Сүүлийн үед улстөрчдийн амнаас “Ард түмэн” гэдэг үг ихээр гарах боллоо. Улстөрчид ард иргэдийнхээ төлөө ажиллах нь мэдээж сайн хэрэг, гэхдээ хөгжлийн шийдлийг ард түмнээс асуухдаа тулж байгаа бол өөр хэрэг.
Төрд бүх мэдээлэл бий, бас сонгогдсон элит удирдагчид, зөвлөх, мэргэжилтнүүд ажилладаг. Байгаа мэдээлэл, боловсон хүчиндээ тулгуурлаад хамгийн зөв шийдвэрийг төр гаргаж, зарцуулалтаа ч зохицуулах бөгөөд энэ нь улс орны хөгжин цэцэглэл, ард түмний сайн, сайхан амьдралд чиглэсэн байх учиртай. Харин, хатуухан хэлэхэд ард түмнээс хэзээ ч зөв шийдвэр гарна гэж байдаггүй. Ард түмний өөрсдийнх нь санал нэрээр популизм хийх шинж илэрч байгаа бол тэрийг дор нь нухчин дарах ёстой юм.
2010-аад оноос дэлхийн улс төрд популистууд хүчээ авч, популист намууд засгийн эрэхнд гарч эхэлсэн байдаг. Баялгийн тэгш хуваарилалт газар авч, ядуучууд сонгогчдын олонхийг бүрдүүлэх болсонтой зэрэгцэн бий болсон энэ үзэгдэл 2020 оноос намжиж, иргэд нь популистуудыг засгийн эрхээс зайлуулж эхэлсэн.
Популистууд улс орныг самрахад хугацаа багаддаггүйг энэ явдал харуулсан юм. Тиймээс популист улстөрчийг таних есөн шинжийг танилцуулж байна.
- Популистууд нийгмийг үргэлж “Ард түмэн”, “Элит” гэсэн хоёр хэсэгт хуваадаг
- Ганц өөрийгөө л ард түмний төлөөлөгч гэж ойлгуулахыг эрмэлзэнэ.
- Орчин үеийн популистууд олон улсын нөхцөл байдал, түүнтэй холбоотой айдас хүйдэс дээр дөрөөлсөн улс төр хийх нь хийх болсон
- Популизм коммунизмд ижил тал их бий.
- Биелүүлэхэд маш хэцүү амлалт өгдөг.
- Популистууд засгийн эрхэнд гарч ирэх нь эхэндээ таатай ч төгсгөлдөө эдийн засаг, улс төрийн хямрал дагуулдаг нь ёс.
- Дарангуйллын дэглэмтэй, эс бөгөөд дарангуйлал тогтоохыг хүссэн улстөрч, улс төрийн намтай улсын хувьд популизм нь засгийн эрх авах цорын ганц зам ч байж мэднэ.
- Дарангуйллын дэглэмтэй улсад популистууд засгийн эрх авбал ардчиллыг бий болгоно. Үгүй ч байж магадгүй.
- Засгийн газрууд “Ажил хийснээс шүүмжлэлийг няцааж суух нь хавьгүй дээр” гэдэг байдлаар асуудалд ханддаг болсон нь популизм газар авах бас нэг хөрс болсон гэж судлаачид үздэг.
Популистуудыг таних арга
Популизмд яг таг таарах тодорхойлолт байдаггүй. Гэхдээ улс төрд биеэ авч яваа байдал болон сонгуулийн үед дэвшүүлж байгаа бодлого зорилт, амлалтаар нь популист улстөрч, популизмыг хэрэгжүүлэгч улс төрийн хүчнийг таних шинж тэмдгүүд бол хангалттай бий гэнэ.
Анхаарна уу:
Хэрвээ хэн нэг улстөрч, эсвэл улс төрийн нам өрсөлдөгчөө “Популист” гэж цоллож байгаа бол өөрөө тийм байх өндөр магадлалтай гэнэ шүү. Мөрийн хөтөлбөрийг учир дутагдалтай, дутуу боловсруулсан, “Сонгогчдын саналыг авах гэж хэтэрхий улайрсан”, эс бөгөөс шууд “Популизм хийсэн” гэж буруутгаж байгаа бол тэднийг анхааралдаа аваарай. Ингэснээрээ тэд нэгдүгээрт, хэлэлцүүлгийн түгээмэл арга мерханизмыг шууд зөрчсөн, хоёрдугаарт, ингэж буруутгаж байгаагийн цаана сонгогчдыг тодорхойгүй зүйлээр айлгаж сүрдүүлэх санаархал явж байх өндөр магадлалтай.
Улстөрчид популизм, популист гэж өрсөлдөгчөө буруушаах явдал орчин үеийн улс төрд олон гарах болжээ.
Жишээлбэл, Бразилийн Ерөнхийлөгч асан Жаир Болсонару өөрөө хаанаас нь ч харсан популист улстөрч боловч өрсөлдөгчөө ор үндэсгүйгээр “Популист” гэж цоллодог нэгэн. Сонгогчдын ингэж төөрөгдүүлээд Ерөнхийлөгч болсон төдийгүй тавьсан анхны илтгэлдээ нийт бразилчуудыг “Популизмтай битгий зууралд, популистуудад бүү итгэ” хэмээн зад загнаж, популизмыг социализм, коммунизм, зүүний хэт даврах үзэлтэй нэгэн зиндааны хор хор уршигтай зүйл гэсэн байх юм.
Намуудын үзэл баримтлалын ялгаа үгүй болж байна
Популист улстөрчдийн дунд барууны ч, зүүний ч үзэлтэй нөхдүүд бий. Энэ байдал явсаар намуудын үзэл баримтлалыг ялгарлыг бүдэгрүүлж байгаа аж.
Зүүний популистууд:
Орчин үеийн парламентаризм, харилцан ашигтай хамтын ажиллагааг үгүйсгэдгээрээ жирийн социал демократуудаас ялгаатай. Энэ тал дээр тэднийг хуучны хувьсгалчидтай зүйрлүүлж болох ч нийгмийн тодорхой нэг анги давхаргын биш, бүх ард түмний эрх ашгийг элитүүдээс хамгаална гэж ярьдгаараа өөр юм.
Барууны популистууд:
Уламжлалт барууны үзлээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих шинжийг л авсан байдаг бөгөөд гадны цагаачидтай тэмцэнэ, гадны нөлөөнөөс улс үндэстнээ аварч хамгаална гэх зэргээр лоозогнодог байна.
Ер нь барууны, зүүний улстөрийн хүчнүүдийн алинд ч популист шинж чанар байдгийг хэлэх нь зүйтэй.
Өөрийгөө барууны үзэл баримтлалтай гэж сурталчилдаг нам төсвийн мөнгийг эдийн засагт оруулна (Жишээ нь, ЖДҮДС), эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд үнэгүй болгоно, татвар бууруулна гэж амлаад эхэлбэл хэрэг бишдэж буйн шинж гэнэ.
Эсрэгээрээ зүүний үзэлтэй нам гадны Засгийн газартай хэлэлцээр хийж иргэдээ гадагш нь ажиллах хүч болгож гаргана гэвэл мөн популизмын шинж тэмдгийг агуулж байгаа ажээ.
Анхаарна уу: Дээр үед зүүний, барууны үзэл баримтлалтай намуудыг дэвшүүлсэн уриалга, тавьсан зорилтыг нь хараад л мэдэж болдог байв. Одоо харин мөрийн хөтөлбөрийг нь уншаад ч ялгаж салгахад бэрх болжээ. Үүний нэг тод жишээ нь Германы Социал демократ нам, Христийн ардчилсан намын олон жилийн өрсөлдөөн юм.
Бусдаасаа хэт тасарсан улс төрийн хоёр намын өрсөлдөөн популизмыг дэвэргэх том шалтгаан болдог байна. “Эрүүл” өрсөлдөөний үед бол хоёр нам олон зүйл дээр санал нэгдэж, бодлогоо хамтран хэрэгжүүлэхэд хялбар болох ёстой баймаар. Харин популизмд автагдсан үед бол бие, биенээсээ эрс ялгаатай, биелүүлэхэд маш хэцүү амлалт өгч, сонгуулийг “Амлалтын өрсөлдөөн” болгодог байна.
Ретро популистууд буюу өнгөрснийг санагалзагчид
Популистууд нийгмийг айдаст автуулж, тэр айдас нь бодитой ирсэн мэт төсөөллийг бий болгон тоглолт хийхдээ гарамгай. Тийм намуудыг дээрх чанараар нь адилтган “Нэг сэдвийн нам” гэнэ. Ийм намууд нь нийгэмд хамгийн тулгамдсан ганц, хоёр сэдвийг л (Дүрвэгсэд, Брексит, олигархиудтай хийх тэмцэл, шударга ёс гэх мэт) барьж авдгаараа эрүүл төлөвшилтэй намуудаас ялгагдана.
Тэд маш чухал асуудлыг ярьж, уриалдаг боловч хэрэгжүүлэх тал дээр тодорхой шийдэл байдаггүй. Ялангуяа орчин үеийн популистуудад “Социализмд хүрнэ” гэдэг ч юм уу, ирээдүйн талаар бат төсөөлөл байхгүй, тиймээс ч өнгөрсөн рүү хандах нь олонтаа. Жишээ нь Европын олон оронд Евро интеграц, даяаршлын улмаас үүссэн хүндрэл бэрхшээлүүд хуримтлагдсан байдаг бөгөөд тэр зовлон дээр дөрөөлсөн популистууд 1970-аад оныг эргүүлэн авчрах талаар ил цагаан ярьж явдаг аж. Дайн дууссан, Евро интеграц, даяаршил хараахан газар аваагүй байсан учраас тэр гэнэ.
Баялгийн тэгш бус хуваарилалтын улмаас ядуурал ихэссэн, идэх уухаа яая гэж байгаа хүн олонтой Зүүн Европын улсуудад бол популистууд арай л коммунизм амлахгүй, гэхдээ санаа амар, мөр бүтэн, гэдэс цатгалан байдлыг амалдаг байх жишээтэй. Эрдэмтэд үүнийг ретро популизм хэмээн нэрлэжээ.
Эцэст нь өгүүлэхэд, барууны эрдэмтэд популизмыг зөв зам биш гэдэг үзэлдээ бат зогсож, популистуудыг шүүмжилсэн хэвээр байгаа. Гэсэн ч нөлөө нь яалт ч үгүй нэмэгдэж, газар авч байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ байдлаас гарах ганц зам нь орчин үеийн, олон нийтийн-улстөрийн тогтолцоог бий болгох явдал гэж үзэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна