“Бүрэн дэмжлэг”-ийн хомсдол

Zuv.mn
2 цаг 11 минутын өмнө

Улс төрийн намуудад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй улстөрчдийн өрсөлдөөн ил дөлд өрнөж,  олон нийтийн санал асуулга явуулдаг агентлагууд тандалт шинжээ хийсэн мэдээлэл цацагдлаа.

МЕС агентлагаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар МАН-аас нэр дэвшвэл хамгийн өндөр санал авах магадлалтай улстөрчөөр Г.Занданшатар нэрлэгджээ.  

Харин АН-аас хамгийн нэр хүндтэй улстөрчөөр Н.Алтанхуягийг нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн том хоёр улс төрийн намаас Г.Занданшатар, Н.Алтанхуяг нарыг нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гэж үзсэн байна.

Энэ бол ерөнхий мэдээлэл бөгөөд задлаад харвал маш сонирхолтой, өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, намуудын нэр хүнд, түүнчлэн зарим хувь улстөрчдийн цаашдын хувь заяанд нөлөөлж мэдэх үр дүнгүүд гарчээ.

Бүрэн дэмжлэгийн хомсдол

Судалгаанд оролцсон иргэдээс “Бүрэн дэмжинэ” гэсэн хариулт авсан /хувиар илэрхийлж болохуйц/ дөрөвхөн улстөрч гарчээ. Хамгийн өндөр нь Г.Занданшатар 4 хувь, тэгээд Н.Алтанхуяг 2 хувь, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж тус бүр 1 хувь бүрэн дэмжлэг авсан байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүнээс гадна бүх цэргийн команпдлагч, нийт монголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Энэ утгаараа олон нийтийн дэмжлэг чухал бөгөөд энэ нь Монгол Улсын цаашдын хувь заяатай холбоотой, хамгийн түрүүнд харгалзан үзэх ёстой чухал үзүүлэлт. Гэтэл хэдий түүврийн аргаар хийсэн ч судалгаанд оролцсон иргэдээс бүрэн дэмжлэг авах улстөрч байхгүй, байсан ч чамлалттай түвшинд байгаа нь харамсалтай. Төр иргэний итгэлцэл талаас нь харж, энэ нь үндэсний аюулгүй байдлын үзүүлэлт болдог тухайд авч үзвэл энэ бол түгшүүр төрүүлэхүйц үзүүлэлт юм.

Эмэгтэй нэр дэвшигчид ээлгүй хэвээр байна

Санал асуулгад МАН-аас нэг /Б.Батцэцэг/, АН-аас хоёр /С.Одонуяа, / эмэгтэй нэр дэвшигч дурдагджээ. Эднээс Б.Батцэцэг хамгийн өндөр буюу 11 хувийн дэмжлэг авчээ. Нөгөө хоёр нь ес, найман хувийн дэмжлэгтэй. Чамлах үззүүлэлт биш гэж бодъё гэхэд гурвуул “Хэзээ ч дэмжихгүй” гэсэн хариулт авснаараа тус, тусынхаа намд толгой цохиж байгааг анзаарахгүй байх арга алга.


Уг нь монголчуудын амгийн их хүсдэг нэр цэвэр нэр дэвшигч эмэгтэй улстөрчдөөс л гарч ирэх магадлал өндөр ч одоохондоо улс төрийн дээд түвшинд өндөр дэмжлэгтэй нь л дээрх хэд байгаа бөгөөд олон нийт харин тэгж үнэлэхгүй байгааг МЕС-ийн судалгаа хангалттай харуулж өгсөн байна.

Н.Алтанхуягт “Хөгжлийн банкны хэрэг” нь саад болж мэднэ

Хэдий 1082 хүний дунд явуулсан ч гэлэн энэ нь олон нийтийн санаа бодлыг тодорхой хэмжээнд илэрхийлнэ. Ер нь ч тэргүүлэгчдийн тухайд “ханатай” гарчээ. Харин энэ “ханатай” дүн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Шүүх дээр шалгагдаж байгаа “Хөгжлийн банкны” гэх хэрэгтэй хэрхэн холбогдож байгаа нь анхаарал татаж байна.

60 чавганцын уралдаан болж, нэг нь түрүүлэх үү

Өнөөдөртөө Ерөнхийлөгчийн сонгуульд хэн гэдэг улстөрчийг дэмжиж байгааг харуулсан энэ удаагийн судалгаа мэдээж туйлын үнэн биш. Эцсийн эцэст, Парламентад суудалтай улс төрийн нам л хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийднэ.

Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгтээ ороогдоод, Г.Занданшатар АН-ын шахалтад хэтэрхий олон орж бүдэрлээ гэхэд арын улстөрчид нь нэр хүнд хэтэрхий муутай, үндсэндээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль 60 чавганцын уралдаан болж хувирах нь судалгаанаас тодорхой харагдлаа.

Тодруулбал, Монголын улс төрд Ерөнхийлөгч болоход бэлтгэгдсэн, олон нийтээс хангалттай дэмжлэгтэй нэр дэвшигч хараахан гарч ирээгүй байгаа гэдгийг харуулсан нь энэ удаагийн судалгааны гол үр дүн болжээ.  

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.185
    20 минутын өмнө

    Занданшатарыг дэвшүүлвэл худлаа шүү гарахагүй харин нэр цэвэр бохир улс төрөөс хол явсан УИХ гишүүн Рэгдэл гуай ялж чадна шүү бусад нь бол бүгд бохир худлаа ард түмэн дэмжихгүй АН аас гарсан нохойг ч дэмжиж мэднэ шүү наад судалгааны байгууллагууд худлаа шүү

    Хариулах