Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр PDAC 2026 эхэллээ

Zuv.mn
2 цаг 10 минутын өмнө

Канад Улсын Торонто хотноо Канадын Хайгуулчид ба Хөгжүүлэгчдийн Холбоо (PDAC)-оос зохион байгуулж буй “PDAC 2026” - Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын 94 дэх удаагийн чуулга уулзалт 2026 оны 3 дугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд Монгол Улсаас Улсын Их Хурал, Засгийн газар, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

1932 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн “PDAC” чуулга уулзалт нь дэлхийн 125 гаруй улсаас 27,000 гаруй оролцогч, хөрөнгө оруулагчид, салбарын удирдлагуудыг нэгтгэдэг олон улсын хэмжээний томоохон индэр юм. Энэ жилийн чуулганд 1,300 гаруй үзэсгэлэн гаргагч, 700 орчим илтгэгч оролцож, эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогын асуудлуудыг хэлэлцэж байна.

“PDAC 2026”-ын агуулга, ач холбогдол нь улам баяжиж, уул уурхайн салбарын стратегийн ач холбогдол бүхий асуудлуудад төвлөрсөн, практик ба шийдэлд чиглэсэн хэлэлцүүлгээрээ онцлог болж байна. Тухайлбал, критикал минералын нийлүүлэлтийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн бодит нэвтрүүлэлт, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын зарчмыг хэрэгжилтийн түвшинд бэхжүүлэх, мөн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ хандлага, урт хугацааны стратегийн түншлэлийн асуудлуудыг голлон авч үзэж байна.

Монгол Улсын оролцоо нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлага, чиг хандлагатай танилцахад чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна