Галлагаатай сургуулийн барилгыг шинэчилнэ

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр болон УИХ-ын гишүүн П.Ганзориг нар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Баасан гарагийн өглөө аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцов.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Оны эхэнд Ерөнхий сайдтай хамт ирэхдээ яригдсан асуудлуудыг шуурхай шийдэхээр эргэн ирж байгаад талархаж байна. Хөвсгөл аймаг бол хамгийн орлого багатай, татаас ихтэй аймаг. Тэр дундаа Дархадын сумд маш хүнд нөхцөлд байгаа. Тухайлбал, Цагааннуур сумын Соёлын төвийн барилга гэхэд сийгсэн байдалтай, сургуулийн хана нь цуурсан байдалтай байна. Тендер зарлахаар оролцох аж ахуйн нэгж олддоггүй” хэмээн нөхцөл байдлыг танилцууллаа.

Боловсролын сайд П.Наранбаяр “Улсын хэмжээнд галлагаатай сургуулийн байр хоёрхон байгаа нь Хөвсгөл аймагт байна. Ренчинлхүмбэ сумын сургууль барих санхүүжилтийг төсвөөс бүрэн авсан ч барилгын ажлыг дуусгаагүй, алга болсон компанид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэсэн хэдий ч хүүхдүүд эрүүл, аюулгүй нөхцөлд суралцах ёстой учраас сургуулийн барилгыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг АХБ-ны санхүүжилтээр шийдэх шийдвэр гаргаад байна. Мөн Цагааннуур сумын тухайд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн П.Ганзориг “2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төсвийн хэлэлцүүлгийн үеэр Хөвсгөл аймгийн сургуулиудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллалаа” хэмээн хэлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна