УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа өөрийн хамаарал бүхий “Хос мөнгөн зам” ХХК-иар төрөөс “Сонгино-Хяргас нуур” чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам барих тендер авч, улмаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шенжиан Шенфа” ХХК-иар гүйцэтгүүлээд мөнгийг нь дутуу өгч хохироосон гэх хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Уг мэдээлэл гарсан даруйд Э.Бат-Амгалан сайд яаран сандран хэвлэлд ярилцлага өгч "Б.Пунсалмааг мэдэх ч мэндийн зөрүүтэй л явдаг. Дүү Э.Батбаяр хаана юу хийж явдгийг мэдэхгүй, бизнесээ хийгээд явдаг” гэж мэдэгдсэн байдаг.
Уг мэдэгдлийн дараа Б.Пунсалмаагийн Хос мөнгөн зам ХХК-иас Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаярын эхнэр Э.Энхмаагийн эзэмшлийн “Би эи ти девелопмент партнерс” ХХК руу нэг жилийн дотор гэхэд 6.8 тэрбум төгрөгийн дансаар болон бэлнээр шилжүүлсэн баримтыг хэвлэлүүд ил болгосон.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас тодруулахад өөрийнх нь хамаарал бүхий этгээд төрсөн дүүгийнх нь компани гадны компанийг залилсан "Хос мөнгөн зам" ХХК-иас их хэмжээний мөнгө авсныг нь үгүйсгэсэнгүй.
Тодруулбал, Э.Бат-Амгалангийн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үеийн хандивын тайланг харвал, төрсөн дүү Э.Батбаярын "Би Эй Ти девелофмент партнерс компаниас 30 сая төгрөг, Э.Батбаяр хувиасаа 10 сая төгрөг, дүүгийнх нь эхнэр Э.Энхмаагаас 10 сая төгрөг шилжүүлсэн байгаа юм.
Баримтаар “Шенжиан Шенфа” ХХК-иар замаа бариулж, төлбөрөө төлөөгүй залилсан УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн "Хос мөнгөн зам" ХХК-иас 2021 оны наймдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК руу гурван удаагийн гүйлгээгээр 4.8 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг.
Мөн компанийн данснаас 2021 оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд бэлнээр 2.7 тэрбум төгрөг зарлагадаж, 2.0 тэрбумыг нь 500 сая, 500 сая, 1.0 тэрбумаар нь “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК руу шилжүүлсэн байгаа юм.
Эндээс гадны компанийг залилсан мөнгөөр сонгууль санхүүжүүлсэн байх магадлалтай гэх хардлагыг төрүүлж байна.
Тэрбээр "Миний дүүгийн "Би Эй Ти партнерс" компани миний сонгуулийн хандивт 30 сая төгрөг өгсөн. Тус компани руу шилжүүлсэн мөнгөний асуудлыг хууль, шүүхийн байгууллага тогтооно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна