"PDAC-2026" уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо эхэллээ

Х.Есү
1 цаг 26 минутын өмнө

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC) 2026 оны гуравдугаар сарын 1–3-нд 94 дэх удаагийн чуулган Канадын Торонто хотноо эхэллээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон уул уурхайн салбарын төлөөллүүд оролцож байна.

Гурван өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн чуулга уулзалтад улс орнуудын засгийн газар, уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, туршлага, мэдээлэл солилцож, хамтран ажиллах яриаг өрнүүлнэ.

Манай улсын хувьд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын шинэ боломж гарцыг танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг танилцуулахыг зорьж байна.

Мөн энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран Монголын үзэсгэлэнгийн талбайгаар дамжуулж Монгол Улсын эрдэс баялгийн салбарын томоохон төсөл, боломжуудыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулна.

Чуулга уулзалтын үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тус улсын төр засгийн төлөөллүүд, салбарын сайд нартай тусгайлан уулзалтууд хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Энэ үеэр олон улсын уул уурхайн сайд нарын уулзалт зохион байгуулагдана.
Дэлхийд нэр хүнд оролцогчдын цар хүрээ, нөлөөллөөрөө хамгийн томд тооцогдох энэхүү чуулга уулзалтад дэлхийн 135 орны 30 мянга орчим төлөөлөгч оролцож, 1300 орчим үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

PDAC-ийн Ерөнхийлөгч Карен Рийсийн хэлснээр, эрэлт хурдацтай өсөж буй үед тус чуулган нь төслүүдийг урагшлуулах, түншлэлүүдийг бэхжүүлэх, салбарын ирээдүйг тодорхойлоход чухал талбар болох юм хэмээн үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна