаг. Тэгээд хэлбэрдэж эхлэх жишээтэй. Энэ жил тийм зүйл битгий болоосой.
Оюутолгойн ногдол ашгийг ч олон жил сунжирдаг, сунжирсан ч "ОХУ-ын үл үзэгдэгч гар зогсоолоо, саатууллаа" гэх мэтээр таамаг уралдуулж, хэн ч хариуцлага хүлээдэггүй Цахилгаан станц гэх мэтэд оруулж үрэн таран болгомооргүй байна. Тавдугаар станц төсвийн мөнгөөр тав, зургаа нүүсэн жишээ бий шүү дээ.
Энэ жилийн төсвийн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцож, 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан байна.
Орлого 9.6 их наядаар өсчихөөд байхад, бүр байлаа гэхэд өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахдаа “Ер нь цаашдаа төсвөө алдагдалгүй батлах бодлого рүү орж байна” гэж уянгалж байснаа бодоод ядаж алдагдалгүй баталж болмоор. Одоо энэ асуудалд Ардчилсан намын дуу хоолой чухал боллоо. Хэлэлцэж эхлэхэд сүртэй, сүртэй юм ярьчихаад хусмаа авсан хүүхэд шиг ярайтал гар өргөж 100 хувийн саналаар батлав гэж зориуд сануулъя. Ерөнхий сайдын онцлоод байгаа есөн онцлогт хуурч мэхэлсэн буюу залилангийн шинжтэй, цаашид эдийн засагт хор болж мэдэх буруу шийдлүүд байгааг эрхбиш анзаарсан гэж найдаж байна.
Төсөв алдагдалтай батлах нь муу биш, улсын төсөв тэлэх нь ч буруу биш. Гагцхүү нэмэгдсэн цалингаар авдаг юм нь нэмэгдсэн үү гэдэг чухал. Төсвийн тэлэлтийн багагүй хэсэг нь цалин, тэтгэвэрт зориулагддаг, гэтэл энэ бол ихэнх нь хүнсэнд зарцуулагддаг мөнгө. Дотоодын үйлдвэрлэл, хангамжаа нэмэгдүүлээгүй тохиолдолд энэ мөнгө инфляцийг хөөрөгдөнө, гаднын улсыг дэмждэг.
Басхүү нэгэнтээ тэлсэн төсөв буцаж агшдаггүй гэдгийг бодолцож, цаашид өсөлтийг хангах төслүүдэд хөрөнгө хуваарилах нь чухал гэдгийг л хэлж байна.
Одоохондоо төсөв дөнгөж өргөн баригдсан, Намрын чуулган эхлэхээр гол хэлэлцүүлэг өрнөнө. Жинхэнэ “хэмнэлтийн, өсөлтийг хангасан төсөв” болгоод оруулаад ирэх хугацаа, боломж аль, аль нь байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна