МАН-ын гишүүн залуус "хотын газар"-ыг дэнчин тавьж мөрийтэй тоглодог байж болзошгүй бичлэг цахим орчинд олны шүүмжлэлийг дагуулж эхэллээ.
Тодруулбал, тус бичлэгт НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан, Сэлбэ голын тохижилтын ажлын тендерийг авсан "Силла" групп компанийн ерөнхий захирал Г.Балжинням, Дамбын Хишигжаргалын хүү Х.Мөнхжин, Ангууч буюу Б.Баттөр нарын залуус нийслэлийн газраар мөрийцөж, мөрийтэй тоглосон уу гэх асуулт хариулт нэхэж байна.
Товчхондоо, энгийн иргэдэд олддоггүй нийслэлийн газар залуусын мөрийтэй тоглоомын бооцоо болж байгаа нь том асуудал мөнөөс мөн.
Учир нь Монгол Улсад мөрийтэй тоглох хууль бус. Эрүүгийн хуулийн 20.17-д Мөрийтэй тоглоомын талаар тодорхой заалтууд тусгаж өгсөн байдаг бөгөөд "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 400-450 мянган төгрөгийн торгууль, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас гурван жил зорчих эрх хязгаарлах эсхүл цагдан хорих ял шийтгэх заалттай.
Тухайлбал, Ж.Энхжаргалангийн хувьд нийтийн албан тушаалтан, нийслэлчүүдийг төлөөлж сонгогдсон сонгуульт албан тушаалтан учраас ёс зүйн өндөрлөгийг чанд баримтлах ёстой ч мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдлоо. Түүнчлэн саяхан улсад 40 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг нь прокурорт шилжээд байгаа билээ.
Х.Мөнхжингийн хувьд төрийн албан хаагч. Тэрбээр Булган аймгийн Бугад сумын арга зүйчээр ажиллаж байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан. Төрийн албаны шалгалтаа хэдэн өдөр бэлдэж өгсөн гэдгээ бичиж, Монгол төрийн босго өндөр юм гэж гайхаж байсан цаг саяхан. Төрийн албаны анхан шатнаас эхэлж, шат ахихаар зэхэж буй тэр ёс зүй, сахилга батыг чанд баримтлах ёстой.
Иргэдийн амьдрал хүнд, алга дарам газар олж авахад ч хэцүү байхад улс төрд хамааралтай, нөлөө бүхий этгээдүүд Улаанбаатар хотын газрыг мөрийтэй тоглоомын бооцоонд ашиглаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Энэ бол "дабль" стандарт юм. Нийслэлд өнгөрсөн хугацаанд олгосон газар олголт хуулийн хүрээнд явагдсан уу гэх асуудлаар эрх баригчид нээлттэй сонсгол явуулж байсан. Сонсгол үр дүнд хүрээгүй, "шоу" байсны илрэл нөлөөтэй айлын хүүхдүүд нийслэлийн газраар дэнчин тавьж мөрийтэй тоглож байгаагаар харагдаж байна.
Тус асуудлыг хууль хяналтын байгууллага нэн яаралтай анхааралдаа авч, хэрхэн шийдэгдсэнийг иргэдийн сонорт хүргэх ёстой. Нийгэмд шударга бус зүйл газар авч, байдаг л зүйл мэтээр тогтож болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.122
Айлын хүүхдүүд давраастай !
Хариулах