УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн М.Нарантуяа-Нарагийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн талаар ес зүйн дэд хороонд одоогоор ямар нэгэн гомдол, өргөдөл ирээгүй байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлыг бид харж, ажиглаж байна. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн хүрээнд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бухимдлаа илэрхийлсэн байдалд ямар ямар зохицуулалтуудаар ямар ямар хариуцлага хүлээлгэхээр заагдсан байдгийг харж байна. Ёс зүйн дүрэмдээ гомдол ирсэн тохиолдолд Ёс зүйн дэд хороогоороо авч хэлэлцдэг.
Сар шинийн баяраар орон гэрт нь хулгай ороход хэн ч гэсэн бухимдана. Халаглана, харамсана. Гэхдээ бухимдлаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэж олон нийтийн сүлжээнд тавьсан нь зохисгүй үйлдэл. Үүнээс хойш хэдэн өдөр өнгөрлөө. Бодвол жаахан уужирсан байх. Өөртөө дүн шинжилгээ хийсэн байх. Өөрийнхөө бурууг ойлгож олон түмнээс уучлалт хүсч алдаагаа засах боломжийг энэ хүнд өгөх ёстой гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд дүрмээрээ сануулга өгөх, уучлал гуйхыг шаардах, зургаан сарын хугацаанд цалинг нь 20 хувиар бууруулах хариуцлага тооцдог. Ёс зүйн зөрчлийг хэд хэдэн удаа давтаж гаргасан тохиолдолд, мөн ёс зүйн зөрчлийн хор нөлөөнөөс нь хамаараад хүлээлгэж байгаа хариуцлагууд хоорондоо ялгаатай байдаг эсэх зохицуулалт дутмаг байгаад байна. Энэ зохицуулалтуудыг эргэж харах шаардлагатай.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбогдох гээд үзэж байна. Мессэж бичсэн. Цахимаар гаргаж байгаа өргөдөл гомдлын эзэн нь тодорхой, гаргаж байгаа асуудал нь хууль дүрмийн хүрээнд байх юм бол өргөдлийг хүлээж авч болно.
Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах зохицуулалт байдаг ч процедурын хувьд тодорхой биш байдаг. Ард түмний итгэлийг аваад сонгогдсон гишүүн төрийн түшээ хүн маш өндөр хариуцлагатай байх ёстой. Хэрвээ үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй бол эргүүлэн татагдах нь зөв гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна