МАН-ын Бага хурл маргааш болох гэж байгаа билээ. Хуралд МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавих бөгөөд Засгийн газрыг муухай харагдуулж байгаа Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр зэрэг сайд нараа “явуулах” зөвшөөрлийг намаасаа авна гэсэн яриа гараад буй.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор, Г.Занданшатарын танхимд буй ашиг сонирхлын хамгийн их зөрчилтэй, сөрөг хүчин хаврын чуулгантай зэрэгцэн Засгийн газрыг огцруулах асуудал сөхөх үед намдаа том гай болж мэдэх нэг сайдын асуудлыг хөндөж байна. Энэ хүн бол Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан юм.
УИХ-ын гишүүн болмогцоо огцом "баяжсан" хүн Э.Бат-Амгалангаас өөр байхгүй
Бизнесийн салбарынхан “Баянзүрх дүүрэгт баар ажиллуулж байсан” гэдгээр нь л мэддэг байсан Э.Бат-Амгалан 2020 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш огцом баяжиж, Монголын толгой баячуудын нэг болжээ.
2019 онд буюу НИТХ-ын төлөөлөгч байхдаа жилдээ 172 сая төгрөгийн орлого, 1.2 тэрбум төгрөгийн нэг орон сууц, 5.2 сая төгрөгийн хадаламж, 614 сая төгрөгийн өр зээлтэй гэсэн ХОМ тайлагнадаг байсан тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2022 онд жилдээ 1.4 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 362 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй, бусдаас 300 сая төгрөгийн авлагатай болж огцом баяжсан.

Э.Бат-Амгалангийн хувь эзэмшдэг “Опту” ХХК нь 2021 онд Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо буюу Улаанхуарангийн эцэст “Кайду молл” гэх 10 давхар худалдаа, үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан.
2022 оноос“Опту” ХХК нь “Кайду молл”-ынхоо замын урд буюу Баянзүрх дүүргийн нутагт найман блок, 23 давхар, нийт 966 айлын “Кайду сити” хотхоныг барьсан. Улмаар улс төрчдийн бохир мөнгө угаах арга гэгддэг тансаг зэрэглэлийн хаус хотхон барих ажилд орж, хотын хамгийн өнгөтэй, өөдтэй газруудад баригдах болсон эзэнгүй хауснуудын тоог нэмэх болсон байна.
-Баянзүрх дүүрэг, Гачууртын "Монгол шилтгээн"-ий ойролцоо Нова нест таун хаус хороолол
-Мөн Гачууртад Рио Виста тансаг зэрэглэлийн хаус хороолол
-Баянзүрх дүүргийн 11 хороо, "Скай резорт"-ын ойролцоо "Кайду вилла" тансаг зэрэглэлийн хаус хороолол зэрэг болно.
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Опту” ХХК-д хувьцаа эзэмшиж, орон сууцны хорооллуудыг ар, араас нь сүндэрлүүлэх болсон түүний Барилга, орон сууцжуулалтын сайд болсон цаад зорилго, олон хотхон бүтээн босгох хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн босгов гэдэг нь хуулийнханд тун ч сонирхолтой сэдэв юм.
Эрдэнэтчүүдийг луйвардаж "Зэс эрдэнийн хувь" ХХК-д эзэн суусан гэх "Бльюмон металс"-ын нууц эзэн
Түүнийг "Эрдэнэт" УБҮ-ийн балансын бус хүдрийн овоолгыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг "Бльюмон металс" ХХК-ийн "нууц эзэн" гэж ярьдаг.
Учир нь, "Бльюмон металз" ХХК-ийг Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр эхнэр Э.Энхмаагийн хамт “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК, “Квантум электрик монголиа” ХХК зэрэг ААН-ээрээ эзэмшдэг юм.
"Бльюмон металс" ХХК нь "Зэс эрдэнийн хувь" ХХК-тай анх катодын зэсийн үйлдвэр барихаар тохирохдоо 50 хувийг нь эзэмших байсан ч сүүлд 70 хувь болгосон, ингэж эзэн суусныхаа дараа 1000 төгрөг байсан нэгж хувьцааны үнийг 105 төгрөг болгож үнэгүйдүүлэн, хувьцаа эзэмшигч 24,500 иргэнийг хохироосон гэсэн хэл ам дагадаг. Сүүлд НӨАТ нэрээр 30 орчим тэрбум төгрөг завшсан асуудал мөн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.
Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр эхнэр Э.Энхмаагийн эзэмшдэг “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК нь "Шинжань Шинфа" ХХК-ийг хохироосон гэх "Хосмөнгөн зам" ХХК-иас 6.8 тэрбум төгрөг шилжүүлж авсан нь баримтаар ил болсон. Э.Бат-Амгалан сайд өөрөө энэхүү “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК-ийг "Манай дүүгийн компани" гэж, мөн сонгуулийн кампанит ажилд нь хуульд заасан дээд хэмжээгээр хандив өгснийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компанитай хэрнээ Барилга орон сууцжуулалтын сайд болсон түүнийг Нийслэлийн МАН-ыг авч, төлөөний хүнээ суулгахыг санаархаж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Барилгын компанитай, барилгын салбарын сайд болчихсон түүнд Баянзүрх дүүрэг нь жижигдэж, гарал үүсэл тодорхойгүй мөнгөөр баригдах барилгуудаа Нийслэл даяар сүндэрлүүлэх төлөвлөгөө боловсруулсан ч байж мэднэ.
Огцорч магадгүй байгаа Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар хэдий муу нэртэй ч Э.Бат-Амгалан шиг ашиг сонирхлын зөрчилгүй. Б.Чойжилсүрэн эрчим хүчний, П.Наранбаяр боловсролын салбарын компанитай байсан бол сайд болж ч чадахгүй байсан биз. Тиймээс эрх баригч нам Бага хурал Б.Чойжилсүрэн, П.Наранбаяраар туг тахиж өөрсдийгөө хуурахаас илүү Э.Бат-Амгалан шиг жинхэнэ будлианы эздээ холдуулах нь цаашдаа өлзийтэй байж мэднэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна