Морины сийлбэрч Ч.Батжаргал: Эрхтэн дутуу гээд шантрах үе их байсан ч хайртай хүүхдүүдээ бодоод хичээдэг байсан

С.Гандэлгэр
1 цаг 2 минутын өмнө

Зөв.мн сайт 30 орчим жил модоор сийлбэр хийж буй "Морины сийлбэрч" Ч.Батжаргалтай ярилцлаа. 

- Сайн байна уу ? Юуны өмнө та уншигчдад өөрийгөө танилцуулна уу ? 

- Намайг Ч.Батжаргал гэдэг. Сүүлийн үед морины сийлбэрчин гэдэг болсон. Манай аав сийлбэрчин, хөгжмийн зохиолч хүн байсан. "Энх улирал", "Малчин аав" гэх мэт олон дуу зохиосон доо. Миний хувьд анхандаа мал маллаж байлаа. Дараа нь нэг хэсэг алт мөнгөний дархан хийгээд болохгүй болохоор нь нэг хэсэг Монгол дээл оёсон. Одоо модон сийлбэр хийгээд 30-аад жил болж байна. Хоббигоо ажил болгочихсон хүн дээ. Анх бол хачин юм хийдэг байлаа. Тэр үед утас, зураг хөрөг ч байгаагүй болохоор их дэлгүүр рүү явж хүний хийсэн юм харж сийлбэрээ хийдэг байлаа. Уйгагүй хичээл зүтгэлийн дүнд л сурсан даа. Ер нь хүн хийе бүтээе гэвэл болдог л юм байна лээ.

- Таны анхны бүтээл морь байв уу. Дөнгөж сийлбэр хийж байгаа хүнд алдаа оноо байх биз?

- Анхны бүтээл гэвэл нэг хөдөөний өвгөн "Морь хийгээд өгөөч, ах нь нэг хонь өгье" гэдэг санал тавьж байсан. Гэтэл тэр үед миний морь хийнэ гэж юу байх вэ дээ. Хүн аймаар л юм хийж байсан. Харин ёстой мундаг ухаантай өвөө байж таарсан. Миний бүтээлийг “Их гоё байна. Яваандаа их гоё болно, Чамд ирээдүй байна” гээд урам өгч байсан. Хүн ер нь урмаар тэтгэгддэг юм байна лээ. Тэр тусмаа эр хүн.

- Таныг олон сайхан хүүхэдтэй гэж сонссон. Хэдэн хүүхэдтэй вэ ? Мэдээж хүүхдүүдийнхээ төлөө төдийгөөс өдийг хүртэл хичээсээр ирсэн байх ? 

- Манайх долоон хүүхэдтэй өнөр өтгөн айл. Гурван охин, дөрвөн хүүтэй, найман ачтай. Том охин маань төрөхөд амьдрал хүнд байсан. Тэр үед би хаа байсан Оргилоос төмрийн хог үүрээд Офицер хүртэл явж тушаадаг байсан. Би санаа зовохгүй ярьдаг юм. Амьдрал хүнд байсан ч тухайн үед төмрийн хог түүгээд охиныхоо шөлний хонь, цайны сүүг олчихож л байсан. Хэдий ядарсан ч охинтой болсон гээд бөөн баяр болж байлаа. Хог үүрээд, төмөр үүрээд явж байгаа ч шударгаар олсон мөнгө болохоор би бардам байдаг. Өнөө, маргаашдаа яах вэ, хэцүү байж болно. Гэхдээ шударга байвал яваандаа юманд хүрнэ гэж боддог. Би хэрвээ шударга үнэн яваагүй бол энд хүрэхгүй.

-Хүнд хэцүү, арга мухардах үе их тохиолддог байв уу?   

-Өө, тэгээд хүнд арга мухардах, чадахгүй мэдэхгүй байх үе зөндөө гарна. Шантармаар үе ч зөндөө гардаг. Хүний л амьдрал юм хойно зовлон жаргал бүх зүйл тохиолдоно шүү дээ. Үнэхээр хүнд үе их тохиолдсон. Хоногийн хоол ч үгүй болчихсон одоогийн хүмүүсийн нохойнд өгөөд байгаа жижиглэнгээр хоол хийж иддэг байсан үе ч бий. Гэхдээ надад хэдэн хүүхэд минь байсан. Зарим хүмүүс насаараа мөрөөдөөд ч хүүхэдтэй болохгүй байхад надад гурван охин, дөрвөн хүү байна. Ер нь хүний харах өнцөг байдаг юм байна лээ. Зовлон гэж харвал зовно. Зовлонгүй, болно гэвэл зовохгүй. 

- Хүүхдүүдээ ярихаар л таны нүд сэргэчихэж байна шүү ? 

- Хөөрхөн шүү дээ миний хүүхдүүд. Одоо хамгийн бага охин маань зургаадугаар анги. Бага маань миний ганц нар шүү дээ. 

- Тэр үеүдэд хамгийн том тус дэмжлэг болж байсан хүн нь хэн байв ?

- Миний хань. Хамгийн хүнд хэцүү үед минь ганц түшиг тулгуур болдог хүн бол миний хань байна. Яг унах үе надад зөндөө л гарч байсан. Нэг удаа миний үеэл ах “Чиний хоёр гарыг чинь хүн аваад явчихаагүй биз дээ. Толгой чинь байгаа биз дээ” гээд хэлж байсан. Тэгээд би яагаад унах ёстой юм. Унахгүй байх шалтгаан надад байгаа шүү дээ.

Ер нь тэгээд эр хүн бол аав ээжтэйгээ байхад буухгүй юм шиг л явдаг байж. Агаарт. Ерөөсөө нэг тийм омголон, агаарт яваа юм шиг л байсан. Харин аав, ээж бурхан болсны дараа бүх ачаа өөр дээр ирсэн дээ. Одоо нас яваад ирэхээр аав, ээж, нутаг усаа их санах юм. Өөрийн эрхгүй л нутаг явах юм сан гэж бодох юм. Баянхонгор аймаг Эрдэнэцогт сумынх.

- Аав ээждээ хэлж чадаагүй үг бий юу ?

- Байгаа. Байлгүй яах вэ. Би чинь хөшөөн дээр нь очиж уйлдаг хүмүүсийн нэг шүү дээ. Амьд ахуйд нь хайрлаж чадаагүй юм. Хөшөөн дээр нь очоод хамаг зовлонгоо, юу тохиолдсоноо ярьдаг даа. Тэгээд амьд байхад нь яагаад нэг удаа хайртайгаа, баярлагдаг гэдгээ хэлээгүй юм бол гэж их харамсдаг. Боломж байдаг бол та хоёртоо маш их хайртай. Намайг хүн болгож өгсөнд нь маш их баярладаг гэдгээ хэлмээр байна. 

- Та өөрийгөө хэл ярианы бэрхшээлтэй талаар ярьж байсан. Нууц биш бол юунаас болоод ийм болсон бэ? 

-Манай ээж олны төлөө явдаг эмч хүн байсан юм. Рентгений эмч л дээ. Тэгээд жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар байгаад өөрийнхөө хүүхдийг ийм болгочихсон юм. Тагнай минь цоорхой болчихсон гэсэн үг. Рентгений хороос болоод ийм болчихдог юм байна лээ. Жирэмсэн хүнийг хамаагүй рентгенд харуулдаггүй байхад манай ээж бүр ажилладаг байж таарсан. Ам бардам хэлэхэд би эрхтэн дутуу гээд сэтгэлээр унаж, архинд орж яваагүй. Ямар ч байсан хэл амтай хүнээс дутахгүй санаатай л явна.

- Та 30 орчим жил сийлбэр хийсэн. Тэр дундаа морины сийлбэр хийсэн. Энэ ажлыг хийхэд ямар ур ухаан шаардлагатай вэ? 

- Сийлбэр хийнэ гэдэг чинь маш нямбай ухаан шаардсан ажил байхгүй юу. Энэ чинь бараг ном бичихтэй утга нэг шүү дээ. Бүх оюун ухаанаа хандуулж хийнэ. Үгүй бол муу л юм гарна. Сэтгэл санаа амгалан тайван байвал гоё юм гарна. Энэ бол 100 хувь хүний оюун санаатай холбоотой байдаг. 

Морины сийлбэрийн хувьд өдөрт гурав гээд бодохоор 30 жилд 30 гаруй мянган морь урласан байна. Ингээд бодохоор амьдралынхаа маш их хугацааг зөвхөн морь урлахад зарцуулсан байгаа юм. Мэдээж өөр олон төрлийн бүтээл байгаа. Тэдэн дундаас Монгол наадам гээд бүтэн жил урласан бүтээлээ би хамгийн шилдэг нь гэж боддог. Бүтээл маань Бөөгийн холбоонд байгаа. Одоо бүр хүмүүс зургаа авахуулдаг фон болчихсон байна лээ. Монгол наадам гээд наадамтай холбоотой бүх агуулгыг оруулсан бүтээл байдаг. 

-Ингээд харахад бэрхшээл, асуудал бүрийг та сэтгэлийн хүчээр давж, туулжээ. Энэ бүхний ар дээр та юуг ойлгосон бэ? 

-Эрхтэн дутуу болохоор бүрэн бүтэн хүмүүстэй хөл нийлүүлээд алхана гэдэг надаас хоёр дахин илүү хичээл зүтгэл шаарддаг юм байна лээ. Тэгж байж л эрхтэн бүтэн хүмүүстэй мөр зэрэгцэж явна шүү дээ. Энэ дундаас нэг юм ойлгосон юм. Хүн юу хийх нь хамаагүй, яаж хийх нь хамаатай юм байна. Шал угаах, хог ачих, байшин барих, машин барих юу ч хийсэн бай чин үнэнээсээ хийх хэрэгтэй. Жишээ нь, энэ морийг би гоё болгоно гэж хийвэл хамаг ухаанаа зарцуулах ёстой. Харин энэ мориор мөнгө олно гэвэл зарж олсон мөнгө нь чамд юм болохгүй. Худалдаж авсан хүндээ ч адилхан. Шударга амьдарч, шударгаар мөнгө олвол зам мөр нь ч, цаашдын амьдрал нь ч дардан байна гэж боддог доо. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна