Азийн орнуудын зовлонгийн №1 ШАЛТГААН: Хүйсийн тэнцвэргүй байдал

Х.Батсайхан
1 цаг 44 минутын өмнө

-“Эрлийзүүд”, хүн амын хэт төвлөрөл, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн өсөлтийн гол буруутан нь тэр 

Монгол эмэгтэйчүүд гаднын иргэдтэй гэр бүл болох явдал нэмэгдсээр буй. Энэ байдал даамжирвал цаашдаа монгол хүний цусны цэвэр байдал алдагдаж, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө гэсэн анхааруулгыг эрдэмтэд хэлж л байдаг. Тэгвэл Азийн нэг бус улс яг энэ асуудалд анхаарлаа хандуулж, судалж байгаа юм байна.

Дэлхий дээр мэндэлж байгаа хүүхдүүдийн талаас илүү хувь нь эрэгтэй байдаг. Гэхдээ балчир насандаа өөд болох эрсдэл эмэгтэй хүүхдийг бодвол их байдаг тул насанд хүрэх үед эр, эм хүйсийн харьцаа тэнцэж, улмаар нас ахиад ирэхэд эмэгтэйчүүд илүү болж ирдэг байна.

Гэтэл БНХАУ, БНСУ, Энэтхэг, Бангладеш зэрэг улсад хүйсийн тэнцвэргүй байдал нэмэгджээ. Энэ нь голдуу маш сөрөг үр дагаврыг үүсгээд байгаа учраас ийнхүү анхааралд орж ирсэн юм байна. Хүйсийн тэнцвэр дээр дурьдагдсан улс орнуудын газар тариалангийн бүс нутагт илүү ажиглагдаж байгаа аж. Эдийн засгийн боломжтой БНСУ-ын тариаланчид гаднаас эхнэр авах болсон тул эрлийз хүүхдүүд ихээр мэндэлж, тэр нь бас л дотооддоо асуудал болж байгаа юм байна.   

Охин хүүхэд тоодоггүй БНХАУ

БНХАУ-ын хувьд “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлсэн 1979 оноос хойш эрэгтэй хүйс давамгайлж эхэлжээ. Энэ нь тариачин гэр бүл охин хүүхдээ төрмөгц нь шууд хөнөөж, эрэгтэй хүүхдийг л өсгөдөг болсонтой холбоотой.

Зохиолч Шинрэн Сюэ Хятадын Именг хязгаарын Шаньдун мужийн тариачин өрхийн аж амьдралыг нүдээр үзсэнээ ингэж бичжээ.

“Тариачин эрийн эхнэр нь амаржив. Бид гал зуухны өрөөнд сууцгааж байлаа. Унтлагын өрөөний зүгээс эмэгтэй хүний ёолох дуу хадна. Төрөхөөр дуншиж буй эмэгтэй нэг огцом хашгирснаа төрөв бололтой, чимээгүй боллоо. Нам гүм байдал хэсэг ноёлсны эцэст эр нөхрийн “Хэрэггүй амьтан” гэсэн урамгүй дуу гарч хувин руу ямар нэгэн зөөлөн юм пүлхийн орох нь дуулдав” гэж бичжээ.

 Хатагтай Шинран үүний дараа болсон явдлын талаар “Надад үнэхээр аймшигтай байсан. Хоёр жижигхэн хөл хувин дотроос арвалзаад л. Би түүнийг авахаар ухасхийсэн боловч цагдаа нар намайг зогсоосон юм. Тэд надад “Туслах гэсний хэрэггүй ээ, дэндүү оройтсон байна” гэж хэлсэн юм. 

Харин төрсөн үрээ хувин руу шидэн хөнөөсөн эх “Энэ чинь охин шүү дээ. Охин хүүхдийг дор нь алчих явдал энэ газар ердийн үзэгдэл” гэж жишим ч үгүй хэлж байв. Миний сэтгэл өвдсөн хэвээр байсан тул “Тэгсэн ч гэсэн энэ чинь амьд хүүхэд байсан” гэхэд өөдөөс “Энэ хүүхэд биш ээ. Охин байсан. Энэ бүс нутагт хүүгүйгээр та амьдарч чадахгүй. Охидуудыг энд хүүхдийн тоонд оруулдаггүй” гэж хээв нэг хэлсэн юм даа”. 

