Вакцин хийхгүй тохиолдолд ​Умайн хүзүүн хавдрын вирусийн тархалт буурахгүй

Х.Есү
1 цаг 31 минутын өмнө

Умайн хүзүүний хавдар огцом нэмэгдсэнд улстөржилт буруутай. 

Яагаад энэ үгийг хэлж байна гэхээр, Монгол Улсын хэмжээнд умайн хүзүүний хавдарын өвчлөл 6-рт  эрэмбэлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд огцом өсч байна. Манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2025 оны байдлаар л гэхэд   элэгний хавдарын өвчлөл нэгдүгээрт, хоёрдугаарт ходоод, гуравдугаарт умайн хүзүүний хавдар оржээ.

Монгол Улсын хэмжээнд өдөр болгон 20 хүн хавдартай гэсэн онош сонсч байна. Нийт хүн амын 55 хувь буюу 1.6 сая иргэн  Улаанбаатарт амьдарч байгаа. Гэтэл өдөр болгон нийслэлийн 12-13 хүн хавдар тусч байна.

       Тодотгож хэлбэл, 2024 онд улсын хэмжээнд 8169 хүн хавдрын оноштой байна. Үүнээс умайн хүзүүний өмөн 521 бүртгэгдсэнээс 255 нь нийслэл хотын иргэд байна. Эрт илрүүлээд бүрэн сэргийлэх боложмтой байхад жилд  160 хүн амь насаа алдана гэдэг дэндүү харамсалтай юм.  Папиллома вирус эмчлэхгүй бол 100 хувь  5-10 жилийн дараа хавдар болдог нь тогтоогдсон байна. Тиймээс дэлхийн 140 гаруй улс орон 9-14 настай үед нь эр, эм гэж ялгахгүйгээр хүүхдүүдээ бүгдийг нь дархлаажуулалтад хамруулж, ирээдүй хойчоо хамгаалж байна. Энэ өвчлөлийг зарим улс орнууд эрт илрүүлэг, дархлаажуулалтыг  эрчимжүүлж 0 хувьд хүргэчихээд байхад Монголд өсөөд байна.

Яагаад вэ? Хамгаалах арга хэрэгсэлээ мэдэхгүй байв уу гэвэл, үгүй.

2012 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэй манай улс 12-15 насны 10,000 гаруй охинд умайн хүзүүний хавдраас сэргийлэх Гардасил вакцин тарьж эхэлсэн түүхтэй.

Гэтэд  “Охидыг үргүй болгох гэж байна", "Манай охидод вакцины туршилт хийж байна” гэх мэтчилэн буруу ташаа мэдээлэл нийгэмд түгээж, зарим улстөрчид өрсөлдөгчөө намнах зэвсэг болгож ашиглаж турхиралт хийсний уршгаар дархлаажуулалтын хөтөлбөр зогссон юм.  Ийм мэдээллийн давалгаанд эргэлзэж, эцэг, эхчүүд охидууддаа умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин дархлаажуулалтын товлолд оруулаагүй. Вакцины  үр нөлөө өнөөдөр тариад маргааш гарчихдаггүй. 10 гаруй жилийн дараанаас үр нөлөө нь ажиглагддаг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

Яах аргагүй улстөржилтийн золиос одоо илэрч олон бүсгүйчүүд цэл залуугаараа хорвоогоос хальж байна. Тухайн үед буюу 2012 онд УИХ-ын сонгууль дөхчихсөн, хоёрхон сарын дараа  ээлжит сонгууль болох гэж байхад “Охидыг үргүй болгоно” гэж тархи угаалт хүчтэй давалгаалж, дархлаажуулалтыг зогсоож,  энэхүү ажлыг гардан манлайлж байсан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонг тойрогт унагасан түүхтэй.  Эх хүүхдээс нүүр буруулсан, нүгэл хураасан эмэгтэй гэж мөн ч их хараасан даа. Мөн тухайн үеийн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Ламбааг  3 удаа сонгогдчихлоо, залуу дэд сайддаа толгойгоо  мэдүүллээ гээд тойрог өгөлгүй чөлөөнд нь гаргасан. Энэхүү вакцинжуулалтыг улс даяар өрнүүлэх үйлсийг түүчээлж байсан Эрүүл мэндийн сайд, дэд сайд хоёр ингэж улстөрөөс жийгдсэн билээ.

Гэтэл 15 жилийн дараа юу болов.  Улстөрчдийн увайгүй  улстөржилт, тэдэнд үүргээ гүйцэтгэсэн эх орончдийн балгаар  өнөөдөр гэр бүлээ, аав, ээжийгээ, хань ижлээ, нялх үрсээ өнчрүүлэн зүрхийг нь шархлуулан  нэг жилд л гэхэд  160 бүсгүйчүүд  нар барсаар байна.

Хэрвээ  манай улс 2012 онд 12-15 насны 10,000 гаруй охинд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, цааш хэрэгжүүлэх хөтөлбөрийг зогсоосноос болж 10 жилийн хугацаа алдаж, 4,000 гаруй эмэгтэйг, ээжийг сэргийлж болох хавдраас амь насыг нь аврах боломжийг алдсан гэсэн үг. 

"Хавдрын үндэсний зөвлөл" төрийн бус байгууллагаас 2012 онд вакцин хийлгэсэн охидыг дагаж судалсан байдаг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээс хойш таван жилийн дараах үр дүнг 2017 онд шинжилсэн  гэсэн үг. Тухайн үед хүмүүсийн гол айж байсан зүйл болох "Вакцин охидыг үргүй болгох эрсдэл бий юу?" гэдэг асуултад хариулт өгөхийг зорьсон хэрэг.

Судалгаанд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг ижил насных нь эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн ялгаа байгаагүй. Харин хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг хэв шинжийн тархалт вакцинд хамрагдсан хүн амын дунд 10 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

Одоо ахиад л  бас улстөржилт хийхгүй, шинжлэх ухааны ололтыг хүлээн зөвшөөрч, иргэдээ аюулаас хамгаалах шаардлагатай байна.  Тиймээс Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн уриалсан  умайн хүзүүний хорт хавдар үүсгэгчийн эсрэг вакцинд хамруулаарай гэснийг дэмжихээс өөр гарц үгүй юм.

Урьдчилан тандалтын судалгаагаар, Монгол Улсын хэмжээнд умайн хавдар 2023 онд  376,  2024 онд  521, 2025 онд  545 болж нэмэгдэж  байна. Хэрвээ буурахгүй энэ байдлаараа өсвөл   2028  он гэхэд 1000 гаруйд  дөхөх прогноз гарчээ.

Вакцин хийхгүй тохиолдолд энэ вирусийн тархалт буурахгүй. Тиймээс дараагийн 10 жилд хүний папиллома вирусээр үүсгэгддэг хавдар  багасахгүй. Тиймээс   эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг сайжруулах, хүн амын дунд вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх нь үндсэн сэргийлэх арга юм.

Одоо хийж байгаа вакцины үр дүн дахиад 5-10 жилийн дараа буюу 2032-2037 оноос  эхэлнэ шүү дээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна