​ “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хохирогчид: Асуудлаа шийдүүлэхийн тулд Ерөнхийлөгчид хандана, болохгүй бол өлсгөлөн зарлана

Х.Батсайхан
2 цаг 3 минутын өмнө

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшигч иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд компанийнх 70 хувийг эзэмшигч “Бльюмон металз” ХХК-ийн хувьцаа  эзэмшигч Э.Батбаярыг компанийн хөрөнгөнөөс их хэмжээгээр завшиж, төрсөн ах Э.Бат-Амгалангийнхаа улс төрийн ажилд зориулсан хэмээн хардаж байгаа бөгөөд энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн байдаг.

Тухайн үед “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний төрсөн ах, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, мөн түүний найз Б.Дэлгэржаргал нарт холбогдуулан гомдол гаргаж АТГ-т хандаж байна. 

Орхон аймгийн иргэд 2010 онд энэ компанийг үүсгэн байгуулсан. Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр бид бүгдийн итгэлийг олох замаар зөвхөн НӨАТ хэлбэрээр 30 тэрбум төгрөгийг Э.Батбаярын хувийн компанид алдаад байна.

 Э.Батбаяр гадаад руу экспорт хийхэд “Зэс-Эрдэнийн хувь” ХХК  ямар нэгэн НӨАТ төлөхгүй гэж хэлээд өөрийн компаниараа худалдааг дамжуулсан. 2020 оноос хойш нийт 30 гаруй тэрбум төгрөгийг идэж, шамшигдуулсан. Шамшигдуулсан мөнгөөрөө сайд ахынхаа сонгуульд оролцсон байх магадлалтай. Энэ асуудлыг мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулна" гэж ярьсан байдаг.

Тэгвэл энэ удаад хувьцаа эзэмшигчид Э.Батбаярын үйлдлээс болоод компани хүнд бадалд орж, дампуурах ч эрсдэлд орсон тул асуудлаа шийдүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана, болохгүй бол өлсгөлөн зарлана гэсэн байр суурийг илэрхийлэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна