Барилгын компанид хувь эзэмшсэн Барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ХОМ-ээ үгүйсгэж худал ярих нь ёс зүйн ноцтой зөрчил мөн үү

Zuv.mn
1 цаг 51 минутын өмнө

-Дүүрэгт ажиллаж байхдаа Засаг дарга хүртэл болчихоод намтартаа бичиж чадахгүй байгаа хүн Нийслэлийн нам даргалж, Нийслэлийн Засаг даргаар өөрийнхөө хүнийг тавиад сайн ажиллаж, ажиллуулж чадах уу-.  

Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёр ч хууль УИХ, ЕТГ дээр боловсруулагдаж, эрх баригч МАН Хаврын чуулганы эхэнд нэр бүхий гишүүдийг бүрэн эрхийн асуудлыг оруулж ирэхээр завдаж буй энэ үед УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд  Э.Бат-Амгалангийн ёс зүйн асуудлыг хөндөж байна.

Э.Бат-Амгалан нь 2024 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ барилга, үл хөдлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОПТУ ХХК-т хувь эзэмшдэг хэмээн дурьдсан байдаг бөгөөд 2025 онд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болсон юм. Гэвч энэ мэдээллээ үгүйсгэж, “Надтай ямар ч хамааралгүй. Би эзнийг нь танина. Германд суралцаж байсан залуугийн барилгын төсөл манай Баянзүрх дүүрэгт явдаг юм байна лээ...” хэмээн худлаа ярьсан.

Төрийн албаны тухай хуульд “Хувийн секторт ажиллаж байсан хүн салбарынхаа төрийн  байгууллагад ажилд орохын тулд дор хаяж гурван жил хүлээх” заалт бий. Энэ бол ашиг сонирхлын зөрчил арилтал багадаа гурван жил шаардлагатай гэдгийг хуулиар зааж өгсөн гэдгийг харуулдаг. Гэтэл Э.Бат-Амгалан өөрийнх нь 10 гаруй жил удирдсан Баянзүрх дүүрэгт олон төсөл хэрэгжүүлсэн компанид хувь эзэмшдэг хэмээн ХОМ-тээ оруулсан хэр нь ядаж “Би барилгын “Опту” компанид хувь эзэмшиж байсан нь үнэн, одоо байхгүй” гэхийн оронд “Хамаагүй, манай Баянзүрх дүүрэгт төслүүд нь явдаг юм байна лээ” гэж ярьсан нь хэр ёс зүйгүй этгээд болохыг нь харуулж байгаа юм. 


Нөгөө талаар, opendatalab.mn гэж хуулийн этгээдийн бүртгэлийн цахим сан бий. Энэ сангийн онцлог нь ААН-ийн одоогийн хувь эзэмшлээс гадна өмнө нь хувь эзэмшиж байсан, хасагдсан эзэмшигчдийг мөн харуулдаг. Тэгвэл ОПТУ ХХК-ийн бүртгэл дээр Э.Бат-Амгалан гэсэн нэр байхгүй. Гэсэн ч Э.Бат-Амгалан ХОМ-тээ бичсэн гэдэг бол бүртгэлд байхгүй ч мань хүн өөрийгөө тэр нэг эзэмшигч нь гэж бодож явдаг гэсэн үг мөн. Энэ бол бүр ч том ноцтой асуудал бөгөөд одоо ч нууцаар хувь эзэмшээд явж байж болзошгүй гэсэн л үг.

Албан тушаалтнуудаас ХОМ авдаг, томилгоонд ашиг сонирхлын дүгнэлт гаргадаг АТГ юу хийж байв гэдэг асуулт ч гарна. 

Нөгөө талаар, тийм боломж байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ цахим сангаас мэдээллээ устгуулсан байх магадлал бас бий. Хэрвээ тийм бол бас л яахаас ч буцахгүй ёс зүйн зөрчилтэй хүн гэдгийг нь харуулах учиртай. Үүнийг батлах арга алга, төрийн байгууллага арай ч түүх баллуурдчихгүй байх. Харин Х.Бат-Амгалан өөрөөс нь хамаарах зүйл дээр бол түүхийг баллуурдчихаж магадгүй юм билээ. 


Тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргаар багагүй хугацаанд ажилласан ч намтартаа бичдэггүй. УИХ-ын албан ёсны цахим хуудаст Parliament.mn-ээс эхлээд Vip76.mn, UIH.mn зэрэг Парламентаар дагнасан цахим хуудсанд тавигдсан намтарт нь Баянзүрх дүүргийн засаг даргаар ажииллаж байсан талаар нь нэг үг ч байхгүй. “Опту” ХХК нь харин байна лээ. 

Эндээс Э.Бат-Амглангийн намтраас яагаад дүүргийн Засаг даргаар ажилласан түүх нь алга болов,  бусад улстөрч бол бахархалтайгаар бичих байтал яагаад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн намтартаа хүртэл Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан гэхээс илүү Нисэх буудлын хэлтсийн даргаар ажилласан гэж бичихийг илүү цэвэр гоё харагдана гэж үзэх болов гэх мэт асуулт ургаж гарна.Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшсэн мөртлөө дүүргийн зсаг даргаар ажилласан намтраа үгүйсгэнэ гэдэг муу ажилласан, мэдих юм бол хүмүүс саналаа өгөхгүй гэдэг ч юм уу, ер нь нуух юм ихтэй хүний л үйлдэл. 

Цаашлаад, дүүрэгт ажиллахдаа дарга хүртэл болчихоод тэрийгээ намтартаа бичиж чадахгүй байгаа хүн Нийслэлийн намын дарга болж, Нийслэлийн Засаг даргаар өөрийнхөө хүнийг тавибал яаж ажиллах нь тодорхой биз.  

УИХ-ын гишүүн, ард түмний төлөөлөл, төрийн сайд хүн юуны өмнө ил тод, шударга байх ёстой. Нууж хаасан хөрөнгөтэй, түүнийгээ андуурч эндүүрдэг хүнийг бол төрийн албанаас бүр хол байлгах ёстой. Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал анхаарал татаж, олон нийт, эрх баригчид аль, аль нь ач холбогдол өгч, ямар асуудлыг ёсзүйн зөрчил гэх вэ гэдэг дээр санал бодлоо уралдуулж байгаа энэ үед Э.Бат-Амгалан нэг жишээ болмоор санагдсан тул бичлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна