Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн институцийг “ХААН” болгох чөтгөрийн атга санаархал удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ

Х.Есү
1 цаг 33 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль санаачлан олон нийтэд танилцуулсан. Тэгвэл Үндэсний эвсэлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. 

Тэрбээр, 

"Үндэсний дархлаа, үндэсний язгуур эрх ашгийн баталгаа нь нэг хүний эрх мэдэл бус, харин ард түмний сонголтоор бүрдсэн ардчилсан парламент бөгөөд парламентын засаглал нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм.

Энэ бодлогыг удирдлага болгон 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлыг 126 гишүүнтэй болгон өргөтгөж, парламентын засаглалын дархлааг илүү бэхжүүлсэн.

Гэвч 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй алдаа засагдаагүй ба Парламент, Ерөнхийлөгчийн институцийн хооронд Шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх “ЭЗЭН” нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өнөөдөр хэвээр байна.

Энэхүү тэмцэл нь Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Ялангуяа анхны Ерөнхийлөгчөөс хойших бүх Ерөнхийлөгч эрх мэдлийн шунал, мөн шударга бусаар хөлжсөн үйлдлүүдийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх айдаст автсаар төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш. Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох “ХААН” чөтгөрийн атга санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ.

Энэхүү зөрчил тэмцлийн хүрээнд Монголын ард түмний бүрдүүлсэн парламентын эд, эс болсон Улсын Их Хурлын гишүүдийн санал, шийдвэрт чөлөөтэй оролцох дархлааг сулруулах оролдлогууд гарч ирсэн. Захиалгат хэвлэл мэдээллээр гишүүдийн нэр хүндийг унагах, бүр цаашлаад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрүүд гарч байсан. Монголын улс төрд эрх мэдлийн төлөөх тэмцэл ил тод бодлогын мэтгэлцээнээс илүү далд атгаг санаа, бэртэгчин зан үйлдлээр хөгжиж ирсэн нь үүний гэрч юм.

“Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй…”–н адилаар миний хувьд ч заримдаа үнэн байж эрх мэдэлтэй зөрчилдсөнийхөө хариуг биеэр амссан хүний нэг. Өнөөдөр ч миний туулсан тэрхүү зам мөрийн эхлэл дээр эрх мэдлийн тэмцлээс үүдэлтэй зөрчил, тэмцэлд орсон парламентын гишүүд зогсож байгааг хараад дуугүй өнгөрөх арга алга.

Мэдээж парламентын 126 гишүүнийг өндөг шиг өөгүй гэж би хэлэхгүй. Асуудал бий. Нэр бүхий гишүүдийн гаргасан үг, үйлдэлд олон адил зэвүүцэл ч төрдөг. Гагцхүү миний хувьд хамгийн ихээр зэвүүцэл төрүүлж байгаа зүйл бол асуудал дагуулсан гишүүд эрх мэдэл хүчний өмнө сөхрөн дулдуйдсанаар ивээгдэж, дуулгавартай боол нь болж, харин зарчмын төлөө сөрөн зогссон нь гэсгээлдэж, “хонгилдуулдаг”, улмаар аль ч байдлаар барьцаалагдсан парламент бий болж байгаад оршино. 

Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй “Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил, тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй. 

"Ёс зүйн алдаа" гэх тодорхой бус харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг үзэл бодлоо хүссэн өнгө аясаараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох бололцоо нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм. 

"Нохой зассан эзэндээ янаг" гэх ардын үг бий. Харамсалтай нь зарим тохиолдолд ҮХЦ-ийн гишүүд хууль дээдлэх зарчимд үнэнч байхаас илүүтэй өөрсдийг нь тоомилсон улс төрийн эздэдээ үнэнч зүтгэж байгаа мэт харагдах нөхцөл байдал үүсч байгааг би өөрийн биеэр гэрчилсэн. 

Эцэст нь хэлэхэд миний илэрхийлсэн энэхүү байр суурь нь зөвхөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэх дан зорилготой бус юм. Харин хөгжил дэвшлийг хүссэн ард иргэдийнхээ итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон бүх гишүүдэд хандан нэгийн эргэцүүлж бодох, алдаа дутагдлаа засах, төрийн ажлыг илүү хариуцлагатай ажил хэрэгч байдлаар авч явах учиртайг бүгд санах ёстой гэдгийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна" гэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.114
    43 минутын өмнө

    Намууд цаашдаа жагсаалтын гишүүдээ цензуртай, дотоод ардчиллын зарчмаар сонгож оруулж ирэхгүй бол энэ байдал дахиад л давтагдана. Жагсаалтын гишүүдээ ч гэсэн сонгуулийн үеэр зарлах ёстой. Тэрийг харж байж иргэд намд санал өгөх ёстой. Саяын сонгуулиар яасан? Ард түмэн мэргэжилтэй, гадаад дотоодод боловсорсон, шударга хүнийг сонгомоор байна гэсэн чинь намын дарга нар нь хэрүүлч лайвчин, шантаажчин, гадаад мэргэшсэн гэх хамаатны хүмүүсээ дуудаж авчраад бараг өөрсдөө мэдээгүй байхад нь жагсаалтаар оруулаад ирсэн. Ийм хямдхан сонголт байж болдог юм уу? Намын гишүүдийн саналаар, өрсөлдөөний журмаар хүнээ сонгодоггүй юм уу? УИХ-ын гишүүншдээ базарваань. Тайзны ард юм бичээд сууж байсан чинь шууд УИХ-ын гишүүн тэр гээд нэрийг нь зарлачихсан тохиолдол ч бн.. Энэ ямар бэлэг үү? Амарбаясгалан төрийн албыг төрлийн алба болгосон бол 2024 онд улс төрийн албыг төрлийн алба болгосоншд.ккк

    Хариулах
  • 202.179.15.114
    34 минутын өмнө

    Өө энэ нэг юмыг овоо юм байх гэсэн овоолсон баас байж..ккк. УИХ-ын гишүүн хүн ийм юм яриад зогсож байхдаа ичээч ээ!ккк. Юу вэ гэхээр, Ерөнхийлөгчийн өргөн барьж байгаа хуульд Үндсэн хууль, засаглалын тэнцвэр, парламентын эрхэнд халдсан юм юу ч байхгүй. Угаасаа Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хууль санаачлах, хуульд хориг тавих эрх байгаа. Энэ хуулиар тойоргоос ард түмний мандатаар сонгогдсон гишүүдийн асуудлыг төдийлөн хөндөхгүй байх. Гэмт хэрэгт холбогдсон бол угаасаа түдгэлзүүлэх, эргүүлэн татах хуультай, тэрнийхээ дагуу л явна. Харин жагсаалтын гишүүдийг УИХ-д оруулж ирсэн нам нь эргүүлэн татаж, орных нь хүнийг оруулж ирж болно. Яагаад гэвэл тэднийг ард түмэн сонгоогүй, нам нь сонгосон. Гэтэл энэ хүмүүс чинь төр барьж чадахгүй бн, ард түмнийг доромжилж, ёс зүйгүй авирлаж, УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж чадахгүй бн. Тэгэхээр ийм хүмүүсийг яагаад зайлуулж болдоггүй юм? Намд нь энэнээс дээр кандидат байхгүй юм уу? Эрх байгаа бол үүрэг ч байх ёстой. Бусад орнуудад тэр байтугай жагсаалтын гишүүдээ намын гишүүдийнхээ дотоод сонгууль ротацаар 2 жилд 1 удаа сольдог ч туршлага байна. Ингэж уян хатан хандахгүй бол Нара, Мөнхтуяа мэтийн төр барих чадамжгүй блаавгай нар төрөөр тоглоод дуусгалаа... Асуудал зөвхөн жагсаалтын гишүүдийг солих холих тухай байхад Номтойбаяр гэж энэ нөхөр юу юу гэнэв.. ардчилал, хууль дээдлэх зарчим, төрийн тогтолцоо ч гэх шиг лаг2 юм яриад иргэдийн тархи угаагаад зогсож ч байх шиг.кккк. Хэн ч тэрүүгээр оролдоогүй. Ард түмэн сонгоогүй, цаашид төрд байлгамааргүй хүмүүс байгаад бн цаа чинь хөөш! Тэднийг зайлуулдаг болъё. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж.. Өөрт ирэх вий гэж айсных л байх. Ер нь тэгээд бодоод үз дээ! УИХ-ын гишүүн хүн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачлах уу? Бүгд л зөөлөн сэнтий, зөөлөн боовонд дуртай байгаа шд.ккк. Сонгуулийн холимог тогтолцоо, 126 гишүүнийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Тэгэхээр жагсаалт гэж нэг юм цаашдаа байж л таарна. Алдааг бага дээр нь засах ёстой. Үндсэн хууль зөрчигдөхгүй. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдэж, хүн доромжилж, хулгай луйвар хийж, үндсэн ажлаа хийхгүй байж болно гэж хуульчлаагүй. Тэрэнтэй агаар нэг.ккк

    Хариулах
  • 59.153.114.122
    5 минутын өмнө

    Сонгогдсон хойноо "гууль нь" цухуйдаг үл бүтэх гишүүдийг эгүүлэн татах нь уул нь зөв санаа!! Гэвч шинэ Үндсэн хуулиар манай УИХ-ын гишүүд бол аль нэг тойргийн "дивтат" биш, нийт МУ-ын бүх иргэдийг төлөөлдөг нийтлэг мандатай учраас эгүүлэн татах ойлголт байдаггүй!!! Үндсэн хуулинд эгүүлэн татах тухай заалт байхгүй!!!

    Хариулах