Намрын улс төрийг АН эхлүүлж, МАН дахь цөөнх үргэлжлүүлж, Засгийн газар ганхах нь

С.Батзаяа
2 цаг 14 минутын өмнө

Энэ намрын улс төрийг АН эхлүүлэхээ мэдэгдсэн. Өнөөдөр иргэдийн амьдрал хүнд, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, өрнөөс өрний хооронд байхад эрх баригчид оновчтой бодлого явуулахгүй байна. Засгийн газрын алдаатай бодлогын улмаас шатахууны хомсдол, үнийн өсөлт, төсвийн алдагдал бий болсон учраас огцрох ёстой гэх шаардлага АН тавиад буй юм. 

Ээлжит сонгуулиуд хаяанд ирсэн энэ үед АН-ынхан одоо ямар нэг тохироо, “найраа”-нд орохгүй гэж дотооддоо тохиролцжээ. Тиймдээ ч орон даяар “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, иргэдээ сонсч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард иргэдээсээ асууна хэмээн ажиллаж эхэлсэн. Намын дарга нь гишүүдийн хамт зах худалдааны төвөөр ажиллаж, мах, өргөн хэрэглээний барааны үнэ асууж, иргэдийн амьдрал, худалдан авах чадвар ямар байгааг тодруулж харагдана лээ. Нэг талдаа АН сонгуульд бэлдэж иргэдтэйгээ ойр ажиллаж буй нь зөв. Нөгөө талдаа энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа тэн хагас хүртэл сөрөг хүчний үүргээ олигтой гүйцэтгэж чадахгүй “хэлгүй, дүлий” мэт байсаар эрх баригчдын алдаатай бодлогыг эс үйлдэхүйгээрээ өөгшүүлсэн. 

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Их тэнгэрт МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзсан. Энэ уулзалтаар МАН доторх зөрчилж арилж, эвлэрсэн гэж зарим хэвлэлээр цацаж буй ч үүнийг зарим гишүүн үгүйсгэсэн юм. Эх сурвалжийн мэдээллээр УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн хоёр хуваагдсан хэвээр байгаа аж. Уг уулзалтад МАН-ын бүлгийн 38 гишүүн очсон гэх мэдээлэл байна. Иймээс хэзээ мөдгүй товлогдож мэдэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын хувь заяаг дэнсэлж мэдэхээр байгаа юм. УИХ-ын дарга С.Бямбацогт энэ долоо хоногт даргын дэргэдэх зөвлөл хуралдуулж, ээлжит бус чуулганы тов тогтоохоо мэдэгдсэн.  

Төсвийн алдагдал, бензин шатахууны хомсдол, инфляц гээд өрхийн санхүү, иргэдийн цалин цавагт шууд хамааралтай үзүүлэлтүүд өссөн нь Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлж мэдэхээр байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч төсвийн алдаатай бодлогыг шүүмжилж, ялангуяа төсвийн тодотголын төслийг дэмжихгүй гэх байр суурь илэрхийлсээр байгаа юм. Энэ бол дэмжсэн асуудалдаа бүлгийн 100 хувийн шийдвэр гаргадаг намд эвлэрээгүй, ан цан байгааг илтгэж буй хэлбэр мөн. 

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт ажиллах үеэр “Дэлхий дахины дайн байлдаан, геополитикийн нөхцөл байдал бидэнд хүндээр тусаж буйг та бүхэн мэдэж байгаа. Шатах, тослох материалын хомсдол 8, 9, 10 дугаар сард хүндээр нөлөөлж болзошгүй байгаа. Ирэх даваа гарагт Засгийн газрын хуралдааныг зарлаж 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барина” гэх мэдээллийг тариаланчдад өгсөн. Хэрэв ургац хураалтын үеэр шатахууны тасалдвал ургац алдаж болзошгүй. Энэ жил дотоодоос гурил, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангах төлөвлөгөөтэй байгаа. Хэдий шатахуун гадаад нөхцөл байдлаас хамаарч буй ч энэ нь Монголын дотоод улс төрд хүчтэй нөлөөлж, гүйцэтгэх засаглалыг ганхуулах суурь шалтгаануудын нэг болж, сөрөг хүчин болоод засаг огцруулж дундаас нь хожих сонирхолтой улстөрчдийн өгөөш болж мэдэх нь. 

Өнгөрсөн хавар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүртэл чуулганд суулгүй, ирцээр бойкотолсон. Харин энэ удаа Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ цуглуулж, намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн өргөн барихаар төлөвлөж байгаа билээ. Үүн дээр эвлэрч чадаагүй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, ИЗНН-ын дөрвөн гишүүн нэмэгдвэл Засгийн газар огцрох кноп хангалттай бүрдэх учир намын дотоод эв нэгдлээ хангах, “гал” намжаах тактик Ерөнхий сайдын толгойн өвчин болж байна. 

 

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.186.137
    56 минутын өмнө

    МАН-ыг МАН-ын цүнх баригчид сөнөөж байгаа. Мэдлэгтэй, чадвартай, мэргэшсэн хүмүүсийг үзэж чаддаггүй нам. Угаасаа 1 хүнийг тахин шүтэх менталиттай, "дарга" төвтэй, долоогч албаттай учраас "дарга" бүхнийг шийднэ. Долоогч нар даргыг тойрон бүжих, магтан саймшрах л үүрэгтэй. Ажил хэрэг шийдэх, гүйцэтгэх болоход бүгд " даргаас асууя" гэнэ. Дарга юу л хэлнэв тэрийг л гүйцэтгэнэ. 2020 оноос хойш ялангуяа яг ийм болсон. Б-га, нэгжийн дарга нар ерөөсөө дээрх том даргын ам, харцыг дагаж бөмбөрнө. Тэр хүн унтаж сэрээд 1 агуу санаа олсон бол тэрийг л хэлтсээрээ хэрэгжүүлэх, тэрний төлөө хурган дарга том даргад тал олох л зорилготой. Төрийн албаны зарчим, төлөвлөлт, хараат бус гүйцэтгэл гэх ойлголт алсран холдсон. Ийм маягаар зөвхөн даргад үйлчлэх төрийн албаны тогтолцоог угсарсанаас болоод төрийн алба ямарч чадамжгүй, гаргаж байгаа шийдвэрүүд нь хөнгөн гоомой, үндэслэлгүй гарч, иргэдийг улам их бухимдуулдаг болоошш. Ийм систем угсарсан автор нь МАН-ын АГУУУ ИХ СТРАТЕГИЧ АМАРБАЯСГАЛАН ба түүний ноход. Сонгодог дүр нь Оюук, Нямбаа, Самараа, Амарбаясгалан өөрөө...гээл явж өгнө. Амарбаясгалан 2024 онд УИХ-ын дарга болонгуутаа өөрийн угсарсан схемээ гайхалтай ажиллуулж үзүүлсэн. ТЗ-ны байгууллага дотод Төрийн улс төрийн албан тушаал оруулж ирэнгүүтээ төрд 1 хоногч ажиллаагүй дарга нарыг олноор томилж, төсвийн мөнгийг зохион байгуулалттайгаар гайхамшигтай ихээр үрж, Төрийн албыг ПИАР-ын алба болгосон. Одоо төрийн байгууллагууд улс төрчдөд үйлчилдэг, Пиарын алба болсон доо.. Хичнээн хууль бус увайгүй томлгоо, халаа сэлгээ явагдав? Төрийн үйл хэргийг ухамсарлаж, чин сэтгэлээсээ төрдөө зүтгэж байсан сайхан сайхан хүмүүсийг албадаж гаргаад сошиал суурьтай гэдгэнэж годгоносон залуус, хамаатан саданг, намчдаар дүүргэвш..ккк. Нөгөөдүүл нь төрийн албаар гоёж, сул цалин авч, COP-17 -рхуу маягийн хурал сэмнайраар зугаацаастай.. ккк

    Хариулах
  • 66.181.160.59
    29 минутын өмнө

    Учрал өлбөгөр байгаа нь үнэн боловч МАН-д түүнээс өөдтэй нэг ч амьтан байхгүй нь харамсалтай!!!!

    Хариулах