"Зэс эрдэнийн хувь" компанийн хохирогчид: Э.Бат-Амгалан сайд уулзтал ӨЛСГӨЛӨН зарлана

Т.Отгонсувд
1 цаг 37 минутын өмнө

"Зэс эрдэнийн хувь" ХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигч өнөөдрөөс эхлэн нойтон өлсгөлөн зарлахаар шийдвэрлэж, нэрсээ өгөөд байна. 

Тэд Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалантай биечлэн уулзаж, шаардлагынхаа хариуг авахаар хоёр дахь өдрөө яамны гадна хүлээсэн боловч сайд гарч ирж уулзаагүй байна. Дэд сайдын зүгээс уулзалт товлох амлалт өгсөн ч одоогоор тодорхой шийдвэр гараагүй тул иргэд ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр болжээ.

Хувьцаа эзэмшигчдийн төлөөллийн мэдээлснээр, тус компанид 2010 оноос хойш 24,552 иргэн хувьцаа эзэмшиж байгаа аж. Гэвч сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын хамаарал бүхий "Бат Девелопмент Партнерс" компаниар дамжуулан зэс борлуулж, зардлын нэрээр нийт борлуулалтын дөрөвний нэгийг буюу 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэж тэд үзэж байна. Үүнээс зөвхөн НӨАТ-ын нэрээр гаргасан 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд буцаан төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгохыг шаардаж байгаа юм.

Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгааг иргэд хэллээ. Шүүх, цагдаагийн байгууллага, тэр дундаа Орхон аймгийн хуулийн байгууллагууд сайдын дүүгийн талд ашигтай шийдвэр гаргаж, компанийн зүгээс гаргасан гомдлыг хэлэлцэхгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг тэд онцлов. Үйлдвэр зогссоноор технологийн алдагдал хүлээхээс гадна 100 гаруй ажилчдын цалин хөлсний асуудал хөндөгдөж байгаа аж.

Өлсгөлөн зарлахаар нэрсээ өгсөн 40 гаруй иргэний дийлэнх нь өндөр настан байгаа бөгөөд тэдний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирвал салбарын сайд болон түүний дүү хариуцлага хүлээх ёстойг Түр хорооны дарга анхаарууллаа. Тэд АТГ-т хандсан боловч улс төрийн нөлөөллөөс үүдэн ямар нэгэн хариу ирэхгүй байгаа тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт албан ёсоор хандаж, энэхүү "башир арга"-ыг таслан зогсоохыг хүсэж байна.

Хувьцаа эзэмшигчид "Хэрэв сайд энэ асуудалд хамааралгүй бол гарч ирээд тайлбараа өгч, хууль бус үйлдлийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх ёстой. Биднийг нууцалсан дугаараас дарамтлах, мөрдөж мөшгөх үйлдлээ зогсоохыг шаардаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэдний зүгээс 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд байршуулах хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна