Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлалын "Далд хэлэмж" хийгээд цаад зорилгууд

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 53 минут

Эрх намын шин дарга, түүхэн дэх хамгийн залуу УИХ-ын дарга Н.Учрал анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлсэн. Төрийн өндөр албан тушаалтан айлчлал хийх эхний улсаа сонгох нь санамсаргүй тохиолдол байдаггүй, шууд ба шууд бусаар олон мессэжийг хэлж байдаг.

Манай Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа гадаад харилцааны хувьд эхлээд Олон улсын хамтын нийгэмлэг /3.1.1.2, 3.1.1.3/, дараа нь хоёр хөрш /3.1.1.4/, түүний дараа Гуравдагч хөрш /3.1.1.5/-ийн харилцааг оруулсан байдаг нь нэг ёсны эрэмбэ бөгөөд үе, үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын анхны айлчлал үүнээс гажиж байгаагүй.

Ерөнхийлөгч П.Очирбат анхны айлчлалаа ОХУ-д, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди анхны айлчлалаа БНХАУ-д, гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн БНХАУ-д, дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгт, тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д /Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон/ айлчилсан зэргийг энд дурдаж болно. 

Өөрөөр хэлбэл, төрийн өндөрлөгүүдийн анхны айлчлал нь тухайн улсын гадаад бодлогодоо барьж байгаа чиг шугам, улс орнуудад өгч байгаа ач холбогдлыг илэрхийлэх хүчтэй хэрэгсэл бөгөөд илүү урт хугацааг юм уу нэгэн цаг хугацаанд болж байгаа гадаад айлчлалууд, гаргасан шийдвэр зэргийг харахад тухайн улсын гадаад бодлогодоо баримталж байгаа бодлого, чиг шугамыг ойлгож болно гэсэн санаа. 

Яг энэ талаас нь харвал, сүүлийн үед төрийн өндөрлөгүүд анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлээгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа АНУ-д, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ анхны айлчлаа Японд, түүний орыг залгасан Г.Занданшатар мөн Японоос гадаад айлчлалаа эхлүүлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий  сайд байхдаа анхны айлчлаа БНСУ-д хийж байлаа.   

Энэ цаг үед Монгол Улсын эрх баригч намын дарга, УИХ-ын даргаар богино хугацаанд дараалан сонгогдож шинээр тодорсон удирдагч Н.Учрал ОХУ-аас айлчлалаа эхлүүлснээр хойд хөршид эерэг "дохио"-г өгсөнгэж хэлж болох юм.

 Түүний айлчлалын талаарх мэдээлэлд хувь хүнтэй холбоотой танин мэдэхүйн шинж чанартай мэдээлэл зохих хувийг эзэлж, ТАСС агентлаг угсаа гаралтай нь холбоотой алдаа эндэл гаргасан нь ч үүнтэй л холбоотой бөгөөд хэдий нэр хүндтэй агентлаг байж буруу ойлголтыг түгээсэн нь алдаатай боловч оросууд манай хүнийг сонирхож байгааг тодорхой хэмжээгээр илэрхийлсэн гэж бодож байна. Үүнд буруу юу байх билээ.   

Дээр нь Н.Учрал бол насны хувьд Монголын миллениал үеийн төлөөлөл буюу Зөвлөлтийн нөлөө хүчтэй байх үеийг сонсож дуулснаас цаашгүй, цэвэр ардчиллын он жилүүдэд өсөж хүмүүжсэн удирдагч. Тиймээс түүнийг баруунд боловсрол эзэмшсэн гэдэг утгаар нь харж, анхааралтай ажиглаж байсан байх. Хэдий докторын зэрэг хамгаалсан сэдэв, уулзсан өдөртэйгөө холбогдуулсан боловч Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко И.В.Сталин Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн гэгддэг Ялтын хэлэлцээрийн зургийг дурсгасан нь үүнтэй холбоотой “түншилт” байсан байж ч мэднэ.        

Ямартай ч УИХ-ын дарга Н.Учрал анхны гадаад томилолтоо ОХУ руу өвөртөлсөн гэдэг нь л өөрөө чухал илэрхийлэл, Монгол Улсын хөршүүдээ өгдөг ач холбогдол, эв эерийг эрхэмлэсэн, харилцан ашигтай, ашил хэрэгч бодит үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзлийг хангалттай харуулж чадсан бөгөөд оросуудын төдийгүй олон улсын анхаарлыг ч багагүй татсан нь айлчлалын нэг үр дүн яах аргагүй мөн юм. 

ОХУ-ын төрийн дээд түвшний удирдагчид ч үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиноос эхлээд “Монгол Улсын Их Хурлын даргын хувиар албан ёсны анхны гадаад айлчлалаа ОХУ-д хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаа” гэдгээ илэрхийлж, хоёр улсын болон ард түмний бат бөх найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно” гэж онцлон тэмдэглэж байв.

Евразийн эдийн засгийн хэлэлцээрийг ашигтайгаар эргүүлэх боломжийг эрэлхийлэв

УИХ-ын даргын айлчлал Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулсан үед тохиосноороо онцлог бөгөөд тэрбээр айлчлалын турш энэхүү хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай байлгахын тулд маш их хичээж, бодит үр дүн гаргах тал дээр харилцан алхам хийхийг санал болгож, нааштай хариу авч байлаа. 

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотон болсноор мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн, арьс шир болон зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг тус холбоонд багтдаг ОХУ, Казахстан, Беларусь, Киргизстан, Армен улсуудад татваргүйгээр нийлүүлнэ.

Хэлэлцээр хөрсөн дээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, Евразийн эдийн засгийн холбооны улсууд руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой гэсэн тооцоо гарсан. 

Зөрүүлээд өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүнүүдийг мөн татваргүйгээр оруулж ирэх үүрэг хүлээж буй. 
Ерөнхийдөө экспортоос олох ашиг, гарах үр дүн /малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлээ босгох/, өртөг шингэсэн бүтээгдэхүүн оруулж ирснээр хүлээх эрсдэл хоёроо тооцоолж байж хийсэн сонголт учир маш сайн бэлтгэхгүй бол болохгүй.  

Хуучин Зүүн Европын улс орнууд Европын холбоонд элсчихвэл түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээд “алаад өгөх” чинээ бодоод том эндүүрсэн ойрхны жишээ бий. Бараа бүтээгдэхүүнийх нь чанар гол зах зээл гэж тооцсон Европын холбооны хөрөнгөлөг улсуудын стандартыг мөргөн унаж, өөрсдөө харин өндөр технологи ашиглан хямд өртгөөр бүтээгдсэн бараа бүтээгдэхүүний үерт өртөн үндэсний үйлдвэрлэл нь эрсдэлд орсон байдаг. Аливаа холбоонд нэгдэхийн өмнө стандарт, дүрэм нэгтгэлт буюу интеграци заавал явдаг ч ийм хүсээгүй үр дүн гарсаар байдаг. 

Тиймээс УИХ-ын дарга Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлтэй институцийн түвшинд ойртож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг илүү тогтвортой, урьдчилан таамаглахуйц болгох эхлэл гэдгийг байнга онцолж байв.

Мөн стандарт, баримт бичгийн бүрдүүлэлт, техникийн зохицуулалт, гаалийн дүрэм журам зэрэг худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүй хориг саадыг арилгаж бодит үр дүн гаргах, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хөнгөвчлөх, гааль, техникийн зохицуулалт, стандартын уялдааг сайжруулах, улмаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгаа гэдгийг айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол-ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолж байв. 

Чөлөөт худалдааны түр хэлэлцээр, түүнийг харилцан ашигтай, ажил хэрэгчээр хэрэгжүүлэх нь Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хувьд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөх, үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж гэдгийг тэрбээр форумд оролцогчдод онцгойлон захисан.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын холбогдох байгууллагууд холбооны гишүүн улсуудад ажиллаж, стандартаа нэгтгэх ажлуудыг хийгээд эхэлчихсэн. УИХ-ын дарга энэ асуудалд онцгой ач холбогдол өгч, “Мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бусаас гадна хил, гаалийн шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт бодитоор мэдрэгддэг. Иймд энэ удаагийн форум зөвхөн боломжийг ярих талбар бус, харин тулгамдаж буй асуудлыг ил тод хөндөж, шийдлийн гарцыг хамтдаа эрэлхийлэхэд чиглэх ёстой” гэдгийг тодотгож байлаа.

Товчхондоо, хэлсэн үг, албан мэдээнд “...Урьдчилан таамаглахуйц байх” гэх мэтээр анзаарагдамгүй дурдагсан үгсийн цаана хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ эргэлтэд оруулах, цаашлаад эдийн засгийн өндөр үр ашигтай болгохоор зориг шулуудаж, тодорхой эрсдэл хийж байгуулж байгаа энэ хэлэлцээрийг ашигтай болгохын тулд тулгарч болзошгүй саад бэрхшээлийг арилгах том ажлууд яригдаж байгаа гэдгийг уншигч танд дуулгаж байна. 

Чөлөөт худалдааны түр хэлэлцээр гишүүн улсуудын Парламент бүгд хэлэлцэн баталснаар хүчин төгөлдөр болох бөгөөд ОХУ, Беларусь, Казахстан улсын Парламент хэлэлцээрийг хоёрхон батлаад буй. Одоо Киргизстан, Армен улсын Парламент батлахад хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.133
    23 минутын өмнө

    Бариуунд төгссөн залуу хүн болохоор Оросууд их сонирхсон бхаа

    Хариулах