Бүх Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн (CASS) хийсэн судалгаа үнэхээр охидууд хүүхдийн тоонд ордоггүй гэсэн дүгнэлтийг баталсан юм. Залуу эмэгтэйн хүрэлцээгүй байдлаас болж 10 жилийн дараа гэхэд нас бие гүйцсэн таван эрэгтэй тутмын нэг нь ганц биеэр насыг барах гунигт хувь тавилан тосч байна гэсэн харуусам баримтыг судалгааны ажилтнууд нийтэд дэлгэсэн билээ.

 Тус Академи хүн амын хүйсийн харьцааг тогтоохдоо насанд хүрсэн болон 19-өөс доош насны гэж ангилж үзсэн байна. 20 жилийн дараа гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа 30-40 харьцаатай болох төлөв ажиглагджээ. Эр хүйсийн давамгайлал хамгийн ихтэй Герман 23 эрэгтэйд 20 эмэгтэй ноогдож байгаатай харьцуулбал энэ бол түгшмээр үзүүлэлт билээ. 10 жилийн дараа гэхэд эхнэр авах найдваргүй хятад залуусын тоо Европын хамгийн том гурван улсын хүн амтай тэнцэнэ гээд төсөөл дөө. БНХАУ “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо цуцалсны гол шалтгаан болзошгүй дайнаас гадна энэ асуудал байсан юм. 

 Эрлийзүүд асуудал болсон БНСУ

 БНСУ-д эр хүйстэн эрс давамгайлснаас хүйсийн харьцааг тэнцвэржүүлэхийн тулд төр засгаас тусгай бодлого хэрэгжүүлэхэд хүрчээ. Хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, эмэгтэйчүүдийн тоо буурсан тул тус улсын газар тариалангийн салбарт ажилладаг эрчүүд гадаад орноос эхнэр авах нь ихэсчээ.

 Гэтэл БНСУ бол гадны иргэдтэй гэр бүл болдог хувиараа дэлхийд ч тодлгой цохидог улс. Тус улсад нийт гэрлэгсдийн 10 хувь нь гадаадаас эхнэр авдаг.

 Гэтэл газар тариалангийн бүс нутагт энэ дунджаас илүү байгаа гэхээр солонгосчуудын сэтгэл түгших нь аргагүй. Солонгос бэр болж очиж байгаа бүсгүйчүүдийн ихэнх нь БНХАУ, Монгол, Филиппин зэрэг орны иргэд байдаг аж.

2016 онд "2020 он гэхэд Солонгосын фермерүүдийн тал хувь нь эрлийзүүд болсон байна" гэсэн ноцтой таамаг ч гарч байв. Тэр үед хүүхэд багачуудыг солонгосын ази буюу “kosians” гэсэн шинэ нэр томъёогоор нэрлэж магадгүй хэмээн эрдэмтэд анхааруулжээ.

 Эхнэр худалдаж авдаг Энэтхэг, Бангладеш

 Ази тивийн Энэтхэг, Бангладеш, Вьетнам зэрэг улсын газар тариалангийн бүс нутгуудад 100 охинд 124 хүү ноогдох болтлоо хүйсийн харьцаа алдагджээ. Хүү төрвөл ажилд тусална гэж үздэг байснаас одоо баян болсон орнуудад ч хүйсийн тэгш бус байдал ихээр илрэх болсон байна. 

Ийм болсон учир шалтгаан нь БНХАУ-ынхтай ижил, тариаланч айл өрх хүүтэй болж, ажилдаа туслуулах гэсэн сонирхлоос үүдэлтэй. Хүйсийн тэнцвэргүй байдлыг улсын хэмжээнд ярихад арай гайгүй тоо сонсогдож байгаа ч яг одоо мэндэлж байгаа хүүхдүүдийн хүйсийг газар тариалан эрхэлдэг мужийн мужийн хэмжээнд аваад үзвэл зарим газарт үнэхээр санаа зовмоор тоо гарна. 

Улаан буудай, төмс, будааны тариалан голчлон эрхэлдэг БНХАУ-ын Аньха мужид 2010 оны байдлаар, шинээр мэндэлж буй 227 хөвгүүнд 10 охин ноогдож байсан гэж бодохоор үнэхээр аймшигтай. БНХАУ-ын эрх баригчид  “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогоо цуцлах болсон үндсэн шалтгааны нэг нь энэ юм.

 Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг айл олон хүүхэдтэй байх тусмаа л сайн гэж үздэг. Өөдөр тутмын хүнд хүчир ажлаа нугалахын тулд тэр. Гэтэл ганцхан хүүхэдтэй болохыг зөвшөөрчихөөр наанадаж ажилд тустай, цаанадаж ганц баялаг болсон газраа хүний идэш болгохгүй гэсэндээ хүүг илүүд үзсээр ийм байдалд хүрчихжээ.  

Азийн орнуудад эсрэг хүйстэн рүү чиглэсэн гэмт хэргийн тоо сүүлийн 20 жилд бараг хоёр дахин нэмэгджээ. Эдгээр нь хүчирхийлэх, хулгайлах, хүний наймаа, биеийг нь үнэлүүлэх зэрэг хамгийн онц ноцтой хэргүүд байгаа бөгөөд хохирогч нь үргэлж эмэгтэйчүүд байдаг аж. 

Энэтхэг, БНХАУ-д эрчүүд эхнэр худалдаж авдаг болсон талаар ярьдаг. Тэгвэл сүүлийн үед үнэ нь улам нэмэгджээ. Үүнээс болж охид бүсгүйчүүдийн амиа хорлолт ч нэмэгдэж байна. БНХАУ-ын газар тариалангийн бүс нутагт 15-34 насны охид бүсгүйчүүдийн нас баралтын үндсэн шалтгаан дунд амиа хорлолт илүүтэй жин дарж байдаг нь түгшүүр төрүүлж байгаа юм.   

 Хот улс болох шахаж буй Монгол

Монгол бол хэт төвлөрлөөсөө болоод зовж байгаа хачирхалтай улс. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.4 хувьтай тэнцэх газарт өдгөө 1.4 сая хүн оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэн, нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг “шингээж” байгаа юм. 

ҮСХ-ноос гаргасан хэтийн төлөвт нийслэлийн хүн амыг 2040 онд 2.44 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Тэр үед Монгол Улсын нийт хүн ам 3.94 сая болно гэснийг хувьд шилжүүлбэл, нийт хүн амын 61 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрнө гэсэн үг юм.

 Хүн амд нь харьцуулбал хамгийн том газар нутагтай, олон сая малтай хэрнээ монголчууд өнөөдөр нийслэлдээ төвлөрөөд, сайн дураараа утаа хэмээх гамшгийн хохирогч болж дэлхий нийтийн элэг доог болж суугаа нь угтаа бас л хүйсийн тэнцвэргүй байдалтай холбогдоно.

Монгол улсын хүн амыг нийтэд нь аваад үзвэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тоогоор үргэлж давуу буюу эмэгтэйчүүд  51 хувь, эрчүүд 49 хувь байж ирсэн. Гэтэл хот, хөдөөд энэ байдал алдагдаж, хотод эм, хөдөөд эр хүйстнүүд давамгайлах болжээ. 

Хөдөөний малчин айл өхвгүүдээ мал дээр гаргаж, охин хүүхдээ хот руу сургууль соёлд явуулах нь түгээмэл. Гэтэл сургуульд явсан охид нь хотод “шингэж” үлдсэнээр хөдөөд залуусын тоо давамгайлах шалтгаан болсон байна. Эцэст нь хөдөөгийн залуу эхнэр хайн хотод ирснээр хөдөө нутаг эзэнгүйдэж, хотын хүн ам өссөөр байна.   

Улаанбаатарт төрөлтийн хувь улсын дунджаас үргэлж дээгүүр байгаа бөгөөд шилжиж ирсэн иргэдийг оролцуулаад жил бүр дөрвөн хувиар өсч байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна