МАН-ын шинээр бүрэлдсэн Бага хурлын II хуралдаанд МАН-ын дарга Н.Учрал үг хэлж, “Эрх чөлөөний дөвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогоо танилцуулж байна.Тэрбээр дөрвөн чөлөөлөлтөө дараах байдлаар тодорхойллоо.
Тэрбээр, "Монгол Ардын намын Бага хурлын гишүүдээ!
Эрхэм журмын нөхдөө
Та бид гал морин жилийн гарааны зурхай дээр их өөрчлөлтийг бүтээхээр энэ танхимд хуран цуглаад байна. Хаврын тэргүүн сарын шинийн 10-нд эрх чөлөөний шинэ замын шанг татахаар цуглаад байна. Монгол оронд морин жилд оюун санааны их тэсрэлт болдог. Монгол оронд морин жилд эрс өөрчлөлт шинэчлэл түрхрэн өрнөж, эрх чөлөөний нар мандаж, гал дүрэлздэг.
Өнөөдөр Та бид эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахаар цуглалаа. Эрх чөлөөт Монгол Улсын иргэн өнөөдөр эрхээ эдэлсэн шиг эдэлж байна уу? Үүнд “Тийм” гэж итгэл төгс хариулах хүн олдохгүй. Тийм ч учраас Та бид эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ. Эрх чөлөөгөө эдлэх олон түмний нэхэл шаардлага, нэгдэн нийлсэн их түрлэгийг ямар ч хүнд суртлын хана хэрэм хааж зогсоож чадахгүй. Хүний заяамал төрмөл эрх чөлөөг хиймэл зохиомол дүрэм журмаар хавчин хязгаарлах аргагүй.
Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.
Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна.
Бага хурлын гишүүд ээ!
“Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж 3 сарын өмнө хэлсэн үгэндээ эзэн байхын төлөө энд би зогсож байна. Та бүхэн ч ард түмэндээ эргэн ирнэ гэсэн үгийг үйлдэл, үр дүн болгохоор ирсэн гэж итгэж байна. Ардын нам ард түмнээсээ алсарч холдсон гэдэг үнэнээ бид хамтдаа хүлээн зөвшөөрсөн. Уран үг биш үнэн үг. Үнэнээ хүлээн зөвшөөрөх нь алдаагаа засах анхны алхам. Буруугаа мэдэх нь зөв замын эхлэл юм. Ням-Осорын Учрал би намын 31-р Их хурлын 2250 төлөөлөгч, Та бүхний итгэлээр Монгол Ардын намын даргаар сонгогдсоноо өндөр хариуцлага хэмээн ухамсарлан, уламжлал дээр суурилсан шинэчлэлийн төлөө хичээн ажиллаж байна.
Улс төрийн нам бол амьд организм. Буруу зуршлаа таягдан хаяж, зөв хэвшилд дадан суралцаж, өөрсдийгөө баригдмал сэтгэлгээнээсээ чөлөөлж байж, Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирнэ, түмнийхээ сэтгэлд дахин төрнө хэмээх зорилго бол миний үзэл санааны чиг шугам юм.
Тулсан бэрхийг туулж бүтээсээр ирсэн Монгол Ардын Нам шинэ сорилтын өмнө ирлээ. Аливаа шинэ сорилт болгон шинэ түүх бүтээх боломжийг эрэлхийлдэг. Монгол Ардын намын 105 жилийн ой, Эх орончдын баярыг тэмдэглэхийн утга учир нь ч алдаагаа засаад, ололтоо бататгаж, шинэ түүхээ бүтээхэд оршино. Ардын нам унасан ч босдог нам, уруудсан ч өгсдөг нам гэдгээ ахин батлан харуулах нь өнөөгийн бидний үүрэх ачаа, туулах зам.
Өнөөдөр Та бид Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирэх замаа зураглана. Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад, дотоод нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлагыг долоо хэмжиж, нэг огтолж, явах зам, хандах зүг, хүрэх зорилгоо тодорхойлно. Та бүхнийг ухаан бодлоо уралдуулан, ардынхаа итгэлд эргэн ирэх их замын чиг шугамаа хамтдаа тодорхойлон гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.
Бага хурлын гишүүд ээ!
Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө иж бүрэн зураглан тодорхойлоход дэг журам нь хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан авч үзлээ. Дэлхийн 2-р дайны дараа тогтсон дэг журам ганхаж, өнөөдөр хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой байдалтай байна. Их гүрнүүдийн зөрчил хямрал гүнзгийрч, улс төр, эдийн засаг, геополитик, геостратегийн өрсөлдөөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, элч энерги, түүхий эдийн нөөц, соёлын ширүүн тэмцэл болон өргөжлөө. Монгол улс цээжинд нь оршдог Ази тивд дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжлээ. Дэлхийн ДНБ-д эзлэх Ази тивийн хувь 26 жилийн дотор 35%-аас 47% болон өсөн нэмэгдлээ. Ази тивийн эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 4.5%-д хүрлээ.
Нэг талаас даяаршлын хил хязгааргүй боломж, нөгөө талаас үндэстний ондоошил, дэлхийд Монголоороо үлдэх торгон заагаа хамгаалах шинэ сорилттой тулгарч байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал, дахин татагдсан төмөр хөшиг, дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн ар араасаа залгаж, халуун цэгүүд бөмбөрцгийн бөөр бүхэнд асаж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөх ёсгүй үндэстний ондоошлоо хадгалах, сөрөн тэсвэрлэх нь бидний давах ёстой сорилт болоод байна.
Үе үеийн эх орончдын амиараа тулж босгосон, эрхэмлэж яваарай хэмээн захиж үлдээсэн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан гагнах зорилго өвөртлөн, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо боловсруулан дэвшүүлж байна.
Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй. Төр оршихуйн баталгаа нь түмэн олны итгэл, улс төрийн намын амжилтын үндэс нь ард түмний дэмжлэг юм. Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй.
“Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санааныхаа төлөө амиа зориулсан Ардын намын анхны дарга Солийн Данзангийн үйл хэрэг, үлдээсэн өвийн үнэ цэнийг мартах учиргүй. Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. Евразийн 5 улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Мах сүү, арьс шир, ноос ноолуураа үнэд хүргэн, монгол малчид, үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна.
Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно.
Харин бидний амжилтыг хойш чангаасан алдаа дутагдал юу байв? Бид тоог чанар болгож чадаагүй ээ. Бусдаас гал гэрэл, царайчилдаг хараат байдлаас салаагүй. Өсөлт тэлэлт нь үрэлгэн төсөв, данхар төр, инфляцид идүүлсэн. Хүргэлт ирлээ гэдэг шиг хүртээмж дутагдсан. Үр дүнгийн ихэнх нь цөөнхөд, бага нь олонхид оногджээ.
Бага хурлын эрхэм гишүүд ээ, эрхэм журмын нөхдөө
Сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд улс төрийн таван нам, эвсэл, салбар салбар, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллөөс бүрдсэн 9 дэх удаагийн Улсын Их Хурал хоёр дахь Намрын чуулганаа өндөрлүүллээ. Миний бие УИХ-ын даргаар сонгогдохдоо парламентыг 1-рт, олон ургальч үзэл бодол, мэргэжлийн мэтгэлцээний талбар байлгах, 2-рт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан, цаг үе, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах, 3-рт, Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх, 4-рт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн ардчилсан парламент болж төлөвших дөрвөн зорилтыг эрхэмлэн ажиллахаа илэрхийлсэн. УИХ-ын танхимаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрдөг байх, иргэнээсээ илүү дархан эрх эдлэх ёсгүй гэдэг итгэл үнэмшлээр ажиллаж байна. Олон нам, олон салбарын төлөөллийн санал бодол, байр суурийг эрх тэгш хангах үүргээ эн тэргүүнд тавьж байна.
Бага хурлын гишүүд ээ!
Улс төрийн намын үзэл баримтлал нь өөрчлөн хувьсаж буй цаг үетэй дасан зохицож нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэчлэн өөрчлөглөж байх нь үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөөг амилуулан баталгаажуулахад чухал үндэслэлтэй байдаг билээ. 31-р их хурлаар дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Ардын намын даргын хувьд боловсруулан дэвшүүлж буй “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ”- нь ч 4 тулгуур үндэслэлтэй.
1-рт, шинэ ардчилсан Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм соёлын үндсэн эрх, эрх чөлөө
2-рт, Өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлага
3-рт, Орчин цагийн намуудын дэвшил өөрчлөлт, дэг журам нь эрс хувиран өөрчлөгдөн буй дэлхийн чиг хандлага, олон улсын нөхцөл байдал
4-рт, Монгол Ардын нам үүсгэн байгуулагдах үеэсээ баримталсан үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа. Монгол Ардын намын “Түмэнд зарлах тунхаг бичиг”, Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлүүд үүний түүхэн үнэ цэнтэй баримт нотолгоо юм.
Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, Монгол үндэстний сэхээтэн Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлийн үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа зуу гаруй жилийн тэртээх цагийн хол, түүхийн тоосонд улирч мартагдах бус улам өнгө орж байна. Хүн төрөлхтөний хөгжлийн үе шатыг үл алгасан, гүехнээс гүнд орохын адил шатлан дэвших Солийн Данзангийн, “Улсын эрх болбаас хүний эрхүүдийг дарлах, цаазлах үгүйгээр мандуулан хэрэглэж чадваас сая улс хүчирхэг болмуй” хэмээх Жамсрангийн Цэвээний, өөрийн үндэсний төр, шашин, соёлоо бадруулах Ардын намын анхны үзэл санаа амьд хэвээрээ байна.
Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт нь улс төрийн хэллэгээр бол хувьсгалын тохироо нь бүрджээ. УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгаар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн үндсийг суулгаж, үрийг нь тарьсан. Чөлөөлье санаачилга бол нэг хүний биш нийт олны хүсэл юм. Хийе бүтээе, ажиллаж хөдөлмөрлөе гэсэн хүн бүр өдөр бүхэн тамга, гарын үсэг, бичиг цаас, дүрэм журмын саадтай тулгарч байна. Хүнд сурталд чирэгдэж хохирсон, алагчлал ялгаварлалд өртсөн, өөрт тохиолддог өдөр тутмын амьдралаараа иргэд нотлон дэмжиж байна. Хот хөдөө хаа сайгүй “Чөлөөлье” гэж хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж байна. “Чөлөөлье” санаачилга Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм. Эдийн засгийн өсөлтийн тоо биш чанар, халтай халамжаас ээлтэй хөдөлмөрт шилжих зам билээ. Чөлөөлье санаачилга ийм энгийн бодит үнэн, хүн бүрийн хүсэл шаардлагаас урган гарсан нийгмийн хүлээлт байлаа.
Улсын тусгаар тогтнолын тулгуур нь Эдийн засгийн тусгаар тогтнол юм. Харин улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын үр үндэс нь иргэний эдийн засгийн эрх чөлөө юм.
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар “Чөлөөлье” санаачилгыг хууль эрх зүй, хөтөлбөр бодлого, үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажилдаа орсон. Иргэнээ төрийн хэтийдсэн зохицуулалт, хүнд суртал, хууль журмын хуучирч хоцрогдсон, хийдэж давхардсан чөдөр тушаанаас чөлөөлж, төрийн үйлчилгээг хаалттайгаас нээлттэй, цааснаас цахимд шилжүүлэх асуудлын шийдлүүд юм.
Монгол Ардын намын Бага хуралд хандан дэвшүүлж буй гишүүн төвтэй Е-4 стратеги, түүнийг хэрэгжүүлэх УИХ-ын гишүүдийн ахалж, намын үе үеийн төлөөллийн оролцсон 11 дэд хорооны үйл ажиллагаа ч “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-тэй шууд уялдаатай, салшгүй хэсэг юм гэдгийг тодотгоё.
Бага хурлын эрхэм гишүүд ээ!
Ингээд Та бүхэндээ эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө танилцуулъя. Энэхүү бодлогын чиглэл, намын даргын баримтлах чих шугамыг МУ-ын Засгийн газар, УИХ, Нийслэл, дүүрэг, Аймаг, сумын МАН-ын бүлгүүд чанд хэрэгжүүлж дагаж мөрдөх учиртай. Нэг бодлого, нэг зарчим, нэг стандартыг мөрдсөн цагт цэгцрэх хөдөлгөөн өрнөж чөлөөлөлтийн бодлого амилах болохыг эрхэм журмын нөхөд анхааран ажиллахыг хүсэж байна
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ:
НЭГ ДЭХ ЗАМ: ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлнө.
ХОЁР ДАХЬ ЗАМ: ЭРХ ЗҮЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээнээс чөлөөлнө.
ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөц, өгөгдөлдөө түшиглэн, түлш шатахуун, тог цахилгааны импортын хараат байдлаас чөлөөлнө.
ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ
Монгол хүн, монгол өрх айл бүрийг тонон дээрэмдсэн авлигаас ард түмнээ, ардчилсан төрөө, Ардын намаа чөлөөлнө.
НЭГ ДЭХ ЗАМ: ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг тэнийлгэж чөлөөлнө.
Монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархалж чөлөөлнө.
Хүнд суртлын чөдрийг тайлж чөлөөлнө.
100 төгрөгийн 75 нь улсын төсвөөр дамжиж, төрийн ордонд, төвд бүхнийг төвлөрүүлэн хамдаг хүлээснээс аймаг, орон нутгаа чөлөөлөх болно.
ХОЁР ДАХЬ ЗАМ: ЭРХ ЗҮЙН ЭРХ ЧӨЛӨӨЛӨЛТ
Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлж, МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд шинжилгээ хийхэд 1000 гаруй заалт нь хүний эрхийг хязгаарласан, зөрчилдсөн, шууд зөрчиж байна гэсэн ноцтой дүн гарсан. Эрх чөлөөт Монгол улсын иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг тушсан 1000 чөдөр, 1000 гох дэгээ байна. УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төсөл бүрийн хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан, хааж боосон эсэхийг хэн хүссэн нь d.parliament талбарт зочилж, хиймэл оюун ухааны тусламжаар дүн шинжилгээ хийдэг болсон нь эрх зүйн чөлөөлөлтөнд технологийн дэвшил ашиглаж буй шийдэл юм. Учир нь хүний эрх бол иргэн Таны эрх.
Хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн хуулиудыг цэгцлэн чөлөөлнө. Цаашид Үндсэн хуульд заасан үндсэн эрх, үндсэн зарчмыг давж гишгэсэн нэг хууль, нэг заалт цаашид УИХ-ын босгыг давахгүй. Технологийн дэвшил ашигласан, иргэний шууд хараа хяналтыг тогтооно. Хүний эрхийг хөндсөн хуулийн аливаа хязгаарлалтыг зөвхөн зайлшгүй байх зарчмаар дахин хэмжиж үнэлж чөлөөлнө. Сураг баримжаа бус судалгаа үндэслэл, шинжлэх ухаан, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн мэргэжилтүүдийн санал бодолд тулгуурлан, амьдралд хэрэгжих хууль, шийдвэр хэлэлцэн баталж байх нь УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн үндсэн зорилтын нэг юм. Үндсэн хуулийн үндсэн зарчим бол төрийг иргэнээс хамгаалах биш, иргэнээ төрөөс хамгаалахад оршдог. Юм бүхнийг хийх гэдэг төрөөс юу хийхгүйгээ мэддэг төр илүү хүчтэй. Эрх мэдэл биш хууль дээдлэх ёс ноёрхох нь эрх зүйт төр.
Хууль дээдлэх гэдэг нь Үндсэн хуулиа дээдлэх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомж бүрийг гагцхүү Үндсэн хууль дээдлэх зарчимд буцаан захируулна. Эрх мэдлийг биш эрх чөлөөг хамгаалахын утга учир үүнд оршино. Эрх зүйн орчны ЧӨЛӨӨЛӨЛТ бол зөвхөн хууль засварлах өнгө будгийн засал биш, Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд нийцүүлж, хууль журмын гох дэгээнээс чөлөөлөх ойлголт юм.
Иргэнээ төрөөс чөлөөлнө.
ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ
Монгол бол эх дэлхийгээ аргадан хайрлах энх мөнх оршихуйн үзэл санааны өв уламжлалтай, оюуны соёлын эх ундаргатай орон. Монгол бол нар, салхины сэргээгдэх эрчим хүч, энергийн дундаршгүй их өгөгдөлтэй орон. Монгол бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд эмзэг өртөмхий, өргөн уудам газар нутгийнх нь 76 хувь нь цөлжилт, бэлчээрийн доройтолд нэрвэгдсэн орон.
Байгаль орчноо ч хамгаалж, баялаг нөөцөө ч хариуцлагатай ашиглан, ирээдүй хойчдоо эрсдэлгүй эх орноо өвлүүлэх нь энх оршихуйн ногоон хөгжлийн загвар юм. Ногоон хөгжлийн замын үндэс нь эрүүл аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас хамгаалагдах Үндсэн хуульд заасан үндсэн эрх юм. Эх дэлхийдээ ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгждөг хөдөө аж ахуйг дэмжих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн замын чиг шугам.
Монгол инженер, залуучуудаас бүрдсэн хувийн компани Замын-Үүдэд хагас жилд барьж босгосон “Эрдэнэнар” нарны станцын зөвшөөрлийг 7 жил хөөцөлдөж, хүнд суртлын 10 даваа давсан байна. Нарны хавтан, хураагууртай айл өрх төвийн шугамд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэхийн тулд 15 шат дамжлага туулжээ. УИХ 2026 оны 12-р сарын 26-нд “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол, “3х100” хөтөлбөр бол ногоон чөлөөлөлтийн эхний баримт бичиг байлаа.
“100 мянган нарны гэр” санаачлагаар 2035 он гэхэд Чингэлтэйн 83 өрхийн гаргасан мөрөөр гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулан, буулгах яндан, нэмэрлэх цахилгаан, олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлөлтийн өргөн зам болно. Энэ бол 83 эгэл жирийн монгол айл өрхийн түлээгүй түлш, бохирдуулаагүй агаар, эрсдээгүй эрүүл мэнд, хэмнэсэн цаг мөнгө, бусдадаа өгсөн гэрэл гэгээ, дулаан, цэвэрхэн гэр орон. Энэ бол Улаанбаатарын уушгийг утсан 100 мянган яндан буулгах эхлэл болохоос төгсгөл биш ээ.
“100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелиас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Монгол компани, монгол инженерүүд өөрсдөө барьж босгоод, өвлийн ид гал алдах үеэр Замын-Үүдэд нэг ч удаа гэрэл цахилгаан тасраагүй шиг хэд хэдэн аймаг, томоохон сууринд төр, хувийн хэвшил түншлэн, нар, салхины станц байгуулахаар санал санаачилга гарган, зарим нь аль хэдийнэ хөрөнгө зардлаа босгосон сайн мэдээ байна.
3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард ,баруунаас зүүн, гол замууд дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. УИХ-ын даргын “Чөлөөлье” санаачилгаар 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниуд нийгмийн хариуцлагынхаа дагуу дэмжин ажиллахаа илэрхийлээд байна. Цахилгаан өртөөдөөр дамжин түлш шатахуунгүйгээр зардал мөнгөө хэмнэн, газрын холыг туулна. Энэ бүхэн бол Монгол улс түлш шатахуунд төлдөг 2,2 тэрбум долларын 30-40 хувь, 300-400 сая доллар хэмнэх, эх нутаг, эрүүл мэндээ хайрлан хамгаалах, уушиг бүрийг утсан агаарын бохирдол багасгах олон талын ашиг тустай, энх оршихуйн ногоон үзэл санаанаас урган гарсан бодлого шийдэл, бодит ажил юм.
УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эрчим хүчний тухай хууль, Дулаан хангамжийн тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиуд, ногоон хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шинэ тогтолцоог бүрдүүлэх нь ногоон чөлөөлөлтийн замыг зураглал, бодлого шийдлийн багц юм.
Манай улс өргөн уудам нутагтай, нар салхины арвин их нөөцтэй орон. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчдаа нэмэлт орлоготой болгох “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээрийн доор агуулагдаж буй нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлүүлж хэмжүүлээд, Швейцари, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй, газар нутаг багатай орнуудтай байгуулсан гэрээний дагуу малчин өрх, хөдөөгийн иргэн, хүссэн хэн бүхэн доллар валютаар ашиг олох шинэ чөлөөлөлтийн замыг нээх болно.
ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ
Бага хурлын гишүүд, эрхэм журмын нөхөд өө!
Авлигын эсрэг чөлөөлөлтийн нэг чиг шугам нь төрийн албаа тогтолцоогоор нь өөрчлөн шинэчлэхэд оршиж байна. Төр данхайн томорсоор зардлаа даахгүй боллоо. Өнөөдөр хувийн хэвшил биш төр 213000 албан хаагчтай хамгийн том ажил олгогч болжээ. Төрийн албаа тогтвор суурьшилтай, чадварлаг бүтээмжтэй, цомхон байлгах талаарх дуусдаггүй яриаг дуусгах цаг болсон. Хөдөө орон нутагт хүний нөөц дутагдаж, сэтгэл ханамж, бүтээмж буурсан. Хүний мэдлэг мэргэшлийг бус хэний арьсан цүнхийг барьсан бэ гэдгээр алагчлан хэмжиж, ардчилсан төр өөрөө ар өврийн хаалганы хамгийн том жишиг боллоо. Ур чадварын өндрийг улс төрийн өнгөөр дарж байна. Шударга, зүтгэлтэй олон мянган төрийн албан хаагчийн урам зориг хугарч байна. Төрийн албан хаагчдаа нохойд барьдаг мод шиг юм бүхэнд дайчилж, зүтгүүлдэг. Шийдвэр гаргах бус ширээгээ манадаг, асуудал шийдэхээс айж суухаас өөр аргагүй нөхцөл байдалд түлхдэг тогтолцооны гажуудал бүхэлдээ нүүрэллээ. Асуудлын гол нь хүндээ биш тогтолцоондоо байна. Буруу тогтолцоонд зөв байх боломж хомс байна. Ажил хийж, ачаалалдаа дарагддаг нь хохирч, дүр эсгэн аахилж уухилдаг нь хождог бурангуй тогтолцоо бугшсан байна. Төрийн албаны цалин хөлсийг ч нэг биш 30 хуулиар ялгавартай тогтоодог боллоо.
Сумаас эхлээд яамд хүртэлх төрийн албан хаагчид цаг, цаас хэмнэн цахим технолгоор шийдчих боломжтой атал ажлын тайлан гаргах, мэдээлэл нэгтгэх зэрэгт үндсэн ажлынхаа 70-80 хувийг зарцуулж байна. 1200 гаруй төрийн үйлчилгээг мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системтэй нэгтгэн өгөгдөл солилцох системийн бэлэн байдлыг хангасан байтал төрийн байгууллагууд тус тусдаа цахим систем үүсгэн, төр иргэнээсээ мэдээлэл нэхэхгүй үндсэн зарчмыг зөрчин төрийн албан хаагчдыг нэг ажлаа ахин дахин давтан хийхэд хүргэж цаасан хүнд суртлаар залхаан цээрлүүлж байна.
Төрийн албаны хуулийг иргэндээ үйлчлэх албаны мөн чанарт нийцүүлэн шинэчилнэ.
Төрийн байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд оруулж, олон давхар тайлангаас чөлөөлнө
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг бүтээмж, гүйцэтгэл, үр дүнгийн нэгдсэн тогтолцоонд оруулж чөлөөлнө.
Дарга нарын албаас иргэндээ үйлчилдэг алба болгон шинэчилж чөлөөлнө
Намын Бага хурлын гишүүд ээ!
Авлига бол бүх монгол хүн бүрийн аваагүй цалин, идээгүй талх, эдлээгүй боломж, биелээгүй мөрөөдөл, бүгдээрээ өртсөн хохирол юм. Ард түмнээс эхтэй ардчилсан төр, ирээдүйгээ хээл хахуулийн гав гинжнээс чөлөөлөхөд ухрах эрх үгүй. Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ. Авлига Монголыг идэж байна. Авлига ардын намыг идэж байна. Авлигын эсрэг олон хууль, тогтоол батлан гаргаж байгаа ч хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Авлига тогтвортой өсөлтийг сааруулж, хөрөнгө оруулалтыг үргээж, баян хоосны ялгааг хөөрөгдөж, ядуурлын эгнээг тэлж, тэгш бус байдлын ангал гүнзгийрэх үндэс шалтгаан болсоор байна.
Танилын нүүр халуун хэдий боловч Та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө илүү хайран байна. Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу? гэдэг сонголтын өмнө Та бид ирлээ. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.
1-рт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,
Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,
Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя.
Улс төрийн нам шүүх биш боловч ёс зүйн өндөрлөгтэй, сахих дүрэм журамтай, сахилга хариуцлагын өндөр босготой байх учиртай.
Улс төрийн нам алдаа дутагдал, буруу буртгаас өөрийгөө чөлөөлөх чадвартай, улс төрийн зориг зүрхтэй, эрх чөлөөг иргэндээ бүрэн дүүрэн эдлүүлэх үнэт зүйлдээ үнэнч байх ёстой.
Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл биш. Эрх чөлөө бол хүн бүрийн эрхэмлэн хамгаалж, тэмцэн олдог эрхэм нандин үнэт зүйл юм. Эрх чөлөөний зам бол иргэн төрийн итгэлцлийн зам юм.
Авлигын эсрэг чөлөөлөлтийг ардын нам өөрөөсөө эхэлнэ.
Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ.
Ардын нам эрх чөлөөг хамгаалж түмнийхээ сэтгэлд, иргэдийнхээ итгэлд дахин төрнө
Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг алагчлалгүй ивээх болтугай" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.174
Хэзээч МАН цэвэршихгүй ээ бүгд сүлжээ холбоотой
Хариулах103.57.93.43
Энэ хоосон лоозонгоор тэгээд ямар өөрчлөлт гарах юм.гучин хэдэн жил ийм гоозонг сонсон ирсэн.
Хариулах