Х.Намуун: Шантармаар үе олон байдаг ч ээж минь үргэлж чи чадна гэж зоригжуулдаг

Х.Есү
4 цаг 25 минутын өмнө

Бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Х.Намууныг урьж оролцууллаа.

-Та өөрийгөө танилцуулаач

-Намайг Х.Намуун гэдэг. Мөрөөдлийн театрт  ажилладаг залуу жүжигчин байна. Би 2017 оноос хойш есөн жилийн хугацаанд мөрөөдлийн театрт ажилласан байна. Багаасаа л кино урлагт дуртай байсан болохоор тэр маань мэргэжлээ сонгоход  их нөлөөлсөн байх гэж боддог юм.

Ичимхий, даруухан мөртлөө урлагт их дуртай хүүхэд байсан.

-Таны анхны гол дүр ямар дүр байсан бэ?

-2019 онд тавигдсан Галзуу хот жүжгийнг Энхмаагийн дүр. Дөнгөж сургуулиа төгсчихөөд гол дүрд тоглоно гэхээр би яана аа гэж их бодож байсан.  Тэр үеэ бодоход өөрийгөө маш их хичээж байсныг санадаг. Надад үгээр хэлшгүй сайхан байсан.

СУИС-д суралцаж байхад миний амьдралд олон зүйл тохиолдож байсан. Шантраад сургуулиасаа гардаг юм уу гэж хүртэл бодож байсан. Гэхдээ тэр үед ээж маань намайг энэ мэргэжлийг сонгоход маш их тусалсан. Миний охин чадна аа, битгий шантраарай, амьдралд хэцүү зүйл тохиолддог, энэ бүхнийг даваад гарна гэж үргэлж хэлж байдаг.

-Та ер нь ээжтэйгээ хэр дотно вэ? Жүжигчин болоод мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан мөчөөсөө хуваалцаач?

-Жүжиг дуусаад тайзан дээр зогсож байхад жүжигчин Х.Намуун гээд зарлуулахад миний ээж үзэгчийн суудлаас намайг хараад уйлж байсныг харахад л надад их бахархалтай санагдсан. Хүний амьдрал байнга дардан байхгүй. Тэр үедээ би зорилгоо л боддог. Би яах гэж энэ мэргэжлийг сонголоо, зорилго маань юу билээ гэж их боддог.

Бас ээжтэйгээ маш их ярилцдаг. Ээжээсээ нуудаг зүйл надад ер байхгүй. Өдөрт болсон бүх зүйлээ ээждээ ярьдаг. Ээжтэйгээ илүү ойр байх нь их амар санагддаг.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Би их муу охин. Баярын өдрөөр дандаа л ажилтай байж таардаг. Бид хоёр тэмдэглэлт өдрүүдэд ач холбогдол их өгдөггүй ч гэсэн бие биенийгээ бяцхан баярлуулчихдаг. Бид хоёр өдөр болгон бие биенээ хайрлаж, жижигхэн ч болтугай баярлуулчихдаг учраас тэмдэглэлт өдрийг чухалчилдаггүй байх гэж боддог.

-Ээждээ хайртай шүү гэдэг үгийг хэр их хэлдэг вэ?

-Би өдөрт гурван удаа ээждээ хайртай шүү гэж хэлдэг. Би 2016 онд аавыгаа алдсан. Тэр өдрөөс хойш ээж бид хоёр маш хэцүү цаг хугацааг туулж ирсэн. Аавыгаа алдахаас өмнө хайртай гэдгээ өдөр бүр хэлж чадаагүй болохоор үлдсэн нэгэнд нь өдөр бүр хэлье гэж боддог.

Ээж бид хоёр хоорондоо ярихдаа маш их эрхэлж ярьдаг. Би чинь гэртээ очоод л айлын нялх охин болчихдог" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна