Н.Учрал: Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш

Х.Есү
2026/02/27

МАН-ын шинээр бүрэлдсэн Бага хурлын II хуралдаанд МАН-ын дарга Н.Учрал үг хэллээ. 

Тэрбээр "  Танилын нүүр халуун хэдий боловч Та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө илүү хайран байна. Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу? гэдэг сонголтын өмнө та бид ирлээ. 

Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

Нэгдүгээрт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,

Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. 

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.