НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү хурлаас гарсан онцлох үр дүнгийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Бэлчээр хамгааллыг олон улсын анхааралд оруулж, анх удаа санхүүжилт батлууллаа
Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлаар өмнө нь ой мод, хүлэмжийн хийн асуудал голлох байр суурь эзэлж, санхүүжилт энэ чиглэлд зарцуулагддаг байсан бөгөөд бэлчээрийн асуудал орхигдсоор иржээ.
Бэлчээр нь дэлхийн бүх газар нутгийн 54 хувийг эзэлж, дэлхийн найман тэрбум хүний хоол хүснний хэрэгцээг хангах гол бааз суурь, хоёр тэрбум хүний амьдралын эх үүсвэр болдог бөгөөд 500 сая хүн мал аж ахуй эрхлэн амьдралаа залгуулдаг гэсэн тооцоо бий.
Асуудал нь өөрөө том, тулгамдсан сэдэв болохыг энэ тоо баримт хэлж байгаа ч өмнөх COP-уудын анхаарлын гадна үлдэж байсан аж. Өөрөөр хэлбэл, бэлчээрийг олон улсын бодлогод тэргүүлэх ач холбогдолтой гэж авч үздэггүй байжээ. Олон улс төдийгүй үндэсний хэмжээнд ч ач холбогдол өгөлгүй явж ирснийг “Ой мод хамгаалах төлөвлөгөө”-г 181 улс орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний төлөвлөгөөндөө тусгасан байхад бэлчээр хамгаалах төлвлөгөөг 24-хөн улс тусгасан байдгаас харж болох юм. Энэ хэрээрээ бэлчээрйг сайжураалх, нөхөн сэргээх чиглэлд нэг ч удаа санхүүжилт олгож байгаагүй.
Газар нутгийн ихэнхийг бэлчээр эзэлдэг, мал аж ахуй чухал байр суурь эзэлдэг эдийн засагтай, цөлжилтад эрчимтэй нэрвэгдэж буй манай улсын хувьд энэ нь маш ашиггүй нөхцөл байдал гэдэг нь ойлгомжтой. Гэсэн ч энэ талаар ажиллах боломж хомс байв.
Тэгвэл манайд болсон COP17 хурлаар энэ нөхцөл байдал өөрчлөгджээ.
Монгол Улс зохион байгуулагч орны хувиар COP17 Бага хуралд "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд,
Манай улс бэлчээрийн газрыг COP17 Талуудын бага хурлын гол сэдэв болгож, Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 1.2 тэрбум ам.доллар болон газрыг өргөн хүрээтэй нөхөн сэргээхэд 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг бүрдүүлж чадсан.
НҮБ энэ жилийг Бэлчээр, малчдын олон улсын жилийн (IYRP) болгож зарласан, Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын бага хурал бэлчээр ихтэй ч тэдгээр нь эрчимтэй цөлжиж буй, мал аж ахуй голлосон эдийн засаг, малид олонтой Монгол Улсад зохион байгуулагдаж, манай улс тулгамдсан асуудлуудаа онцлох сэдэв болгосон.
Үр дүнд нь Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 45 төслийг 1.2 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх төлөвлөгөө батлагдлаа. Энэ нь Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын бага хурлын түүхэн дэхь хамгийн том нэг удаагийн санхүүжилт болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Монгол Улс зохион байгуулсан энэхүү бага хурал нь Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг эхлүүлж, 45 төслийн хүрээнд 1.2 тэрбум ам.долларыг нэгтгэсэн нь Конвенцийн түүхэн дэх бэлчээрийн хамгийн том нэг удаагийн санхүүжилт юм.
Түүнчлэн улс орнуудын Засгийн газрууд, Хөгжлийн банк, хөрөнгө оруулалтын сан, болон ААН-үүд таван тивийн 23 оронд газар нөхөн сэргээх, ган гачигт тэсвэртэй байдлыг дээшлүүлэх зорилготой 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг танилцуулсан. Үүний 644.5 сая ам.доллар нь шинэ санхүүжилт бөгөөд үүнээс 216.4 сая ам.долларыг нь баталгаажуулж, хэрэгжүүлж эхэлж байна.
Мөн бэлчээр нь 21-47 их наяд ам.доллар буюу дэлхийн эдийн засгийн бараг тал хувийг бий болгоход нөлөөлдөг бөгөөд бэлчээрийн доройтлыг нөхөн сэргээхэд зориулсан нэг ам.доллар бүр зургаан ам.доллар болж өгөөжөө өгдөг, хөррөнгө оруулалтыг усан хангамж зэрэгтэй хослуулж, цогцоор нь хэрэгжүүлбэл 36 ам.доллар хүртэл нэмэгдэх боломжтой гэсэн цоо шинэ судалгааны тайлан Улаанбаатарт болсон COP17 хурлаар анхлан танилцуулагдлаа...
/Үргэлжлэл бий/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна