ТАНИЛЦ: Монгол Улсад янжуур тамхи, электрон тамхи импортлогчдын лобби хүчтэй явагдаж буй илрэлүүд

Х.Есү
2 цаг 2 минутын өмнө

Тамхины салбар бол дэлхийн хамгийн зохион байгуулалттай, урт хугацааны стратеги бүхий лобби хийдэг салбаруудын нэг. Энэ салбарынхан зах зээлээ хадгалах, зохицуулалтыг сулруулах, хэрэглэгчийн суурийг алдахгүй байхын төлөө бүхнийг хийдэг. 

Тухайлбал, тамхи өвчлөлд нөлөөлж байгааг нотолсон шинжлэх ухааны баримтад эргэлзээ төрөх хэмжээнд олон нийтийн санаа бодлыг өөрчилж чадах стратеги боловсруулж, улс төрийн хэлэлцүүлэгт нөлөөлж, зохицуулалтыг сулруулахын тулд иргэний хөдөлгөөн мэт харагдах байгууллагуудыг санхүүжүүлдэг нь дэлхийд ил болсон танигдсан арга нь.

Тамхиныхан тамхины хяналттай холбоотой аливаа хуулийг нэгдүгээрт шууд юу юугүй эсэргүүцдэггүй, хоёрдугаарт судалгаа, эдийн засгийн нөлөөллийг ашигладаг, гурвадугаарт бүтээгдэхүүний ангилал өөрчлүүлэх гэж оролддог. Үүний нэг жишээ нь электрон тамхи хор багатай, тамхинаас гарахад тусладаг бүтээгдэхүүн учраас утаат янжуур тамхинаас ялгаатай зэргээр олон нийтийг төөрөгдүүлдэг. Дөрөвдүгээрт, хууль сулруулах, хойшлуулах, тавдугаарт нийгмийн маргаан үүсгэж, талцуулах загваруудыг ашигладаг байна.

Тамхины лобби илэрч буй эсэхийг дараах шинжүүдээр нь ялгаж болно. Хэрэв доорхоос 4-өөс дээш шинж илэрвэл идэвхтэй лобби явагдаж байх магадлал өндөр юм.

 

 

 

1

Тамхины тухай ямар нэгэн судалгааг тамхины салбар өөрөө санхүүжүүлсэн байх

2

Тамхины бодлогыг чангатгах нь хар зах буюу далд, хууль бус худалдаа ихэснэ гэсэн санал дэвшүүлж гаргаж ирэх

3

Татвар нэмэхийг эсэргүүцэх

4

Вэйпийг тамхи биш гэж ангилах оролдлого хийх

5

Амт, үнэр хориглохыг эсэргүүцэх

6

Хуулийн заалт сулруулах саналууд, Жишээ нь, сургууль орчимд тамхи зарахыг зөвшөөрөхийг ятгах гэх мэт...

7

Хууль, бодлого хойшлуулах оролдлогууд хийх

8

Аль төрлийн тамхийг хор багатай гэсэн мессеж түлхүү явуулах

9

Жижиг бизнесүүдийн нэр барих, жижиглэн борлуулалт гэх мэт...

10

Ажлын байр буурах г.м эдийн засгийн айдас ашиглах

11

Хэрэглэгчийг талцуулах (янжуур vs вэйп)

12

Бодлогыг бүтээгдэхүүний маргаан руу шилжүүлэх

Дээрх үйл ажиллагаа ихэвчлэн шууд бус нөлөөллийн сүлжээгээр явагддаг байна.

Эдгээрээс аргуудыг нь дурдвал:

1. Бодлогод нөлөөлөх

  • Шинэ бүтээгдэхүүн бол тамхи биш гэсэн ангилал гаргуулах гэсэн оролдлого хийх

2. Шинжлэх ухаан ба судалгааг ашиглах

  • Тамхиныхан эрсдэлийг харьцуулсан судалгаа санхүүжүүлэх
  •  Хор багатай гэсэн агуулгууд бүтээж, түгээх
  • Эрдэмтэн, эмч нарыг ашиглах

3. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх

  • Хэрэглэгчдийг “янжуур vs вэйп” гэж хуваах
  • Залуусын хэрэглээ биш, “насанд хүрэгчдийн шилжилт” гэж тайлбарладаг байна.

Дээрх хүснэгт болон гурван аргуудыг харвал, Монгол Улсад бүх төрлийн тамхи импортлогчдын лобби маш хүчтэй явагдаж байгаа нь харагдаж байна.

Аль ч төрлийн тамхин бүтээгдэхүүн ямар ч насны хүнд хортой, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь нэгэнт нотлогдсон. Харин тамхины салбарынхан нийгэмд үргэлж эргэлзээ төрүүлэх замаар борлуулалтаа явуулж, зах зээлээ хадгалсаар иржээ. Үүний нотолгоо нь АНУ-ын тамхины томоохон компанийн “Бидний гол бүтээгдэхүүн бол эргэлзээ” хэмээн дотоод баримт бичигтээ бичсэн нь Сан Франциско дахь Калифорнийн их сургуульд хадгалагддаг ажээ.

Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тамхины хэрэглээнээс үүдэлтэй жил бүр 4,300 орчим хүн нас барж байна. Эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна.

Нөгөөтэйгүүр насанд хүрэгчдийн тамхидалтаас гадна 13-17 насны суралцагчдын 24.8% буюу 4 суралцагч тутмын 1 нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж, 5 суралцагч тутмын 1 нь янжуур тамхи татаж байгаа нь тамхины хэрэглээ огцом нэмэгдэж буйн илрэл бөгөөд тамхи импортлогчдын амжилттай маркетингийн нөлөөнд орж буйг харуулж байна. Жилд 4,300 хүн нас барж байгаа нь л Монгол Улсад өнөөдөр бүх төрлийн тамхины хяналт, зохицуулалтыг эргэн харах илрэл юм.

Вейп, электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүдийн хувьд дараа дараагийн хорт зуршилд буюу янжуур тамхи бусад төрлийн хорт зуршилд донтох эрсдэл 3-5 дахин нэмэгддэг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад импакт өндөртэй судалгаануудаар нотлогдсон нь тамхи үйлдвэрлэгчид ирээдүйн хэрэглэгчийн зах зээлээ бэлдэж буйн тод илрэл юм.

Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон тамхи үйлдвэрлэгчдийн ихэнх нь янжуур тамхи, электрон тамхи, вейпийг цугт нь үйлдвэрлэж, борлуулж байгаа нь үүний нэг нотолгоо юм.

Эх сурвалжууд:

https://www.who.int/europe/teams/tobacco/who-framework-convention-on-tobacco-control-(who-fctc)

https://www.healthandenvironme...

https://www.industrydocuments....

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна