МАН-ЫН БАГА ХУРАЛ: Зарлагдсан "дайн"-ы дүрмийг тогтоож, Ерөнхийлөгчийн сонгуулийн хар зургийг гаргана

Zuv.mn
2 цаг 12 минутын өмнө

Эрх баригч МАН-ын Бага хурал өнөөдөр 10.00 цагаас товлогдоод байна. Хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэл тавьж, 2024 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэнэ. Ерөнхий сайдын илтгэл, сонгуулийн мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор зарим албан тушаалтанд хариуцлага тооцно гэсэн мэдээлэл бий.  

Бага хурал нь МАН-ын төлөөллийн төв байгууллага бөгөөд Их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах зэрэг эрхүүдийг хэрэгжүүлдэг. Тэдгээр бүрэн эрхээс цаг үеийг нь бодолцвол одоо "Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журмыг тогтоох", "Намын бодлогын тодорхой асуудлаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах" асуудал хамгийн чухал нь байна. МАН-ын бүх шатны сонгууль ирэх 3-4 сарын хооронд явагдана. Тэгэхээр, эхлээгүй байхдаа л ширүүсээд эхэлсэн энэ товлогдсон сонгуулиуд буюу хатуухан хэлбэл зарлагдсан дайны дүрмийг энэ хурлаар тогтооно гэсэн үг. 

"Намын бодлогын асуудлаар хэлэлцүүлэг явуулах" заалтыг  хэрэгжүүлнэ гэсэн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Одоо жил гаруйхны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гол өрсөлдөгч АН--ын нэг арга хэмжээн дээр дарга О.Цогтгэрэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамт харагдсанаар дотоод сонгууль нь харьцангуй тайван явагдана, Ерөнхийлөггчийн сонгуульд бэлтгэх тал дээр бид МАН-аас арай түрүүлж яваа гэдэг мессэжийг олон нийтэд өгсөн. Тиймээс МАН-д дотоод сонгууль гэж хамаг булайгаа дэлгэлцэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүндгүй очиж болохгүй гэдэг асуудал яригдах болов уу.   

Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт яригдсан тохиолдолд ганц нэг сайд нарыг явуулж нэрээ цэвэрлэх бол байж болох нүүдэл. 

 МАН-ын дүрэмд байдаг, гэхдээ энэ Бага хурлаар хэрэгжих магадлал бага нэг заалт нь жигүүр байгуулах асуудал. Дүрэмдээ бол Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө гэж заасан байгаа.   

 Л.Оюун---Эрдэнийн Засгийн газар огцорсноос хойш ил далд үргэлжилж байгаа эрх баригч намын дотоод тэмцэл ямар хэмжээнд байгааг харуулах энэ удаагийн Бага хурлыг хэвлэлүүд хэсэгчлэн дамжуулна. 


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна